Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын 100 хоногоор “бялуурсан”, “эзэнгүй” өдрүүд

Б.Төгөлдөр
2016 оны 10 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан улстөрчид өнгөрөгч долоо хоногоос нэлээд идэвхтэй ажиллалаа гэхэд хилсдэхээргүй байлаа. УИХ-ын дарга захирамж гарган, орон нутгийн сонгуульдаа анхаарал хандуул хэмээн парламентын гишүүдээ чөлөөлж өгсөн нь бүр таатай байсан биз.

Үнэн хэрэгтээ орон нутгийн сонгуульд ийн улстөрчид өөрсдийн биеэр оролцож, үнэн, худал нь мэдэгдэхгүй сайн, муу Пи-Арыг бусдынхаа төлөө хэрэгжүүлэхээр “хүч" үзэх нь чухамдаа өөрсдөд нь л хэрэгтэй байх.

Баг, хорооноос сум, дүүргийн ИТХ-д төлөөлөгчөө илгээхийн тулд дээд газрын томилгоо бус дэргэдэх нөхдийн чадвартай байх эсэх нь л хамгийн ихээр иргэдэд хамааралтай. Тийм байтал өдгөө орон нутгийн сонгуульд ийн улс төрийн намууд ач холбогдол өгч, иргэдийг талцуулж байгаа нь монголчууд бид хэт улс төржиж байна гэхээс өөр дүгнэлтэд хүрэхгүй л болов уу.

Түүнчлэн дөрвөн жил төрийн эрхийг атгаж явсан АН-ынхан хийж бүтээснээ гайхаж, өдгөө төрд эзэгнэсэн МАН-ынхан улсын данс улайж, бүүр хоосорч, өрөнд орсноо гайхаж буй энэ үед бол төр, засаг болон иргэдийн дунд гүүр болж ажиллах учиртай төлөөлөгчөө сонгох эрхийг уг нь олон нийтэд үлдчихвэл дээрсэн.

Орон нутгийн сонгуульд ялалт байгуулчих санаатай улс төрийн намууд өнгөрөгч долоо хоногт Засгийн газар байгуулагдсаны 100 хоногоор нэлээд шоудаж, хийж бүтээсэн хийгээд үгүйсгэж сүйрүүлснээ л баахан гайхаж, хэл амаа билүүдэж өнжив.

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд 104 арга хэмжээний хүрээнд нийт 5.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд улсын төсвөөс 352.2 тэрбум, гадаад эх үүсвэрээс 933.6 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 117.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснөө УИХ-д өргөн барихаар болов.

Мөн “Эрдэнэт”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулах үүрэг өгсөн.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн ассоциацитай хамтран таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон.

Энэхүү төслийн хүрээнд экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгж, үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бөгөөд зээлийн хэмжээ 20 сая ам.доллар, жилийн 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай байх ажээ.

Засгийн газрын зүгээс хийнэ, бүтээнэ гэж байгаа ч сөрөг хүчин буюу АН-ын бүлгийн зүгээс мэдээлж буйгаар хийж бүтээх байтугай хийснийг нь үгүй хийж, бүр цаашлаад Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болж буй тухай ч дуулгасан. Энэ талаар АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж, Г.Аким тэргүүтэй ахмадууд Үндсэн хуулийн Цэцэд хандаж буйгаа ч мөн дуулгасан.

Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хотын мэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад өргөн барьсан. Эдүгээ 1.5 сая иргэн оршин суудаг, аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэдэг хотын өнөөгийн эрх зүйн байдлын тухай хуулийг 22 жилийн өмнө УИХ-аар баталж байсан аж.

Харин одоо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн баталснаар Хот эрх зүйн хувьд бүх асуудлаа бие даан зохицуулах боломж бүрдэх, засаг захиргааны хувьд цоо шинэ статустай болж, Засаг даргаас эхлээд иргэн, аж ахуй нэгж бүгд хариуцлагатай байх тогтолцоо бий болох зэрэг үр дүн дагуулах учиртай гэнэ.

Мэдээж МАН-ынхан төр, засгийн тэргүүн эгнээнд бөөнөөрөө байгаа ч зарим байгууллагын дарга нарыг томилж дуусаагүй байсан. Харин өнгөрсөн хоногуудад Засгийн газрын захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс арав шахам агентлагийн дарга нарыг тодруулах сонгон шалгаруулалтыг хийсэн.

Юутай ч Засгийн газрын 100 хоног тохиосон эдгээр өдрүүдэд Ерөнхий сайдаар ахлуулсан баг Япон улсад албан ёсны айлчлал хийж, өндөрлүүлэн, эх орондоо ирсэн бол УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д зохион байгуулагдаж буй олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад оролцсон.

Зураг