Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Стэнд бай” хөтөлбөрийн хүлээлттэй намрын чуулган

Б.Төгөлдөр
2016 оны 10 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг

Өнөөдөр 2016 оны УИХ-ын намрын чуулганы нээлтийг хийнэ. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гаргасан бөгөөд хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл юм.

Засгийн газраас Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан.

Нэгэнтээ эдийн засаг нь хүндэрчихсэн манай улсын хувьд хэдий төсвөө танаад ч ирэх оноос эхлэн төлөгдөх учиртай зээлүүдээ хэрхэх вэ гэдэг асуудал сөхөгдөж буй. Тэр ч утгаараа сүүлийн хэдэн cap “Стэнд бай” хөтөлбөрийн чимээ гарсаар байгаа.

Гэвч албаныхан “Стэнд бай” хөтөлбөрт яг хамрагдана гэдгээ хэлэхгүй ч үйл ажиллагааныхаа хувьд бэлтгэл хангаж буй нь илэрхий болоод байна.

Өнгөрсөн баасан гарагт л гэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийсэн. Тэрбээр “Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Тавантолгой, Гацууртын орд төслүүдийг хөдөлгөж, Оюутолгойн далд уурхайн ажлыг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэхээр тооцсон” тухайгаа хэлсэн.

Түүнчлэн “ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сарын 15-17-нд манай улсад ажилласан. Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан захидлыг ОУВС-д илгээсэн. Захидлын хариуд ОУВС-гийн техникийн багийг аравдугаар сард ажиллуулахаа илэрхийлсэн.

Техникийн баг ажилласны дараа хэлэлцээр хийж “Стэнд бай” хөтөлбөрт хамрах эсэхийг шийднэ” хэмээж байлаа. Түүнийг ийн мэдээлэл хийх үед Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан АНУ-ыг аль хэдийн зорьсон байв.

Учир нь Монголбанкны ерөнхийлөгч энэ сарын 7-9-ний өдрүүдэд Вашингтон хотод болох Олон улсын валютын сан /ОУВС/, Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад оролцож, ОУВС-ийн гүйцэтгэх захирал Фурусава, гүйцэтгэх захирал Б.Стэрланд, Ази, Номхон далайн газрын дарга Сэссир Ри болон Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Кваква, гүйцэтгэх захирал Хенам Чой нартай уулзахаар төлөвлөсөн гэнэ.

Манай улс өмнө нь 1991, 2009 онуудад “Сэнд бай” хөтөлбөр, 1993, 1997, 2001 онуудад нэн хямдралтай зээлийн хөтөлбөрт хамрагдаж байсан.

Ингэхдээ Монгол Улс "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавьж, тавигдах нөхцөлүүдийн талаар харилцан зөвшилцөх аж.
ОУВС-гаас “Төлбөрийн балансын тэнцлийг хадгалах, өрийн хязгаарыг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин ядуурлыг бууруулах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, инфляцыг бууруулах, зээл хумих, банкны хяналтыг чангатгах, баялгийн санг бий болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх гэх зэрэг олон шаардлага тавьдаг.

Тиймдээ ч энэхүү шаардлагад нийцүүлэхийн тулд сүүлийн үед Засгийн газар төсвөө танах, Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн зэрэг тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлж буй. Угаасаа ийн суурь тавьж буюу боломжит нөхцөлөө хангаж байж “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахгүй бол энэ удаагийн эдийн засгийн хүндрэлийг давах өөр боломж байхгүй гэдгийг эдийн засагчид ч хэлж байгаа.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны судалгаанд ирэх онд манай улсын эдийн засаг өсөх хандлагатай гэж гарсан тухай мэдээлсэн. Тус банкны суурин төлөөлөгч “Монгол Улсын хувьд уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төслүүд улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийг хэдхэн жилийн дотор эерэг болгоно гэж харж байна.

Хамгийн гол нь зөв зохицуулах, макро эдийн засгийг тогтвортой байлгах, эдийн засгийг төрөлжүүлж, бүтээмжийг нь өсгөх нь чухал” гэдгийг ч мөн мэдээлэл хийх явцдаа хэлсэн.

Үүнийг нь Сангийн сайд ч мөн бататган том төслүүдээ хөдөлгөнө хэмээгээд байгаа. Тэгэхээр “Стэнд бай” хөтөлбөрийг авах нь тодорхой болсон бөгөөд үүнийгээ зөв зохистой ашиглаж чадвал эдийн засгийн хүндрэлээс гарах болгоомжтойг өмнөх туршлагуудаас харах боломжтой.

“Стэнд бай" хөтөлбөрийг эдийн засгийн нөхцөл нь хүндэрсэн улсуудад олгодог амь тариа гэж ойлгож бас болно. Тэр ч утгаараа манай улс өмнө нь 1991, 2009 онуудад “Сэнд бай” хөтөлбөр, 1993, 1997, 2001 онуудад нэн хямдралтай зээлийн хөтөлбөрт хамрагдаж байсан.

Дээрх таван удаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа 195.7 сая ам.долларын зээл авч байжээ. Сүүлд буюу 2009 онд хэрэгжсэн “Стэнд бай” хөтөлбөрийн үр дүнд инфляцын түвшин буурч нэг оронтой тоонд хүрч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжин, төсвийн алдагдал буурсан, банкны системийн тогтвортой байдал нэмэгдсэн, Монгол Улсад орох хөрөнгийн урсгал нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн гарч байсан.

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд үүнээс өөр гарцгүй болсон гэдгийг эдийн засагчид хэлж байгаа бөгөөд их хэмжээний зээл, бондын төлбөр, төгрөгийн ханшийн уналт зэргийг зогсоохын тулд гаднын байгууллагуудад хандаж, тэдэнтэй хамтран ажиллах нь зөв сонголт хэмээж байна.

Тиймээс өнөөдөр УИХ-ын намрын чуулганы нээлтийг хийсэн ч төр, засгийнхны хувьд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж чадах эсэх асуудал анхаарлыг нь илүү ихээр татах болов уу. ОУВС-гийн техникийн баг энэ сарын дундуур ирж манай улсад ажиллаад, дараа нь хэрхэхээ мэдэгдэх ажээ.

Зураг