Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Тархины харвалт өгсөн иргэдийн ХАМГИЙН ЗАЛУУ нь 19 настай байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Харвалтын эсрэг өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн “Харвалтын эсрэг өдөр”-ийг “Тархины харвалт эмчлэгддэг. Мэдлэг, арга зам, үйл ажиллагаа чухал” гэсэн уриан доор зохион байгуулах талаар Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигддэг байна.

Дэлхий дээр жилд 17 сая хүн харвалтанд өртөж байгаа бөгөөд энэ нь зургаан секунд тутамд нэг хүн харвалтанд өртөж байна гэсэн үг юм. Монгол улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт жилээс жилд нэмэгдэж, 2008 онд ДЭМБ-аас харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг ажээ.

Энэ тухай Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Харвалтын Тасгийн эрхлэгч Ж.Ариунаа “Манай улсын хэмжээнд бүртгэлийн аргаар хийсэн судалгаа бүрэн гараагүй байна.

Гэхдээ бид урьдчилсан байдлаар жилд 4,000 орчим тохиолдол шинээр бий болж байгаа гэж үзэж байна. Хамгийн сүүлийн үеийн буюу 2002 оны судалгаагаар 100,000 хүнд 293 харвалтын тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өндөр үзүүлэлт гэсэн үг.

Харвалтаар өвдсөн иргэдийн 10-15 хувь нь эргээд амьдралын хэвийн түвшинд очиж чаддаг бол гуравны нэг нь тахир дутуу болдог.

Тэгэхээр хэрвээ харвалтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах эсвэл харвалтаас урьдчилан сэргийлэх нь чухал юм.

Харвалт өгсөн иргэдийн хамгийн залуу нь 19 настай. Залуусын дунд ихэвчлэн фитнессээр цаг наргүй хичээллэх, уургийн бэлдмэл хэрэглэх, стресстэх, эмэгтэйчүүдийн хувьд жирэмснээс хамгаалах эм хэрэглэх зэрэг шалтгаанаас болж харвалт өгөх тохиолдол гарч байна” гэлээ.

 

Харвалт өгсөн тохиолдолд яаралтай ойр байгаа эрүүл мэндийн байгууллага болон түргэн тусламжийн төвд хандах ёстой бөгөөд харвалт өгч байгаа хүнд,

  • Нүд бүрэлзэж, юм харахгүй болох
  • Тэнцвэр алдаж, алхаж чадахгүй болох
  • Гар мэдээгүй болж, барьж байсан зүйлээ алдах
  • Хэл ярианд өөрчлөлт орж, хэл орооцолдох зэрэг шинж тэмдэг ажиглагддаг байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд,

  • Архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах
  • Тамхины хэрэглээг багасгах
  • Зөв хооллох
  • Идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэйг зөвлөж байна.

Аравдугаар сарын 29-ний өдөр болох “Харвалтын эсрэг” тэмдэглэлт өдрийн хүрээнд:

  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн мэргэжлийн эмч нар иргэдэд зориулсан харвалтын эсрдэл, урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сургалт зохион байгуулж, үзлэг хийн, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг зохион байгуулах
  • Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг, Эрүүл Мэндийн Төв, Нийслэлийн Түргэн Тусламжийн эмч нарыг сургагч багшийн сургалтанд хамруулах
  • Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн эмч нар зөвөлгөө өгч, мэдээлэл, сурталчилгааны материалыг иргэдэд түгээх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.