Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг Galaxy Note 7 гар утасны үйлдвэрлэлийг түр зогсоож байгаагаа өнөөдөр зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Шинэчилж гаргасан Galaxy Note 7 ухаалаг гар утас нь шатсан хэд хэдэн тохиолдлын дараа өнөөдөр Самсунг компани уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түр хугацаагаар зогсоож байгаагаа зарлалаа.

Дээрх шийдвэрийг Өмнөд Солонгос, АНУ, Хятадын хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллагуудын хамтарсан шалгалтын дараа гаргасан тухай зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Самсунгийн албаны мэдэгдэлд Galaxy Note 7 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байгаа Вьетнам дахь үйлдвэр түр зогсож байгаа гэжээ.

Самсунг шинэ утсаа наймдугаар сарын 19-нд худалдаанд гаргасан ч удаа дараа илэрсэн галын ослын улмаас есдүгээр сарын эхээр 2.5 сая утсаа эргүүлэн татахаар болсон юм.

Гэвч аюулгүй хувилбар гэгдэх сольсон Galaxy Note 7 нь ч удалгүй шатах болсон талаар АНУ, Тайвань дахь эх сурвалжууд мэдээлж эхэлжээ.

Одоогоор АНУ-д 5, Өмнөд Солонгос болон Тайваньд тус тус нэг удаагийн шатсан тохиолдол илрээд байна.

Үүнээс болоод АНУ-ын AT&T, T-Mobile үүрэн холбооны операторууд шинэ Galaxy Note 7 утсыг худалдахаа бүрэн зогсоогоод байгаа юм.

Өмнөд Солонгост гарсан тохиолдлыг шалгасан шалгалтын үр дүнгээр бол шатсан утас нь “гадны биетээр хүчтэй цохигдсон эсвэл шахагдсан” гэжээ.

Харин бусад орнуудад гарсан тохиолдлуудын шалгалтын дүн хараахан тодорхой болоогүй байна.

Энэ сарын 28-нд Европ, Энэтхэгийн зах зээлд Galaxy Note 7-г зарж эхлэхээр төлөвлөөд байгаа бол үйлдвэрлэлийн зогсолт үүнд нөлөөлөх нь тодорхой болжээ.

 

Эх сурвалж: Korea Herald