Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

А.Бурмаа: Томуугийн гурван цэнт вакцин ирэх долоо хоногт ирнэ

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 2
iKon.MN
 

ХӨСҮТ АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд манай улсад 45,000 хүн тун томуугийн вакцин хандивлахаар болжээ. 

Уг вакцин хэзээ Монголд орж ирэх, иргэд хэрхэн томуугийн вакцинд хамрагдахыг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаагаас тодрууллаа.

- Хандиваар ирж байгаа томуугийн вакцин хэзээ ирэх вэ?

- Томуугийн вакцины нэг хүн тун нь есөн ам.доллар буюу нийт 400,000 гаруй ам.долларын вакцин үнэ төлбөргүй ирэхээр болоод байна. Уг вакциныг ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн БНХАУ-ын цорын ганц үйлдвэр болох Хуа Лань үйлдвэрээс манай улсад нийлүүлнэ. 

Томуугийн вакцин арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтаад ирэх байх.

Томуугийн вакцин арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтаад ирэх байх. Вакциныг 9-өөс дээш насныханд хийх заалттай бөгөөд ДЭМБ-аас зөвлөсөн гурван цэнт вакцин юм. Вакцины найрлагад гурван төрлийн вирүсийн омог багтсан гэсэн үг.

- Иргэдийг хэрхэн дархлаажуулалтад хамруулах вэ?

- Манайх ЭМЯ-тайгаа ярьж байгаад зорилтот бүлгийн ес болон түүнээс дээш насны иргэддээ үнэ төлбөргүй хийхээр төлөвлөж байна. 

Эхний ээлжинд эмнэлэг, онцгой байдал, цэрэг, цагдаагийн байгууллагын ажилчдад хийхээр холбогдох байгууллагуудаас захиалга аваад явж байгаа. Ойролцоогоор 20 гаруй мянган хүн тун вакцин тэдгээр байгууллагуудын ажилчдад хийгдэх байх. Үлдсэн 20 орчим мянгаа эрсдэлт бүлгийнхэн болох жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс гээд аль нэг хэсэгт үнэ төлбөргүй хийх ёстой. 

- Засгийн газраас хөрөнгө гаргаж 30 мянга орчим хүн тун вакцин захиалсан гэж байсан. Ямар үнэтэй, хэзээ орж ирэх бол?

- Засгийн газрын захиалгаар орж ирэх вакцин бас энэ сарын хоёр дахь долоо хоногт ороод ирэх байх. Үнийн хувьд тодорхойгүй байгаа ч 15,000 төгрөгөөс хэтрэхгүй байх гэж бодож байна. Ер нь манайд орж ирж байгаа вакцинууд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжиж орж ирдэг болохоор үнийн хувьд бусад оронтой харьцуулахад хямд байдаг. 

- Өнгөрсөн жилүүдэд томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж ирсэн. Жилд дунджаар хэчнээн хүн сайн дураараа томуугийн вакцин хийлгэдэг вэ?

- Сайн дураараа томуугийн вакцин хийлгэх  иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил 10,000 орчим хүн сайн дураараа дархлаажуулалтад хамрагдсан. 

Үлдсэн цөөн тооны вакцинаа БЗД-ийн зарим цэцэрлэгийн хүүхдүүдэд хийсэн. Ингээд ирцийн байдлаар нь бусад цэцэрлэгтэй харьцуулаад харахад ирц өндөртэй, өвчлөл багатай байгаа нь ажиглагдаж байгаа. 

- Одоогийн байдлаар манай улсад томуугийн вирүс илэрсэн үү, 2009 онд томуугийн вирүс маш богино хугацаанд улсын хэмжээнд тархаж байсан байх аа?

- 2009 оны цар тахлын үеэр 5-7 хоногийн хугацаанд томуугийн вирүс улс орон даяар тархаж байсан. Ер нь манай иргэдийн орон нутагт зорчих хөдөлгөөн их, мөн томуугийн вирүс хурдан тархдаг учраас өвчний халдвар хурдан тархдаг.