Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Huawei Google-ийн шинэ гар утсыг үйлдвэрлэхээс татгалзжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Google компани гар утасны Nexus брэндээ зогсоож, хамгийн сүүлд Nexus 6P загвараараа энэ бүтээгдэхүүнд цэг тавьсан. Үүнийг нь Хятадын Huawei компани Google-ийн захиалгаар үйлдвэрлэж байв.

Харин саяхнаас шинээр гаргах болсон Pixel гар утсыг Google мөн хуучны түнш Huawei компаниар үйлдвэрлүүлэх хүсэлт тавьжээ.

Гэвч энэ удаа Huawei уг саналаас татгалзсан байна.

Учир нь Pixel гар утсыг Google анхны цэвэр өөрийн брэндийн гар утас гэж үзэж, жинхэнэ үйлдвэрлэгчийнх нь брэндийг байрлуулахгүй бодлого барьж байгаа. Өмнөх Nexus дээр Huawei брэнд дурдагддаг байсан бол Pixel дээр Google-ээс өөр брэнд байхгүй байх ажээ.

Татгалзах болсон шалтгаан энэ юм.

Мөн Nexus брэндийн гар утсыг өөр этгээд зарахыг зөвшөөрдөг байсан бол Pixel-ийг зөвхөн Google зарах ажээ.

Харин Huawei дэлхийд ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр Самсунг, Apple-ийн дараа гуравт ордог том тоглогч болсон нь ийнхүү нэрээ гаргалгүйгээр бусдын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажлаас зугтахад хүргэсэн бололтой.

Google Huawei-тэй учраа олоогүй тул Тайваний HTC компанитай ярилцаж тохиролцсон байна.

Сүүлийн жилүүдэд санхүүгийн хувьд тааруу үзүүлэлттэй байгаа HTC компани Google-ийн захиалгыг дуртай хүлээж авсан гэнэ. Google-ийн Pixel, Pixel XL загваруудыг үйлдвэрлэж өгснийхөө төлөө HTC брэндээ зөвхөн баттерейн дээр нь байрлуулах юм.

 

Эх сурвалж: Forbes