Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс ирэх хавар анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөнө

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 4
IKON.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

ЮНЕСКО болон Япон улсын засгийн газрын ивээл дор “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл хэрэгжиж байгаа юм.

Энэ нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулах учиртай.

“BIRDS” төслийг хэрэгжүүлэхэд манай улс Японы Кюүшүгийн Технологийн Институттай хамтран ажиллаж бөгөөд МУИС-ийн дөрвөн залуу багш, эрдэмтэд Япон улсад докторантурт суралцахын зэрэгцээ сансрын тойрог замд орох бодит хиймэл дагуулыг гардан бүтээж байна.

Төслийн шугамаар 225 мянган ам.долларын санхүүжилт олгогдсон байна. Үүн дээр дахин 100 мянган ам.доллар шаардлагатай байснаас МУИС 50 мянган ам.доллартай тэнцэх төсвийг гаргаж, үлдсэн 150 сая төгрөгийг Засгийн газраас санхүүжүүлэхээр болсон байна. Ингэснээр Монгол Улс ирэх оны хавар буюу 4-5 дугаар сард анхны хиймэл дагуулаа хөөргөх боломжтой болжээ.

Өөрсдийн хиймэл дагуулыг хөөргөснөөр өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм байна.

Түүнчлэн цөлжилт, ойн ургамлын өвчнөөс сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь дамжуулах нь малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болох юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Техникийн үзүүлэлтээс дурдвал:

  • Зургаан сар ажиллах техникийн баталгаатай
  • 400 мегагерцийн давтамжтай долгион мэдээлэл явуулна
  • Хос антентай ба нэг нь мэдээллийг хүлээн авч, нөгөөх нь цацна
  • 400 км-ийн өндөрт дэлхийг тойрон нисэх бөгөөд өдөрт 5-6 удаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч холбоо барих боломжтой
  • Нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлно
  • Соронзон бүртгэгч болон хурдны камерын тусламжтайгаар пассив навигаци хийгдэх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээнэ
  • Сонирхогчийн радио долгионы уртаар дуут дохио, мэдээлэл дамжуулна.

Энэхүү хиймэл дагуулыг арванхоёрдугаар сард бэлэн болгож, сансарт тээвэрлэх талд хүлээлгэж өгөх юм. Мөн манай улс 2019-2020 онд дараагийн хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж, судалгаа хийж байгаа ажээ.