Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

М.Уранцэцэг хоёр ялахад л алтан медаль хүртэнэ

Монголын мэдээ
2016 оны 10 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхлэх учиртай. Энэ удаагийн Абу Дабигийн “Их дуулга”-д дэлхийн 34 орны эрэгтэй 96, эмэгтэй 61 тамирчин зодоглож байгаа юм. Тэгвэл манай улсаас 48 кг-ын жинд дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг ганцаараа зодоглож байна.

Ерөөс энэ удаагийн тэмцээнд дэлхийн олон орон тамирчдаа оролцуулсангүй. Тэр дундаа Япон, Солонгосоос ганц ч тамирчин оролцсонгүй. Тэгвэл Бразил хамгийн олон буюу эрэгтэй 11, эмэгтэй ес жүдочоо илгээсэн байна. Харин Азербайжан эрэгтэй 12 тамирчнаа явуулсан бол Орос есийг илгээжээ.

Мөн Франц, Казахстан тус бүр зургаан эрэгтэй жүдочоо явуулжээ. Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн барилдаж байгаа Дэлхийн аварга М.Уранцэцэг ердөө л хоёр ялахад аварга болохоор байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ердөө долоон тамирчин л барилдаж байгаа юм. Манай бөх эхний тойрогтоо хийлсэн бөгөөд, хоёрдугаар тойрогт буюу хагас шигшээд Сербийн Милиса Николич болон Бразилын Наталиа Бригада нарын ялсантай нь барилдах юм. Ерөнхийдөө манай бөх финалд нутаг нэгт, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэгтэй тулах магадлал өндөр байна.

Г.Отгонцэцэгийн хувьд Францийн Корчер Сепоратай барилдана. Хэрвээ ялбал хагас шигшээд Испани болон Францийн бөхчүүдийн ялсантай нь тулах юм. Дашрамд дурдахад, энэ удаагийн Абу Дабигийн “Их дуулга”-ын барилдаануудыг Монгол Улсын шүүгч М.Бөхбат дэнслэхээр АНЭУ-ыг зорьсон билээ.

Зураг