Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн долоо дахь сонгуулийн дүнд байгуулагдсан парламент намрын ээлжит чуулганаа эхлүүллээ

УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж үгэндээ “Чуулганы завсарлагааны үеэр гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллан, бодит байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт хийсэн. Хоосон хэрүүл тэмцлээ зогсоож, ажлаа эхлүүл гэдэг үүрэг даалгаврыг ард түмэн сонгуулиар бидэнд өгсөн. Дөрвөн жил өнгөрсний дараа хийж амжаагүйдээ халаглан суухгүйн тулд хурдтай ажиллах шаардлага УИХ, Засгийн газар аль алинд нь тулгарч байна. 

Томоохон төслүүдийг хөдөлгөх саналуудаа УИХ-д оруулж, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя. 
Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж болдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй байна. 

Олохоороо түрий барьж, асуудлыг шийдэх нь улс оронд ямар хор уршигтайг бид өмнөх УИХ-ын жишээн дээрээс харсан. Монгол Улсаа хөгжүүлэхэд Ардын нам зам, Ардчилсан намын арга гэж тэс өөр байх ёсгүй. Харин зөв арга зам л байх ёстой.   

Энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа төсөв мөнгө, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд дээр УИХ-ын гишүүд оюун бодлоо уралдуулан аливаа улс төржилтөөс ангид байж шийдвэр гаргахыг шаардаж байна. 

Намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Их Хурлын, Орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар хуульчилсныг дахин авч үзэх, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон зохицуулалттай байх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар төлөвлөж байна” гэлээ. 

Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг.  Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул ийнхүү намрын чуулганы нээлтийн ажиллагаанд оролцлоо.