Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Та бүхэнд өмнө нь хүргэсэн тул асуудлыг тоймлон танилцуулья.
Эрүүл мэндийн салбарт нийт 3244 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв 13, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв 12, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сум дундын эмнэлэг 39, сумын эрүүл мэндийн төв 272, өрхийн эрүүл мэндийн төв 218, хувийн хэвшлийн хэвтүүлэн эмчлүүлэх ортой эмнэлэг 224, амбулаториор тусламж үзүүлэх хувийн хэвшлийн 1,006 эмнэлэг тус тус ажиллан Монгол Улсын нийт хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
2015 оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад нийт 47,429 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.
2015 оны эрүүл мэндийн статистик мэдээгээр 10,000 хүн амд халдварт бус өвчлөлийн 7,649.5 тохиолдол ногдож зүрх, судас, амьсгалын замын өвчнүүд зонхилж байна. Мөн 29 төрлийн халдварт өвчний 59,400 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 25,884 тохиолдлоор нэмэгджээ.
2016 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөд 52.3 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.9 промилээр өссөн байна. Нялхсын эндэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,000 амьд төрөлтөд 2.8 промилээр өссөн байна.
Улаанбаатар хот 500.000 хүн амтай байх үед төлөвлөгдсөн эмнэлгийн барилга байгууламж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүчин чадлаар нийслэлийн 1.5 сая хүнд үйлчилж байгаа тул эмнэлгийн ачаалал 3 дахин нэмэгдээд байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай эмнэлгүүд ашиглалтад орсныг эс тооцвол шинэ эмнэлэг баригдаагүйн зэрэгцээ дүүргийн эмнэлгүүдийн барилгын 80 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдийн эмнэлэг сүүлийн 40 жилд шинээр баригдаагүй байхад жил бүр улсын хэмжээнд 80,000 гаруй хүүхэд шинээр мэндэлж, амаржих газруудын ачаалал ихэссэнийг зөвхөн амаржих газруудыг өргөтгөх, орны тоог нэмэгдүүлэх байдлаар асуудлыг шийдвэрлэж ирсэн нь учир дутагдалтай байна.
Хэдийгээр улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй, төсвийн зардлыг бууруулах шаардлагатай байгаа хэдий ч хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахад шаардагдах төсвийг ирэх онд бууруулахгүй байх, зарим нэн шаардлагатай зардлыг нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газар баримталж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг ирэх 2017 оны төсвийн төсөлд Эрүүл мэндийн сайдын багцын урсгал зардлыг 574,371.7 сая төгрөгөөр төсөвлөлөө. Энэ нь 2016 оны төсвийн тодотголын түвшнээс 25,130.8 сая төгрөгөөр өссөн дүн байна.
Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээ, түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, протезийн зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор тооцож 1,808.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх бодлого баримтлана.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл мэндийг дэмжих сан”-г байгуулах зорилтын хүрээнд хүн амын өвчлөл, эндэгдлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор архи, согтууруулах ундаа болон тамхины онцгой албан татвар, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын зохих хэсэгтэй тэнцэх хөрөнгийг тус санд хуваарилах, сангийн хөрөнгийг хүн амыг халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд идэвх, санаачилгатай оролцсон иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагыг дэмждэг, урамшуулдаг байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, тус санд 2017 онд нийт 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгасан.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчлөл эндэгдлийг бууруулах үйл ажиллагаанд дараахь тулгамдсан асуудлууд байна:
Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн зорилтуудыг бүрэн хангасан дэлхийн есөн орны тоонд багтсан.
Өнөөгийн байдлаар эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувийг эзэлж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тооцоолон гаргаснаар тухайн улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь байхад тусламж үйлчилгээний чанар хүртээмжтэй байдал хангагдана гэж үздэг.
Иймээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д дэвшүүлсэн эрүүл мэндийн зорилтуудад хүрэх боломжтой гэж үзэж байна.