Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжилтнүүд эдгээр 16 програмчлалын хэлийг мэдэж байхад хаа ч гологдохгүй

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Ирээдүйд энэ дэлхийд хоёр төрлийн ажил хийдэг хүн л үлдэнэ. Нэг нь компьютерийг програмчилдаг, нөгөө нь компьютерт програмчлуулдаг.

Тэгвэл энэ чухал мэргэжлийн хүмүүсийн хэрэглэдэг ажлын багаж болох програмчлалын хэлнүүдийн 2016 оны эрэмбэ, чансааг гаргажээ.

TIOBE Index, Redmond Programming Language Rankings байгууллагуудын гаргасан жагсаалтын эхний 16-д багтсан эдгээр хэлнүүдээс мэддэг бол та эрэлттэй мэргэжилтэнд тооцогдох гэнэ.


Java. Анх 1991 онд смарт телевизэд зориулагдан гарсан хэл. Ораклын Java хэл өнөөдөр хамгийн чухал хэлд тооцогдсон хэвээр. Маш олон бизнесийн програмууд, Андроид аппликэшн хөгжүүлэхэд Java-г ашиглаж байна.


C. Түгээмэл хэрэглэгддэг хуучны хэлүүдийн нэг бол C. 1970-аад оны эхээр бий болсон. 1978 онд уг хэлний “The C Programming Language” нэртэй домогт гарын авлага нь анх удаа хэвлэгдэж байв.


Python. 1989 онд бий болсон уг хэлний кодыг уншихад хялбар тул ихэнх мэргэжилтнүүд анхлан суралцагчдад хамгийн тохиромжтой гэж үздэг.


PHP. Вэб програмчлахад хамгийн түгээмэл ашиглагддаг хэл. Зарим судалгаагаар нийт вэбсайтуудын гуравны нэг нь PHP хэл дээр хийгдсэн гэдэг. WordPress, Facebook, Yahoo зэрэг томоохон сайтууд ашигладаг. Гэвч олон мэргэжилтнүүд энэ хэлэнд дургүйгээ бас янз бүрээр илэрхийлдэг юм.


Visual Basic. Майкрософтын Visual Basic хэл нь програмчлах ажлыг график хэлбэрт оруулж хялбарчлахыг оролдсон бүтээл. Хуучны хэл боловч хэрэглэдэг хүмүүс ихтэй.


JavaScript. Вэб програмчлалд өргөн ашиглагддаг хэл. Нэрнээсээ өөрөөр Java-тай ямар нэг холбоогүй. Сүүлийн үеийн олон вэб үүн дээр ажилладаг ч броузерийг удаах, нууцлал алдах зэрэг алдаа их гаргадаг.


R. Энэ бол статистикч зэрэг дата анализ хийдэг хэн бүхний сонголт болдог хэл. Google-ын математикчид уг хэлийг ашиглах дуртай гэдэг.


Go. Анх Google компани өөрийн хайлтын систем шиг том хэмжээний систем хөгжүүлэх зорилгоор гаргаж байсан. Найдвартай байдлаас нь болоод олон мэргэжилтэн Go хэлийг ашигладаг. Хамгийн хурдтайгаар хэрэглээ нь тэлж байгаа хэлнүүдийн нэг юм.


Ruby. Python шиг кодыг нь унших, бичихэд хялбар тул 24 настай уг хэлийг мэргэжилтнүүд өргөн ашигласаар байгаа. Үүнээс гадна Ruby-д зориулсан Rails нэмэлт фрэймворк нь вэб апп хийхэд бүр хялбар болгодог. Уг хэлний уриа нь “Програм зохиогчийн хамгийн сайн найз байх!”.


Groovy. Java-гийн нэг салбар болдог Groovy нь 2007 оноос дэлгэрсэн. Их хэмжээний кодыг түргэн, хялбар бичихэд тохиромжтой. Java-тай сайн холбогдож ажилладаг тул IBM, Google зэрэг том компаниуд түлхүү ашигладаг байна.


Objective-C. Анхны C хэлний нэр нөлөөгөөр төстэй нэртэй хэлнүүд олноор бий болсны нэг нь. iPhone утасны апп хөгжүүлэхэд ашиглагддаг. Apple сүүлд Swift хэлийг гаргасан нь хурдтайгаар Objective-C-г орлох болж байгаа. Гэхдээ илүү түгээмэл хэвээр байна.


Perl. Анх 1980-аад оны үед NASA-гийн инженер бүтээсэн хэл. Текст боловсруулахад гарамгай ажилладаг уг хэлний чадвар, уян хатан байдлыг мэргэжилтнүүд үнэлдэг. Түүнийг “вэб сайтын наалддаг тууз (скоч)” гэж нэрлэж байсан нь вэбсайтуудыг холбоход тохиромжтой байдагтай нь холбоотой.


Pascal. Нэртэй философич Блэйз Паскалийн нэрээр нэрлэгдсэн энэ хэл анхны Apple Macintosh-ийн гол хэрэгсэл байсан. Сүүлдээ Object-Pascal болж хувирсан уг хэл өнөөдөр ч түгээмэл хэвээр байна.


Delphi Object Pascal. Анх 1986 онд Apple компанид бий болохдоо Оракл өгөгдлийн сантай холбогдоход ашиглагддаг байснаас ийм нэртэй болсон. Тэгвэл өнөөдөр ухаалаг утасны апп хөгжүүлэхэд Delphi нь дахин өргөнөөр хэрэглэгдэх болсон юм.


Swift. iPhone апп бүтээхэд хамгийн хялбар, хурдан хэл гэдэг утгаараа хүчтэй тархаж эхэлсэн. IBM корпораци хүртэл түүний фэн болоод байгаа тул цаашдаа эрэлт нь нэмэгдэнэ гэж үздэг.


MATLAB. Математикт зориулагдсан тул их сургуулийн багш, оюутнуудад тооцоо хийх, график боловсруулах зэрэгт чухал хэрэгсэл болдог. Мөн дүрс боловсруулалт, хиймэл оюун зэрэг салбарт ажиллаж байгаа инженер, судлаачдын өргөн хэрэглэдэг багаж болжээ.

 

Эх сурвалж: Techinsider