Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани түүхэндээ анх удаа хамгийн олон бүтээгдэхүүнийг нэг дор танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Google компани Сан Франциско хотноо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан нь тэдний түүхэнд хамгийн олон төхөөрөмж нэг дор үзүүлсэн явдал болжээ.

Hardware буюу төхөөрөмжийн салбарт төдийлөн гүнзгий оролцоод байдаггүй тус компани ингэснээрээ Apple, Amazon зэрэг компаниудтай өрсөлдөх алхам хийж байна.

Google-ийн танилцуулсан төхөөрөмжүүдийг жагсаавал:

 

Pixel ухаалаг гар утаснууд

 

HTC компанид үйлдвэрлүүлсэн Pixel, Pixel XL ухаалаг утаснуудыг өчигдөр танилцуулжээ.

  • Хувийн туслагч. Google Assistant буюу дуу хоолойгоор хүнтэй харьцдаг хувийн туслагч систем суурилагдсан.
  • Хүчирхэг камер. 12 Мегапикселийн камер болон түүнийг дагалдах олон програмууд нь гэрлийн ямар ч орчинд чанартай зураг буулгаж, 4К видео бичих чадвартай. Дүрсний чанар нь мэргэжлийн камерны түвшинд хүрсэн буюу гар утасны ертөнц дэх хамгийн шилдэг камер гэнэ.
  • Хязгааргүй санах байгууламж. Утаснууд нь Google Photos үйлчилгээтэй нягт холбогдсон тул буулгасан гэрэл зураг бүр бүтэн хэмжээтэйгээр клоуд руу автоматаар хуулагддаг. Ингэснээр хэзээ ч багтаамжийн хомсдол үүсэхгүй.
  • Баттерейн багтаамж. Бүтэн өдрийг даах хэмжээний баттерейтай буюу 15 минут цэнэглэхэд 7 цаг ажиллах эрчим хүчтэй болдог нь уг утасны давуу тал.
  • Өндөр үзүүлэлт. Утаснууд нь хоёул 4GB RAM санах ойтой, 32 GB, 128 GB санах байгууламжтай, хамгийн сүүлийн үеийн Qualcomm 821 Snapdragon процессортой.
  • Том дэлгэц. Pixel нь 5 инчийн 1080p дэлгэцтэй. XL нь 5.5 инчийн дэлгэцтэй нь iPhone 7 Plus-тай ижил хэмжээтэй.
  • VR нийцтэй. Google-ээс анх удаа гаргаж байгаа VR зүүлт болох Daydream-тэй нийцэж ажилладаг анхны утаснууд юм.
  • Гурван өнгөний сонголт. Google компани утаснуудынхаа өнгийг тун сонирхолтой нэрлэсэн нь Quite Black, Very Silver, Rather Blue буюу Хар, Мөнгөлөг, Хөх өнгөнүүд юм.
  • Чихэвчний оролт. iPhone 7-гоос ялгаатай нь 3.5мм чихэвчний стандарт оролтыг хэвээр үлдээжээ.
  • Зөвхөн Verizon. Хэрвээ эдгээр утаснуудыг АНУ-аас худалдаж авахыг хүсвэл зөвхөн Verizon операторын дэлгүүрүүдэд байгаа гэнэ. Гэхдээ unlocked хувилбаруудыг Google онлайн дэлгүүрээрээ зарах гэнэ.
  • Үнэ. Pixel гар утас $649, Pixel XL гар утас $769 үнэтэйгээр өнөөдрөөс Google Store дээр зарагдаж байна.

Daydream View VR

 

Google анх удаагаа VR зүүдэг төхөөрөмж гаргасан нь Daydream View VR. Өрсөлдөгчдийн төхөөрөмжүүдээс 30 хувь хөнгөн. Нүдний шилтэй хүн ч зүүхэд тохиромжтой байхаар бүтээгджээ.

Ирэх 11 дүгээр сард худалдаанд гарах уг төхөөрөмж гурван өнгөний сонголттой, ердөө $79 үнэтэй байх гэнэ.

 

 

 

Google WiFi

 

Хурдтай, үзэмжтэй, олноор нь ажиллуулах (modular) боломжтой WiFi роутерыг Google танилцууллаа. Эдгээрийг гар утасны апп-аар чөлөөтэй удирдаж, тохируулж болдог.

Үнийн хувьд нэг модуль нь $129 бол гурваар нь багцалж ажиллуулахаар авбал $299 болох гэнэ.11 дүгээр сард захиалга авч эхлээд 12 дугаар сард худалдаанд гаргахаар болжээ.

 

Chromecast Ultra

 

Google компани өнөөдрийг хүртэл 30 сая утасгүй стриминг хийдэг Chromecast бүтээгдэхүүн зараад байгаа гэнэ. Тэгвэл энэ төхөөрөмжийн шинэчилсэн загварыг 4K дэмждэг, DolbyVision, HDR боломжуудтай гаргажээ.

Зөвхөн утасгүй сүлжээгээр биш, бас кабел холбох оролттой тул 4K видеог найдвартай дамжуулах гэнэ. 11 дүгээр сард худалдаанд гарахдаа $69 үнэтэй байх бөгөөд одоогийн загвараасаа бараг хоёр дахин үнэтэй гэсэн үг.

Ийм стриминг төхөөрөмжийн зах зээлийн 35 хувь нь Google-ийнх гэсэн 2015 оны тоо байдаг бол 2016 онд тэд шинэ төхөөрөмжөөр зах зээлээ тэлэх боломжтой гэж үзэж байна.

 

Google Home

 

Гэрийн автомат төхөөрөмжүүдийг бүгдийг нэг дороос дуу хоолойгоор удирдах Google Home ухаалаг төхөөрөмжийг тэд бас танилцууллаа.

Халаалтаа ихэсгэх, багасгах, гэрлээ асаах унтраах, телевиз дээрээ ямар видео үзэх, хөгжим дээрээ ямар дуу тоглуулах гээд бүх үйлдлийг зөвхөн энэ төхөөрөмжтэй ярилцан гүйцэтгэх боломжтой.

Amazon-ий Echo төхөөрөмжтэй өрсөлдөхөөр гарч байгаа Google Home нь маш олон өнгө, материалын сонголттой тул гэрийн интерьерт шууд зохицуулж болно. Өнөөдрөөс онлайнаар худалдаанд гарч байгаа уг төхөөрөмжийн үнэ $129. Харин дэлгүүрүүдээр 11 дүгээр сард гарах гэнэ.

 

Эх сурвалж: Quartz