Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Задардаг ч үгүй, хурдалдаг ч үгүй Ерөнхий сайд

Н.Эрдэнэ
2016 оны 10 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-Товчхондоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат одоохондоо битүү морь хэвээр байна. 100 хоногт задарсан ч үгүй, хурдалсан ч үгүй- 

Монгол Улсын Ерөнхий сайдын тамгыг наадмын өмнөхөн гэнэт гардсан азтай эр Ж.Эрдэнэбатын танхимын 100 хоног айсуй. Орон нутгийн сонгуулийн улс төртэй зэрэгцэн Засгийн 100 хоногийг дүгнэгсэд үгээ хэлж эхэлжээ.

Парламентад үнэмлэхүй олонх болсон Ардын намын Засгийн газрын эхний 100 хоногийн талаар танхимынх нь бус тэргүүнийх нь үйл ажиллагаа, үг хэллэг, харагдах өнцгөөр нь дүгнэж байна. Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хийсэн ажил нь эвтэйхэн хэлбэл улс орныхоо амьдралтай танилцах судалгааны 100 хоног, эс бөгөөс шалгалтын, томилгооны, сөнөсөн улс хүлээн авсан тухай сурталчилгааны 100 хоног байлаа. 

Үндсэндээ төрийн ой санамжийг үгүйсгэж АН-ын шошготой бүхнийг хараар будах, өмнөх Засгийн газраа шившиглэх ажил онцгойлон хийгдэх атлаа зөрүүлээд яг юунд зорьж юу бүтээх гээд байгаа нь тодорхой бус 100 хоногийг монголчууд шинэ Ерөнхий сайдтайгаа хамт тууллаа гэж хэлж болохоор.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын томилгоо Ардын намын том улстөрчдийн хувьд, олон нийтийн хувьд ч гэнэтийн зүйл байсан. Сонгуулийн дараа олон нийт, улс төрийн ажиглагчид зүй ёсоор Ерөнхий сайд болох хүнээр намын дарга М.Энхболдыг юм уу, хэд хэдэн Засгийн газрын танхимд ажиллаад үзчихсэн У.Хүрэлсүх, Ерөнхий сайдын албыг өмнө нь хашиж байсан МАН-ын нөлөө бүхий улстөрч Сү.Батболд, Ерөнхийлөгчийн сонгуулиар нам доторх сунгаанд Б.Бат-Эрдэнэтэй өрсөлдөж байсан, энэ намын дарга асан, одоогийн Их хурлын гишүүн Ө.Энхтүвшин гээд цөөнгүй улстөрчийг харж, онилж байсан.

Тэгвэл хүлээгдэж байснаас тун ч ондоо сонголт, огт санаандгүй битүү морь гэнэт гараад ирсэн нь Ж.Эрдэнэбат байлаа. Тэрбээр их улс төрд гэнэт цойлсон шигээ дуулиан шуугиантай ажилладаг нэгэн лав биш юм. Н.Алтанхуяг шиг элдвийн зүйл ярьж амнаасаа болж асуудалд орооцолддог Ерөнхий сайд лав биш, Ч.Сайханбилэг шиг намынхаа удирдлагатай зөрөлдөж, зөрчилдөж ажилладаг ч хүн биш бололтой.

Одоогоор бол намынхаа даалгаврыг ягштал баримталж өмнөх Засгийнхаа дэвшүүлэн хөөцөлдөж байсан сайн гэх тодотголтой бүх л ажлыг улс төрийн сэдлээр гацаадаг, ухраадаг шинж чанар Ж.Эрдэнэбатын танхимаас нэвт шувт харагдаж байна.

Нөгөө талд нь тэр өөрөө чухам юу хийж улс орноо гийгүүлэх гээд байгааг улиран өнгөрч буй 100 хоногт лав олон нийт олж харсангүй. Тэгвэл тэр үнэн хэрэгтээ хэн юм бэ? Хэлэхэд хэцүү.

Зарим төрлийн татвар нэмэх асуудлаар парламентад санал хүргүүлэн олонхын бүлгээсээ жавтий хүртсэн атлаа татвар нэмэх уг нь зөв юм шүү дээ гэж үе үе дуугараад байгааг нь харахад өөрийн байр суурь, итгэл үнэмшилтэй улстөрч юм уу гэмээр.

Эрдэнэтэд очиж иргэдтэй уулзалт хийхдээ УИХ-ын дэд даргынхаа буланд шахсан шахалтыг ч үл тоон Засгийн газар төрийн нэрээр дээрэм хийж хувийн хэвшлээ дарамтлахгүй гээд шууд хэлчихэж байгаа нь хэрэгтэй цаг үед урсгал сөрж чадахаар улстөрч ч юм уу гэмээр.

Өөр бас нэг шинж ажиглагдаад байгаа нь дуу цөөтэй ч хэлсэн ярьсандаа байж магадгүй буурь суурьтай чанар Ж.Эрдэнэбатаас мэдрэгдэнэ. Наад зах нь сайд болсон толгойтой бүхэн болсон болоогүй мөрөөдлийн үй түмэн төсөл яриад явдаг байсан бол Ж.Эрдэнэбат хэрэгжүүлэх бололцоотой цөөн хэдэн төсөл л хэрэгжүүлнэ гэж байн байн ярьж буй.

Товчхондоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат одоохондоо битүү морь хэвээр байна. 100 хоногт задарсан ч үгүй, хурдалсан ч үгүй. Хүнийхээ хувьд чухамдаа хэн юм, ямархуу зангаргатай улстөрч, төрийн түшээ болохоо, энэ хүнээс тос гарах уу, ус гарах уу гэдгийг айсуй цаг л харуулах бололтой.

Шинэ засаг байгуулагдсанаас хойш л яригдаж эхэлсэн, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу үгүй юу, ойрын үед чих дэлсэж буй Хятадаас авч болох 3-4 тэрбум ам.долларын зээл, цаашлаад ирэх онд хөдөлгөнө гээд хэлчихсэн Тавантолгой, Оюутолгойн мега төслүүд, төмөр замын талаар ямар байр суурь баримталж, яаж ажиллах, гаднын банкийг оруулах эсэх зэрэг эгзэгтэй том том асуудлуудад ямар оролцоотой байхаар нь түүнийг дүгнэх л үлдэж байна.

Зураг