Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол үлгэр моодноос гарах уу?

Монгол хэл соёлын хүрээлэн
2016 оны 11 сарын 1
Монгол хэл соёлын хүрээлэн
Зураг зураг

Бид бүхэн радиогоор үлгэр сонсож,  “Боролдойн цаг” үзэж, аав ээж, эмээ өвөөгөөсөө сонин содон үлгэр сонссоор нэг ёсондоо үлгэртэй хамт өссөн билээ. Гэтэл өдгөө бидний цөөнгүй хэсэг ардын үлгэрээ муухай, балиар хэмээн нулимах нь холгүй болжээ. 

Ингэж туйлшрах нь маш аюултай гэдгийг юун түрүүн цохон тэмдэглэе. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг дээ. Иймд эхлээд ядаж үлгэр гэж юу болох, юуг өгүүлдэг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Түүний хойно дүгнэлт хийхэд хэзээ ч оройтохгүй. 

Үлгэр нь амнаас ам дамжин хэдэн зууны туршид яригдаж ирсэн учир 1-рт, тухайн нийгэм, цаг үеийнхээ мэдээллийг агуулсан байдаг. 2-рт, улс үндэстнийхээ ахуй соёл, хэлзүйг илэрхийлдэг. 3-рт, хүүхдийн төлөвшил хүмүүжилд нөлөөлдөг. Иймийн учир монгол үлгэр хүүхдэдээ уншуулахгүй, дэмий зүйл гээд хаях нь өв соёлоо хаяж буйтай л ижил зүйл. 

Юуны учир Монгол үлгэр хаягдахад хүрэв?

1. Монгол үлгэр дэмий зүйл гэсэн дүгнэлтэд хүргэгч гол хүчин зүйл нь эцэг эхчүүдийн мэдлэг, мэдээлэл хомсоос болдог. 

Эцэг эхчүүд хүүхэддээ ямар ном авч өгөхөө мэддэггүй. Ингээд эцсийн сонголт нь үлгэр болдог. Гэвч үлгэр болгон хүүхэд бүрт зориулагдаагүй гэдгийг мэдэх хэрэгтэй, үлгэрийн ном болгон хүүхдийнх гэсэн үг биш /судлаачдад зориулсан бүрэн түүвэр бүхий ном байж болох учир түүнээс та өөрөө л сонгон уншиж өгөх боломжтой/ гэдгийг ойлгох учиртай. Түүнчлэн ихэнх эцэг эхчүүд үлгэр /folktale/ болон домог үлгэр /myth/ - ийг хольж хутгадаг. Түүнээсээ болоод арай ч дээ хэмээн бухимддаг. Гэвч энэ 2 ойлголт тэс ондоо зүйл шүү дээ. Эдгээрийг багцлан доор дэлгэрэнгүй тайлбарлая. 

Үлгэр нь сургамжийн шинжтэй, тогтсон эхлэл төгсгөлтэй, ард олны үзэл санааг тусгасан байдаг учир хүүхдэд зориулагдсан гэж хэлж болох юм. Гэсэн ч үлгэр дотроо аав ээжийнхээ эсрэг тэрсэлсэн, амьтан хүний гар хөл тасалж, толгой тархи цувуулсан, ах дүү нараа алсан гэх мэт үнэхээрийн харгис хэрцгий, буруу үлгэр дуурайл болохуйц үлгэрүүд зөндөө бий. Үүнийг хэрхэвч бага насны хүүхдүүдэд уншуулж болохгүй юм. Харин 14, 15 хүрч алив зүйлийг ялгаж салгаж, учирзүйг нь олдог болсон хойно нь уншуулбал уг үлгэрийн хэлэх гээд байгаа, цээрлүүлэх гэсэн санааг түвэггүйхэн ойлгох болно. Тухайлбал, та бидний сайн мэдэх “Алтан мөнгөн аргай”-г бага насны хүүхдэд уншуулахад эцгээ алж буй хүүхэд, эхнэрээ зодож буй нөхөр гээд тун чиг хэцүүхэн дүрслэл бий. Түүнийг буруугаар хүлээж авах талтай. Харин түүнээс дээш насны хүүхдэд уншуулбал, хэдийгээр аав нь боловч ээжийг нь зоддог, хүүгээ хамгаас дорд үзсэн муу эцэг гэдгийг үлгэрээс ялгаж салган ойлгох болно.   Харин домог үлгэр нь /шинжлэх ухаан үүсээгүй байсан учир орчин тойрныхоо зүй тогтлыг тайлах шаардлагаас үүссэн/ сургамжийн гэхээсээ илүү алив зүйлийн үүсэл гарал, бүтсэн түүхийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар уран сэтгэмжээр өгүүлдэг, ихэвчлэн бурхан чөтгөр, хагас хүн хагас шувуу гэх мэт ер бусын дүрүүд гардаг /Грекийн домог үлгэрийн баатар Зевс, Посейдон, Афин болн бусад дүрүүдийг санаж байгаа биз ээ/. Иймд домог үлгэрээс эртний хүмүүсийн сэтгэхүй, гэнэн төсөөлөл илт харагддаг ба ийнхүү тайлбарлахдаа насанд хүрэгчдийн үүднээс тайлбарласан нь цөөнгүй бий. Тухайлбал, эрэгтэй хүний бэлгэ эрхтний үүсэл, хүн суга, цавиндаа үстэй болсны учир, хадам эх, бэрийн харилцаа зэргийг хүртэл тайлбарласан байх агаад зарим нэг амьтны үүслийг өгүүлэхдээ хүсэл тачаал, бэлгийн үйлийн үүднээс авч үзсэн нь бий. Гэсэн хэдий ч танин мэдэхүйн шинж чанартай, сонирхолтой өгүүлэмжтэй, хүүхэд болгон уншиж болохоор домог үлгэрүүд түүнээс олон бий гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь: Эрхий мэргэн, үсэг бичигтэй болсон тухай, азарганы дэлийг авдаггүйн учир, морь хүний унаа болсон нь гэх мэт.  

 

2. Монгол хэл, уран зохиол, нийгмийн чиглэлийн сурах бичгийн агуулгыг тодорхойлж буй эрдэмтэд, ном бүтээл эрхлэн гаргаж буй судлаачид хэнд зориулж буйгаа бодолцдоггүй. Бага насны хүүхдэд зориулсан сурах бичиг, номд дээр дурдсан харгис хэрцгий зүй бус үг хэллэгтэй, бэлгийн амьдралтай холбоотой өгүүлэмж бүхий үлгэр, домог үлгэр /зарим ном хийгсэд ч үлгэр, домог үлгэрийнхээ ялгааг ойлгоогүй байдаг/ - ийг оруулчихсан байдаг. Тиймээс эцэг эхчүүд үүгээр нь бүхэл бүтэн монгол үлгэрийг төсөөлж, шал дэмий зүйл мэтээр хүлээн авахад хүрээд байгаа юм. 

3. Эрдэмтэн, судлаачид нь олон нийтэд хандсан ажлаа хийхгүй байна. Тэд зөвхөн өөр хоорондоо буюу мэргэжлийн хүрээн дотроо эргэлдсээр, амин хувиа хичээсээр л ... Өнөө хэр нь монгол үлгэрийнхээ онцлогийг тодорхойлж чадсангүй. Хүүхдийн хүмүүжилд үлгэр хэрхэн нөлөөлдөг талаарх дорвитой судалгаа ч ер хийсэнгүй. Гагцхүү хэдэн арван жилийн өмнө ярьж байсан “хүүхдийн уран сэтгэмжийг нэмэгдүүлнэ, сайн мууг ялгаж сургана, үлгэрийн баатраас үлгэр дуурайл авна” гэх мэтийн жижүүрийн хэдэн үгээ тоть шиг давтсаар л  байх нь нэн гачлантай. Тэгээд яаж гэхээр таг дуугүй болцгоочихдог нь бүр хэцүү. Энэ бол нөгөө л аргалаад өнгөрүүлэх гэсэн тактик болов уу. Хэдэн арван жил өнгөрчхөөд байхад дээрх мэдээллийг шинэчлэх судалгаа, шинжилгээ ер хийгээгүй юм гэж үү дээ. Ийм байхад эцэг эхчүүд үлгэрийн тухай мэдэгдэхүүнийг хаанаас, хэрхэн олох билээ. 

4. Төр засаг буюу яамны зүгээс бодлого, зохицуулалт ер алга. Угтаа яам нь тэдэн насны хүүхдийн номд тийм тийм үлгэр оруулж болохгүй. Тэдэн насны хүүхдийн номд энэ энэ үлгэрийг заавал оруулах хэрэгтэй гэх мэтээр зохицуулалт хийх хэрэгтэй байна. Эсвэл бүр хүүхдийн ном бүтээлийн агуулгад хяналт тавьдаг, алдаа эндэл гаргавал түүнийгээ хүлээдэг тусгай баг бүрэлдэхүүнтэй болмоор ч юм шиг санагдана. Гэтэл одоо сурах бичиг хийх, ном гаргах гэсэн хэсэг бүлэг хүмүүст мөнгө хуваарилаад л сууж байдаг бололтой. Халагламаар хэрэг шүү. 
Ямар гарц байна вэ? 

Дээр ямар ямар гарц байгаа талаар цухас дурдсан буй. Тиймээс энд хамгийн чухал гэснийг онцолъё. 

 

Манайхан ардын гэсэн тодотголтой болгоныг тэр хэвээр нь үлдээхийг илүүд үздэг. Энэ нь мэдээж сайн хэрэг. Гэвч нөгөө талаар уршигтай. Тодруулбал, ардын үлгэр үнэхээр орчин үеийн хүүхдүүдэд сонирхолгүй /өмнөх болон орчин үеийн нийгмийн ялгааг харгалзан үзэх хэрэгтэй/, зүй бус үг хэллэгтэй байвал үлгэр уншихаас татгалзана.

Тэгэх аваас харин ч бүр мартагдах аюултай. Иймд ардын үлгэрийг хүүхдийн нас, сэтгэхүйд тааруулан өөрчилж найруулаад жинхэнэ хүүхдийн гэсэн хувилбарыг гаргах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд үлгэрийн амтанд орж, улмаар эх хувилбарыг нь унших хүсэл эрмэлзэлтэй болно гэсэн үг юм. Түүнээс ардын үлгэрээ үгүйсгэнэ гэсэн үг огтоос биш билээ. Дэлхийд алдартай Андерсен, Гримм ардын үлгэрийг судлан цуглуулж түүнийгээ хүүхдийн болгон маш чадамгай бичиж чадсан хүмүүс. Тиймдээ ч тэдний үлгэрт хүүхэд бүхэн дуртай байдаг биз ээ.  

Төгсгөлийн өчил

Тэгэхээр нэгэнтээ яам тамгын газар нь ч тэр, эрдэмтэн судлаачид нь ч тэр энэ асуудлыг нэг тийш болгож чадаагүйгээс хойш эцэг эхчүүдийн л асуудал болж үлдлээ. Дээр дурдсанчлан үлгэр болон домог үлгэрээс авах ч зүйл байна, анхаарах ч зүйл байна. Тийм учраас хүүхэддээ үлгэрийн ном авч өгөхдөө эхлээд өөрөө уншиж үз. Түүний дараа авах эсэхээ шийд. Та л хүүхдээ хайрлахгүй бол өөр хэн ч хайрлахгүй тийм л нийгэм шүү дээ. 

Эцэст нь яам нь яам шиг, эрдэмтэн нь эрдэмтэн шиг баймаар байна. Дүр эсгэсэн та нарын үлгэрт итгэсээр хойч үеийнхний минь хүмүүжил, төлөвшил орхигдсоор байна. Хэрэв бүхэл бүтэн боловсролын системын асуудал шийдэж чаддаггүй юм бол ядахнаа үнэнээ хэлээд ардынхаа үлгэрийг хэрхэх талаар иргэний үүднээс хэдэн үг дуугарвал яасан юм бэ? 

Утга зохиол судлаач Б.Батцэцэг