Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Энгийн асуудлуудаас СЭТГЭЦИЙН ӨВЧИН, эмгэг бий болох эрсдэл бий"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Сэтгэл Судлалын Сургалт Судалгааны Хөгжлийн төвөөс хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг ойлгомжтой, цэгцтэй тусгасан “Хүүхэд ба та” номыг хэвлүүлж, эцэг эхчүүдэд өргөн барьжээ.

Бид номын зохиогч, сэтгэл судлаач Л.Төрбурамыг ярилцлагын зочноор урилаа. Ингээд хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хүмүүжлийн явцад гаргадаг алдаа, эцэг эхчүүдийн заавал хийх ёстой зүйлсийн талаарх зөвлөгөөг хүлээн авна уу.


-“Хүүхэд ба Та” ном хэвлэгдэн гарчээ. Номын дэлгүүрүүдийн тавиур дээр дүүрэн байгаа хүүхдийн хүмүүжлийн тухай номноос таны бичсэн ном юугаараа онцлогтой байж чадах вэ?

Манай номын хамгийн гол онцлог нь хүүхдийн хөгжлийг сэтгэл зүйн үүднээс тайлбарлаж өгсөнд байгаа болов уу гэж бодож байна.

Өнөө үед хүүхдийн хүмүүжил, хөгжлийн талаар олон арван номнууд хэвлэгдэн гарч байгаа ч гэсэн мэргэжлийн сэтгэл зүйчдийн гаргасан номнууд төдийлөн хэвлэгдэж хүртээл болоогүй байна.

Тиймээс эцэг эхүүдэд зориулж сэтгэл судлалын үүднээс хүүхдээ танин мэдэж, хөгжүүлэхэд нь зориулж энэхүү номоо бичсэн юм.

-Хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхчүүдийн гаргадаг гол алдаа юу вэ?

-Маш олон алдааг бид дурьдаж болно. Үүнээс хамгийн анхаарч үзмээр алдаа бол хүүхэдтэйгээ том хүн мэт харилцах явдал. Насанд хүрсэн хүний чаддаг зүйлүүдийг эцэг, эхүүд ихэвчлэн хүүхдэдээ тулгах байдал их харагддаг.

Тухайлбал нэгдүгээр ангид ороод үсгээ сайн бичиж чадахгүй байх, тоо бодохдоо алдах зэрэгт нь хүүхдээ шийтгэж, загнах тохиолдох маш их байдаг. Гэтэл эдгээр үйлдлүүд нь сэтгэц, танин мэдэхүйн маш өндөр чадвар шаардагддаг гэдгийг эцэг, эхүүд сайн ойлгодоггүй.

Өөрөөр хэлбэл маш урт удаан хугацаанд хүүхдэд зааж, сургаж, хэвшүүлж байж бий болдог чадварууд юм. Тиймээс дөнгөж суралцаж байхад нь иймэрхүү байдал гаргаснаар хүүхдийг дахин шинэ зүйл сурах сонирхлыг нь үгүй хийж байна гэсэн үг.

-Та номдоо хүүхдийн хүмүүжлийг нас насных нь онцлогоор тусгасан байсан. Жишээ болгож бидэнд хэдэн настай хүүхдэд ямар онцлог байдаг, тэр үед нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж харьцах хэрэгтэй талаар мэдээлэл өгөөч?

-Бид номондоо хүүхдийн нас насны үед гардаг өөрчлөлтүүдийг маш нарийвчлан тусгаж өгөхийг хичээсэн. Учир нь хүүхдийнхээ нас насны үеийн өөрчлөлтүүдийг нарийвчлан мэдэх нь хүүхдээ илүү сайн танин мэдэж, хөгжүүлэхэд тус болдог.

Жишээ нь 1-3 насны хүүхэд бие даан амьдарч, өөрийгөө бусдаас тусдаа гэдгийг ойлгож эхэлдэг.

Энэ насандаа хүүхэд бие даан цааш амьдрах суурь мэдрэмжийг олж авдаг. Тухайлбал өөрөө хоолоо идэх гэж, хувцсаа өмсөх гэж, гэрийн ажилд оролцох гэж оролдно. Энэ байдал нь бусдад төвөгтэй байдал үүсгэж болдог тул эцэг, эхүүд ихэвчлэн хүүхдээ ямар нэгэн зүйл хийхийг нь хорих тал ажиглагддаг.

Гэтэл үнэндээ хориглох биш, аль болох өөрийнх нь хэмжээнд ямар нэгэн зүйл хийж бүтээх боломжийг нь олгох хэрэгтэй. Ингэснээр хүүхэд би хийж чаддаг гэсэн мэдрэмжийг авч үлдэх нь чухал байдаг.

"Хүүхэд би хийж чаддаг гэсэн мэдрэмжийг авч үлдэх нь чухал байдаг"

-Хүүхдийн хөгжлийн чухал үе шатуудад алдаа гарснаар ямар хор хохиролтой вэ?

-Хүүхэд өсвөр насныхаа үеийг дуустал “бие хүн” гэдэг өөрийнхөө дүр төрхийг бүтээдэг. Энэ нь ерөнхийдөө ямар ааш зантай, ямар зан төлөвтэй, ямар хүн байх вэ гэдгээ олно гэсэн үг. Харин хөгжлийнх нь явцад алдаа, дутагдал гарсан тохиолдолд дээрх “бие хүн” нь асуудалтай, зовиуртай үүснэ гэж ойлгож болно.

 Бид зарим хүмүүсийг яагаад ийм ууртай, яагаад ийм гомдомтгой, яагаад ийм худалч байдаг юм бол гэж гайхдаг. Хариулт нь хүүхэд насны хөгжлийн үед ямар нэг алдаа гарсан учраас тийм болсон байдаг. Үүнээс болж тухайн хүүхэд бусадтай харилцаж, нийгмийн амьдралд дасан зохицоход хүндрэлтэй асуудлууд бий болж болно.

-Хүүхдээ өсгөхдөө зайлшгүй хэрэгжүүлбэл зохих маш энгийн дадал зуршлуудын тухай та номдоо оруулсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бид хүүхэдтэйгээ харилцахдаа өдөр тутмын амьдралдаа өөрсдөө ч мэдэхгүйгээр олон алдаа гаргаж байдаг. Тэдгээр үйлдлүүдээ бага зэрэг засаж, шинэ дадал зуршил бий болгосноор мэдэгдэхүйц өөрчлөлтүүдийг гаргаж болно.

Тухайлбал хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь аваад харихдаа ганцхан замаар явдаг байх хэрэггүй, өөр өөр олон замаар гэртээ харьж болно. Энэ бол насанд хүрсэн хүнд ямар ч ач холбогдолгүй санагдаж болох ч яг үнэндээ хүүхдэд тань маш их зүйлийг өгч байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэ мэтчилэн насанд хүрсэн хүнд огт үр ашиггүй зүйлүүд хүүхдийг хөгжүүлж, тэднийг сайн сайхан болоход түлхэж өгч байдаг. Тиймээс эцэг эхүүд өөрсдийн дадал зуршлаа хүүхдэдээ тохируулан бага зэрэг өөрчлөх нь хүүхдийнхээ хөгжилд бий болгож байгаа маш том хөрөнгө оруулалт гэж ойлгож болно.

-Монголчууд хүүхдийнхээ биеийн эрүүл мэндэд тодорхой хэмжээнд анхаардаг ч сэтгэцийн эрүүл мэндэд нь тийм ч сайн анхаарч чадахгүй байгаатай санал нийлэх үү?

-Энэ байдалтай санал маш их нийлнэ. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь хүүхдийг төрсөн цагаас эхлэн анхаарах ёстой том асуудал байдаг. Ухаан ороогүй юм чинь гэж бодон сэтгэцийн эрүүл мэндийг нь ойшоохгүй хандах байдал их харагддаг. Яг л ханиад хүрсэн бол тэр даруй эдгээх ёстой шиг хүүхдийн сэтгэцэд үүссэн аливаа асуудлуудыг цаг тухайд нь шийдэж байх ёстой.

Ингээгүйгээс болж ирээдүйд сэтгэцийн аливаа өвчин эмгэгт өртөх, хэвийн бус зан төрхтэй болох, нийгэмд дасан зохицоход хүндрэлтэй болох гэх мэт тоолж барамгүй олон асуудлууд үүсэж байна.

"хүүхдийн сэтгэцэд үүссэн аливаа асуудлуудыг цаг тухайд нь шийдэж байх ёстой"

Тийм учраас хүүхдэд тань ямар нэгэн хэвийн бус зүйлс ажиглагдаж эхэлвэл тэр даруй мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нарт хандах хэрэгтэй. Оройтох тусам асуудал хүндэрч эдгэрэх магадлал буурдаг гэдгийг ойлгох нь чухал. Энгийн жижиг асуудлуудаас сэтгэцийн өвчин, эмгэг бий болдог гэдгийг сайтар мэдэж авах нь чухал юм. Тийм ч учраас бид номондоо хүүхдэд илэрдэг хэвийн бус байдлуудын тухай, тэдгээрийг даван туулах арга замуудын тухай эцэг, эхүүдэд ойлгуулах үүднээс оруулж өгсөн.

-Хүүхэд ирээдүйдээ ямар хүн байх нь удамшлаас илүү хамаарах уу, хүмүүжлээс илүү хамаарах уу. Өөрөөр хэлбэл Монголчуудын дунд байдаг “удам угсаа сайтай хүн” гэдэг ойлголт хэр бодитой вэ?

-Эдгээр нь хоёулаа чухал асуудлууд юм. Генийн мэдээллийн санд зарим ур чадварууд илүү хөгжсөн байдлаар удамшиж ирж болдог.

Тухайлбал зураач хүний хүүхдэд зурах чадвар нь илүү өндөр түвшинд удамшиж ирж болно гэсэн үг. Тиймээс авъяастай хүний хүүхэд мөн адил авъяастай төрөх магадлал өндөр байдаг. Гэхдээ хүмүүжлийн явцад энэ чадвараа цааш нь үргэлжлүүлэн хөгжүүлэхгүй бол хичнээн удамшлын өгөгдөл өндөр байсан ч уг чадвараа алдана.

Нөгөө талд хичнээн зурах авъяасгүй хүний хүүхэд энэ чадвараа хүмүүжлийн явцад сайтар хөгжүүлснээр чадварлаг зураач ч болж болно. Тиймээс эдгээр нь аль аль талдаа чухал ойлголтууд юм.

"гар утсаа хүүхдэдээ бариулаад суулгачихдаг нь маш буруу зуршил гэж хэлмээр байна"

 

-Сүүлийн үеийн хүүхдүүд аливаад түргэн хариу үйлдэл үзүүлдэг, анхаарал муутай болоод байгаа талаар нэгэн сэтгэл судлаач ярьсан байсан. Та үүнтэй санал нийлж байгаа юу. Хэрэв тийм бол эцэг эхчүүд хэрхэн анхаарах вэ?

-Иймэрхүү байдлууд их харагддаг нь үнэн. Ялангуяа зурагт, интернет, ухаалаг утасны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой хүүхдүүдэд төрөл бүрийн эмгэг асуудлууд үүсэх эрсдэл нэмэгдсэн. Эцэг эхүүд өөрсдийн амраа бодож гар утсаа хүүхдэдээ бариулаад суулгачихдаг нь маш буруу зуршил гэж хэлмээр байна.

Дээрээс нь хотын дуу чимээ, агаарын бохирдол гээд олон зүйлүүд мөн нөлөөлж байна. Тиймээс хүүхэдтэйгээ хамт ойрхон дуу чимээгүй, цэвэр агаартай газар долоо хоног бүр зугаалах, уудам орон зайд хүүхдээ тоглуулах, гүйлгэх гэх мэт арга хэмжээ авч болно. Таны асуусан асуудлууд бүгд хүүхдэд үүсэж буй стресс, дарамтнаас их шалтгаалдаг.

-Хэрэв хэн нэгний хүүхдийн зан үйлд хэвийн биш шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлбэл хамгийн түрүүнд яах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Хүүхдийн сэтгэл зүйч гээд тусдаа мэргэжилтнүүд байдаг. Мөн түүнчлэн сэтгэцийн эмч нарт хандаж болно. Мэдрэлийн өвчтэй хүн л сэтгэцийн эмчид ханддаг гэсэн буруу ташаа ойлголт манайхны дунд их байдаг. Тийм биш.

Эрүүл хүн ч гэсэн сэтгэцийн эмчид хандаж болно. Ингэлээ гээд өвчтэй болж байгаа хэрэг биш. Эцэг, эхүүд хүүхдээ мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид үзүүлнэ гэхээр муу зүйл их боддог. Хүүхдээ сэтгэл зүйчид үзүүлсэн гэж бусад таньдаг мэддэг хүмүүс нь мэдэх вий, манай хүүхдийг өвчтэй гэж бодох вий, бас дээр нь сэтгэл зүйч хүүхдийнх нь талаар таагүй зүйл хэлэх вий гэх мэтээр их олон зүйлээс айж болгоомжилдог тал харагддаг. Үүнээс болж цаг хугацаа алдаж асуудлаа улам хүндрүүлээд байна. Эргэн тойрны хүмүүс, ах дүү нар, найз нөхдөөсөө “манай хүүхэд ингээд байна, одоо яах вэ?” гэж асууж гарц хайдаг.

Мэдээж мэргэжлийн бус хүмүүс үнэн бодитой арга зам хэлж өгдөггүй, өөрсдийн бодол санаагаараа хариулдаг. Ингэснээр мэргэжлийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, учраа олохгүй дэмий шаналсаар үлддэг байдал түгээмэл байна. Тийм учраас хүүхдэд тань ямар нэгэн хэвийн бус байдал илэрмэгц яаралтай цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй.

-Монголын Сэтгэл Судлалын Сургалт Судалгааны Хөгжлийн төв байгууллагынхаа талаар мэдээлэл өгнө үү?

-Манай байгууллага 2013 онд байгуулагдсан. Сэтгэл судлалын сургалт, судалгаа, зөвлөгөөний чиглэлээр ажилладаг. Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг хүмүүст ойртуулж, энэ талын боловсролыг хүмүүст бий болгох, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдэхэд туслах зорилготой. Байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгэл судлалын шинжлэх ухааныг хүмүүст таниулах, хэрэглээ болгох тал дээр зорьж ажиллаж байна. Бие хүмүүс, эцэг, эх хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Энэ ч утгаараа олон нийтэд зориулж “Хүүхэд ба Та” номыг гаргасан.

Бид сэтгэл зүйн зөвлөгөө, засал явуулахаас гадна байгууллага албан газруудтай хамтран ажиллаж, тэдэнд тулгарч буй асуудлуудыг даван гарахад нь туслах зорилготой хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлдэг. Сэтгэл судлалын чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн ийм байгууллага байна.

-Үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөнд баярлалаа.