Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг “VR платформыг сошиал болгох” санаагаа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 7
IKON.MN
Зураг зураг

VR (Virtual Reality) буюу хиймэл зүйлсийг бодитой мэт болгодог технологийг нийгмийн сүлжээ болгох төлөвлөгөөгөө Фэйсбүүкийн Марк Зукерберг өчигдөр танилцууллаа.

Нэгэн үед зөвхөн тоглоом тоглох хэрэгсэл гэж ойлгогддог байсан технологийг Фэйсбүүк сошиал болгох зорилт тавьжээ.

Өчигдөр Марк өөрийн аваторыг ашиглан хэрхэн хүмүүстэй бодитой мэт орчинд харилцаж болохыг биеэр үзүүлсэн байна. Ингэхдээ тэр Oculus Rift зүүдэг төхөөрөмжийг ашигласан юм.

“Oculus Connect 3” нэртэй арга хэмжээний үеэр Марк бас Oculus Touch сэтгэл хөдлөлийг мэдрэх төхөөрөмж үзүүлсэн нь сонирхолтой байлаа. Өөрөөр хэлбэл таны инээх, гайхах зэрэг нүүрний илэрхийлэл аваторт тань бас нөлөөлөх юм.

Танилцуулгын үеэр Марк найз нартайгаа хийсвэр орчинд чатлаж үзүүлсэн бөгөөд энэ үеэр орчныхоо дүрсийг өөрийн гэр, офис зэргээр сольж үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл VR сошиал сүлжээнд орсон хүн найз нартайгаа хаана байгаагаас үл хамааран, дурын орчиндоо уулзаж, ярилцаж, тоглож болохоор болж байгаа юм.

VR платформыг сошиал орчинд нэвтрүүлэх нь технологийн салбарын дараагийн том чиг хандлага болж байгаа ба үүнийг Фэйсбүүк компани тэргүүлж байгааг энэ үйл явдал харууллаа.

Фэйсбүүк компани 2014 онд VR технологийн стартап Oculus-ийг $1 тэрбумаар худалдан авснаар энэ чиглэлд ажиллаж эхэлсэн юм.

Одоо тэд хүн өөрийн аватор буюу дижитал хувилбарыг бий болгон, түүгээрээ дамжуулж хийсвэр орчинд хүмүүстэй харилцах боломжийг хөгжүүлж байгаа аж.

Марк Зукербергийн үзүүлсэн жишээ танилцуулгыг эндээс үзээрэй.

Эх сурвалж: CNET