Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Одбаяр: Дөрвөн улирлын дугуй манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд тийм ч тохиромжтой биш

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ЦУОШГ-аас аравдугаар сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна гэж мэдээллээ.

Цас ормогц халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн ослын тоо нэмэгддэг. Энэ долоо хоногийн эхээр орсон цасны дараа замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсныг Замын Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх, Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Х.Одбаяраас тодрууллаа.

"Энэ долоо хоногийн эхээр оройн цагаар бага хэмжээний цас орсон. Үүнээс үүдэлтэйгээр замын халтиргаа гулгаа үүсэж, жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгалаа. Яг энэ халтиргаа, гулгаатай өдөр ЗЦГ-ыг Жижүүрийн шуурхай удирлагын хэлтэст зам тээврийн осол, гэмт хэргийн 470 гаруй дуудлага ирсэн. Энгийн өдрүүдэд 280-340 дуудлага бүртгэгддэг. Тэгтэл анхны цаснаар л 140-160-аар дуудлагын тоо нэмэгдлээ. Энэ бол өндөр тоо. Өнөөдөр жолооч нар маань заавал зам тээврийн осолд өртөж цаг зав, эдийн засгаараа хохирсныхоо дараа өвлийн бэлтгэлээ базаах биш урьдчилан сэргийлдэг байгаач ээ гэж уриалмаар байна.

Манайхны хэлж заншсанаар дөрвөн улирлын дугуйг жолооч нар маань сонгох болж. Гэтэл энэ төрлийн дугуй манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд тийм ч тохиромжтой биш. Иргэд наймаачдын хэлснээр дөрвөн улирлын дугуй ямар ч асуудалгүй, арзгар хээтэй л бол энэ сайн дугуй гээд тогтсон ойлголттой болсон байдаг.

Өвөлдөө -10 хэмээс хүйтэрдэггүй Япон, Солонгос орнуудад дөрвөн улирлын дугуйг ашиглахад асуудал гарахгүй. Харин манайх шиг -40 хэм хүртэл хүйтэрдэг тохиолдолд хөлдөж, стандартын шаардлага хангахгүй байна. 

Тиймээс жолооч нар маань дугуйны талаар мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Зарим дугуй зардаг компаниуд улирлын нөхцөл байдалд тохируулан дугуйгаа хэрхэн сонгох талаар зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байгаа шүү дээ. 

Дугуйг стандартын дагуу хадгалж, тэвээрлэсэн бол зохих хэмжээний чийгшилтэй байдаг. Чийгшилтэй дугуйн зам дагуу барьцалдах чадвар сайн байна. Чийгшилгүй болсон дугуй хэчнээн арзгар хээтэй байгаад ч нэмэргүй барьцалдах чадвараа алдсан байдаг. Тиймээс жолооч нар минь дугуйн талаарх мэдлэгээ сайжруулаач ээ, наад зах нь дугуйн дээрх тэмдэглэгээг хараад зориулалтаар нь ялгаж сурах хэрэгтэй байна" гэлээ.

Дугуйн төрөл, түүний онцлог