Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд С вирүсийн эмийг 80 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр авна

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын элэгний С вирүсийн архаг халдвартай ажилчдыг эмчлэх аяны нээлт Улсын Клиникийн төв эмнэлэгт өнөөдөр боллоо.

Өвчин эмгэг тусах өндөр эрсдэлтэй нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаад элэгний С вирүсээр өвчилж, улмаар архаг халдвартай болсон эрүүл мэндийн салбарын ажилтнууд уг аяны хүрээнд С вирүсийг бүрэн устгах үйлчилгээтэй эмийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой ажээ.

Элэгний С вирүсийг устгах үйлчилгээтэй эмийн нэг сарын хэрэглээ нь 150 ам.доллар буюу 300,000 гаруй төгрөг байгаа бөгөөд гурван сарын эмчилгээ хийлгэж байж С вирүс бүрэн устдаг. Тэгэхээр эмнэлгийн ажилтнууд 200,000 гаруй төгрөгөөр С вирүсийг бүрэн устгах эмчилгээнд хамрагдах боломжтой болж байна.

Аянг ЭМЯ, Улсын Клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, ОНОМ сан, Монос групп хамтран хэрэгжүүлэх аж.

 

“Оном” сангийн Удирдах зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар "Эрүүл мэндийн салбартаа тэргүүлэгч Нэгдүгээр эмнэлгийн хамт олон байнга шинэ санаа гаргаж байдаг. Энэ удаа эмнэлгийн ажилтнуудаа эрүүл болгох санал гаргасныг бид дэмжиж, эрүүл мэндийн салбарын элэгний С вирүсийн архаг халдвартай ажилчдыг эмчлэх аяныг эхлүүлж байна.

Эхний ээлжинд элэгний С вирүсийн архаг халдвартай Нэгдүгээр эмнэлгийн ажилтнууд С вирүсийг устгах эмийг 80 хувийн хөнгөлөлтэй үнээр худалдан авч, эмчилгээ хийлгэх юм. Цаашид нийт эмнэлгийн ажилтнуудыг хамруулахаар төлөвлөж байна" гэлээ.

Аяны нээлтийн арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ОНОМ сангийн ТУЗ-н дарга Д.Наранбаатар, Монос группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нар Улсын Клиникийн төв эмнэлгийн дарга Б.Бямбадоржид тус эмнэлгийн С вирүсийн халдвартай 79 ажилтанд С вирүсийн эмийн эмчилгээг 80 хувийн хөнгөлөлттэй олгох батламж гардуулсан юм.

 

"Манай эмнэлэг 700 гаруй ажилчинтай. Нийт ажилчдын 10 орчим хувь нь С вирүсийн халдвартай байна. Элэгний С вирүсийг тоолох болон бусад шинжилгээг манай эмнэлэг өөрсдөө хийдэг. Мэргэшсэн эмч нар маань эмчилгээний явцад хяналт тавиад явна" хэмээн Улсын Клиникийн төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж хэлж байлаа.

80 хувийн хөнгөлөлттэй эмийн эмчилгээний аяныг ОНОМ сангийн дэргэдэх “ЭРҮҮЛ ЭЛЭГ” сан хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд монгол орон даяар үргэлжлэн явагдах уг аянд нэгдэх дараагийн хамт олон нь Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн эмч, ажилтнууд юм байна.