Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ЛЕКЦ: Монгол Улсын Ерөнхийлөгч Гаванагийн Их сургуульд

President.mn
2016 оны 9 сарын 21
President.mn
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Гаванагийн Их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа.

Лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Монгол-Кубын харилцаа

Энд хүрэлцэн ирсэн эрхэм өндөр дээд зочид болон Гаванагийн их сургуулийн удирдлага, нийт профессор, оюутнууд болон хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Манай хоёр орон дэлхийн хоёр бөөрөнд оршдог. 13 цагийн зөрүүтэй. Одоо манай Монголд шөнийн гурван цаг өнгөрч буй. Хэдий тийм боловч бидний зүрх сэтгэл байнга ойрхон байж ирсэн юм.

Кубын хувьсгалын дараа 1960 онд Монгол Улс Латин Америкийн орнуудаас анх удаа Кубатай дипломат харилцаа тогтоосон. 1970 онд Кубын төлөөлөгчдийг ахалж Раул Кастро гуай Монгол Улсад айлчилсан байдаг. Тэр айлчлал нь Куба улс Элчин сайдаа түр томилоогүй байсан үетэй таарсан байдаг юм. Тэр үед Раул Кастро гуайн хэлсэн нэг үгийг монголчууд одоо хүртэл ярьдаг. Кубаас Монгол Улсад ажиллах Элчин сайд олдохгүй байгаа бол би ирж энд Элчин сайдаар ажиллая гэж хэлсэн байдаг. Энэ бол куба хүмүүс, Кубын удирдлага Монголын ард түмэнд хэчнээн ойр хандаж байсныг харуулах нэг жишээ юм. Монгол Улсад Куба, Монголын найрамдлын нийгэмлэг гэж ажилладаг. Кубын үндэсний баатар Хосе Мартигийн нэрэмжит дунд сургууль бий. Кубын Гаванад мөн Говийн өглөө гэдэг Монголын нэрэмжит цэцэрлэг байдаг. Энэ цэцэрлэгийн хүүхдүүд болон багш нар нь надтай ирж уулзсан, би маш их баяртай байгаа.

2015 онд Москва хотод Ялалтын 70 жилийн түүхт ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох үеэрээ би Раул Кастро гуайтай Кремльд анх удаа уулзсан. Би Раул Кастро гуайг Монголд айлчлахыг урьсан, мөн Раул Кастро гуай намайг Кубад айлчлахыг урьсан юм. Ингээд Кубад энэ айлчлалыг хийж байна. Сэтгэл маш өндөр байна.

Өчигдөр Раул Кастро гуайтай албан ёсны уулзалт хийсэн. Хамт оройн зоог барьсан. Бараг дөрвөн цаг, гучин минут тэр уулзалт яриа үргэлжилсэн. Энэ бол хоёр орны хооронд харилцааны талаар ярилцах зүйл ямар их байгааг нотолж байна гэж хэлж болно.

Монгол Улсын тухай

Монгол Улсын тухай би эхлээд Та бүхэнд товчхон ярья гэж бодож байна. Монгол гэхээр куба хүмүүс юу боддог, ойлгодог вэ гэж өмнө нь би асууж байсан. Чингис хаан гэж манай алдартай үндэсний баатар байдгийг Та бүхэн мэдэх байх. Монгол Улс энэ жил анхны төрт улсаа байгуулсны 2225 жилийн ойгоо тэмдэглэсэн. Монгол Улс дэлхий дээр хамгийн том хуурай газрыг эзэлсэн эзэнт гүрэн байгуулж байсан улс. 800 жилийн өмнө дэлхий дахинд шинэ дэг журмыг тогтоож явсан гэж түүхчид үздэг юм. Төрийн, цэргийн, соёлын агуу их өвтэй улс байгаа. Хэрэв энэ түүхийн тухай Та бүхэн сонирхвол гараа өргөөд чөлөөтэй асуугаарай. Би Та бүхний асуултад хариулахыг хичээх болно. Ямар ч асуулт асууж болно.

Би оюутан байхдаа 1980-аад оны үед куба найз нөхөдтэйгөө хамт сурч байсан. Тэр үед бид Кубын тухай маш их сонсдог байсан юм. Vinceremos, Guantanamera гээд дуунуудыг хамтарч их дуулдаг байсан. Манай куба найзууд гуаябера гэдэг цамц бидэнд бэлэглэдэг, чанклета (chancleta) гээд шаахай Кубаас бидэнд авчирч өгдөг байсан. Пипито гэдэг хүний тухай онигоо их ярьдаг байсан. Бид хамтарч Үндэсний баяраа тэмдэглэдэг байсан. Тэгээд төгсгөлд нь Viva Fidel! Viva Cuba! гэдэг байсан юм. Ийм сайхан дурсамжууд надад байдаг юм. Кубын ард түмний тухай, Кубын тухай монголчууд маш сайн мэддэг. Өнөөдөр ч гэсэн Кубад эрүүл мэндийн сургуульд манай Монголын оюутнууд сурч байгаа. Кубад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлье гэж бид ярьсан.

Мөн Кубаас Монголд сурах оюутнуудыг бид хүлээж авахаар ярьж байгаа. Манай хоёр их сургууль хоорондоо санамж бичиг байгуулсанд би маш их баяртай байна.

Монголын их гүрний тухай түүхийг би түрүүнд товчхон хэлсэн. Тэр их гүрэн задрах, доройтох үйл явц хэдэн зуун жил үргэлжилсэн юм. Тэгээд явсаар байгаад XX зууны эхээр монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин сэргээн тогтоосон. Монгол Улс 1920-иод онд ЗХУ-ын дараа дэлхийн хоёр дахь социалист улс болсон. Социализмын замаар Монгол Улс 70 жил хөгжсөн юм. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр Монголд нэлээд томоохон өөрчлөлтүүд болсон. ЗХУ-д Перестройка, Гласность гээд эхэлснийг Та бүхэн мэдэж байгаа. Тэр үйл явц Монголд улам илүү явсан гэдгийг хэлье гэж бодож байна. Юу болсон тухай би чиглэл чиглэлээр, нийгмийн салбараар нь жишээ авч ярья гэж бодож байна. Жишээлбэл, эдийн засгийн салбарт. 1990-ээд оны үед Монголын эдийн засаг маш хүнд байдалд орсон. Та бүхэн мэдэх байх, Монгол бол маш баян, хөдөө аж ахуйн орон. Монголын тухай гурван тоо товчхон хэлье. Гурван сая гаруй хүнтэй, 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, нэг ам км-т хоёр хүн ногддог. Үүгээрээ дэлхийд нэгдүгээр байр эзэлдэг. 60 гаруй сая малтай. 1990-ээд оны эхээр бид хувьчлалыг маш эрчимтэй өрнүүлсэн. Бүх малаа малчдад хувьчилж өгсөн.

Би өөрөө малчин айлд төрж, өссөн, дээрээ долоон ахтай хүн. Би айлын бага хүүхэд байгаа юм. Манай аав, ээж хоёр найман эрэгтэй хүүхэдтэй. Охинтой болохыг их мөрөөддөг байсан гэж миний аав, ээж хоёр ярьдаг байсан юм. Гэхдээ миний ах нар гэр бүл болоод эхнэр дагуулж ирсэн л дээ.

Малын хувьчлал явсан, бүгд өмч хөрөнгөө авсан. Бас тэр үед хүндрэлтэй байсан учраас гадагшаа явахыг хүссэн насанд хүрсэн бүх хүнд гадаад паспорт олгож, чөлөөтэй явахыг зөвшөөрсөн. Худалдаа чөлөөтэй болсон. Хоёр жилийн дотор бүх дэлгүүрийн лангуу эргээд дүүрсэн, үйлчилгээ, бараа худалдаа бүх зүйл дахин сэргэсэн. Мөн бид үйлчилгээний салбарыг хувьчилж, төрийн өмчийн нэг ч гуанз ресторан гэх ойлголт байхгүй, бүгд хувьд шилжсэн. Амьдарч байсан байшин, байруудыг нь бүх айлуудад хувьчилж өгсөн. Хүн бүхэн аж ахуйн нэгж, компани байгуулах эрхийг нь хуулиар нээж өгсөн. Ер нь манай эдийн засгийн 98 хувь нь социалист өмч байсан бол одоо 80 хувь нь хувийн өмч болсон байгаа. Эдийн засгийн хувьд ийм өөрчлөлтийг бид хийсэн юм.

Нийгмийн хувьд манай нийгэм бас их өөрчлөгдсөн. Социалист үед Монголд таван сонин хэвлэгдэн гардаг байсан. Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй. Би Монголын анхны чөлөөт сонинг эрхлэн гаргаж байсан. Өссөөр байгаад Монголд 500 гаруй сонин гардаг болсон байсан. Харин одоо эргээд буурч, чанартай болж байгаа. Улсын радио телевиз ердөө нэг байсан. Одоо бол Монголд улсын радио телевиз гэх ойлголт байхгүй. Улаанбаатарт Монголын телевизийн 80 гаруй суваг бий.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Facebook, Twitter бүгд чөлөөтэй. Би өөрөө Twitter, Facebook ашигладаг. Иймэрхүү байдлаар хүмүүс нийгэм, удирдлагаа чөлөөтэй шүүмжилдэг. Би бол Монголд хамгийн их шүүмжлэл сонсдог хүмүүсийн нэг. Энэ нь намайг өглөө бүр орноос татаж босгодог, тэр шүүмжлэл намайг улам илүү сайн зүйл хийхийг шаардаж байдаг.

Би 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгч болоод орж ирээд Төрийн ордон дахь өөрийнхөө албан өрөөг Иргэний танхим гэж нэрлэж, иргэдэд зориулсан танхим болгосон. Монголд гарах гэж байгаа хууль, дүрэм, тогтоомжийг заавал тэр Иргэний танхимд иргэдээр эхэлж хэлэлцүүлээд, дараа нь шийдвэр гаргадаг болсон. Улмаар бүх орон нутаг ийм жишигтэй болсон.

Саяхан миний гаргасан бас нэг санаачилга нь Шилэн дансны тухай хуулийг санаачилж, батлуулсан. Төрийн албан тушаалтан, байгууллага нэг төгрөг ч зарцуулсан байсан тэр зарлага, орлогыг шилэн дотор харагдаж буй мэт ард түмэн шууд хянаж байх боломжийг олгосон юм. Ер нь манай Монголд улстөрчдийн яриа сонин биш, харин улстөрчид ард түмний мөнгийг хэрхэн зарцуулж байна вэ гэдэгт иргэд маш их анхаарал тавьдаг. Бид үргэлж өөрчлөлт хийж, урагшлах гэж оролдож байгаа.

Манай нийслэлээс эхлээд төрийн үйлчилгээг бид хотын зах руу гаргасан. Улаанбаатар хотод очвол үйлчилгээний их том төвийн нэг хэсгийг нь төрийн байгууллага түрээслээд авчихсан байгаа. Төрийн үйлчилгээ, төрийн тамга, даргын гарын үсэг гэдэг асар их хүнд суртал байдаг учраас үйлчилгээг нь бид ийм байдлаар иргэдтэйгээ ойртуулсан. Тэр үйлчилгээний төвд яваад очиход гурван өнгийн маягт бий. Иргэдэд төрийн үйлчилгээ ямагт хэрэг болж байдаг. Төрсний гэрчилгээ авах, сургууль төгссөний гэрчилгээ авах, гуанз, дэлгүүр байгуулах, барилга барих, жолооны үнэмлэх авахад гэх мэтчилэн.

 

Барилгын зөвшөөрөл авах гээд бараг 300 хоносон тохиолдол байсан. Тэр төвд очоод ногоон өнгийн маягт авбал тэр үйлчилгээг Та тэр дор нь авна. Таван сар хөөцөлдөөд авч чадахгүй байсан үйлчилгээг таван минутын дотор аваад хүмүүс баярлаж байсан. Харин шар өнгийн маягт авбал 24 цагийн дотор асуудлыг шийдэж өгнө. Улаан өнгийн маягт авбал долоо хоногийн дотор шийдэгдэх асуудал байдаг. Гэхдээ манай иргэд хэн гэдэг дарга дээр асуудал нь удаад байна вэ гэдгийг компьютер ашиглан интернэтээр хянаад сууж байдаг.

Авлигын олон улсын үнэлгээ байдаг. Намайг Ерөнхийлөгч болоход Монгол Улс энэ үнэлгээгээр 120 дугаарт явж байсан. Би хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж, тэр бүртээ авлигатай тэмцэж, огцорч байсан хүн. Одоо Та бүхэн интернэтээр ороод харвал Монгол Улс авлигын индекст 72 дугаар байранд явж байгаа. Шүүх, цагдаа, прокурор гээд маш олон салбарт томоохон өөрлөлтүүдийг бид хийсэн. Энэ талаар яривал маш их хугацаа орно. Ер нь төрийн хүнд сурталтай байнга тэмцэж байх ёстой гэж би боддог. Ээж хүн өглөө босоод хүүхдээ хуурайлдаг шиг төрийн хүн өглөө бүхэн тэр муу муухайтай тэмцэх ёстой гэж боддог. Нэг жишээ хэлэхэд, Монгол Улсад шүүхийн шийдвэр 72 цагийн дотор интернэтэд тавигдсан, заавал хэвлэгдсэн байх ёстой. Ямагт ил байх хуультай.

Улс төр, эдийн засаг, боловсрол

Улс төрийн хувьд нэлээд өөрчлөлт хийгдсэн. Монгол Улсад улс төрийн нэг намтай байсан бол одоо бүртгэлтэй 20-иод нам бий. Монголд 1990 оноос хойш Парламентын сонгууль найман удаа болсон, саяхан мөн сонгууль болсон.

Харин Ерөнхийлөгчийн сонгууль зургаан удаа болсон. 1990 онд бид ярьж байгаад намын байгууллагыг үйлдвэр, аж ахуйн нэгж дээр бус, нутаг дэвсгэрийн зарчмаар байгуулах хууль гаргаж байсан. Бас их хэцүү байсан тэр үед. Одоо харж байхад зөв шийдвэр гаргасан байна. Ер нь миний баримталдаг зарчим бол төр хүний амьдралд, аж ахуйн асуудалд ер нь оролцож болохгүй гэдэг зарчмыг барихыг хичээдэг. Хүнээс, аж ахуйн нэгжээс татварыг нь л авах хэрэгтэй гэж боддог. Мэдээж ахмадууд, хүүхдүүд гээд төрөөс заавал харж үзэх шаардлагатай хүмүүс байгаа. Нийгмийн зарим өөрчлөлтийг хүний амьдралаар авч үзвэл бас их ойлгомжтой болдог.

Монголчууд олон хүүхэдтэй болохыг дэмжсэн бодлого явуулдаг. Социализмын үед ч тийм байсан, одоо ч мөн адил. Таван хүүхэд төрүүлбэл Эхийн алдар хэмээх хоёрдугаар зэргийн одон өгдөг. Найман хүүхэд төрүүлбэл нэгдүгээр зэргийн одон өгдөг. Би бол ээждээ нэгдүгээр зэргийн одонгийн хүү нь болж төрсөн юм. Орчин үед манай эмэгтэйчүүд, хэтэрхий хатуу байна, энэ шаардлагыг зөөлрүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Тиймээс одоо бол дөрвөн хүүхэдтэй бол хоёрдугаар зэргийн одон, зургаан хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одон өгч байна. Тэр одонг мөнгө дагалддаг.

Мөн Хүүхдийн мөнгө гээд нэг айлд хэдэн ч хүүхэд байсан 18 нас хүртэл нь хүүхдүүдэд сар бүр улсаас мөнгө олгодог. Одоо харин өндөр орлоготой айлуудыг тэр мөнгөнөөс татгалзуулж, олгохоо больж байгаа.

Монголд хүүхдийн цэцэрлэгийн асуудал маш хүндрэлтэй байдаг. Түүнийг бид арай өөрөөр шийдэж, Хүүхэд харах үйлчилгээ гэж бий болгосон. Монголд нэг айлын ээж ажилгүй байгаад, таван хүүхэд харж байгаа бол тэр таван хүүхдэд ногдох мөнгийг улсаас тэр ээжид олгоод, гэрээр, хувийн байгууллага дээр, албан байгууллага дээр цэцэрлэг байгуулах эрх олгож байгаа. Үүгээр ирэх жил гэхэд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдчих байх гэж бодож байгаа.

Хувийн цэцэрлэгүүд бас Монголд олширч байна. Гэхдээ ихэнх нь улсын цэцэрлэг байгаа. Тэгээд цаашаа таны хүүхэд сургуульд орлоо гэхэд хувийн сургуулийг бид зөвшөөрч өгсөн. Улсын сургуулийн тогтолцоог мөн хэвээр хадгалж байгаа. Зарим хувийн цэцэрлэг асар өндөр үнэтэй болж байгаа. Жилд 15-20 мянган ам.долларын төлбөртэй цэцэрлэг ч байна шүү дээ. Гэхдээ Монголын хүүхдүүдийн 80 хувь нь улсын цэцэрэгт үнэ төлбөргүй явах боломжтой юм.

Таны хүүхэд оюутан боллоо, одоо яах вэ? Социализмын үед Монголд зургаан их, дээд сургууль байсан. Хувийн их дээд сургууль байгуулах эрхийг бид нээж өгсөн. Их сургуулиудын тоо 160-д хүрсэн. Эргээд бид шаардлага тавиад, шаардлага нь чангараад тоо нь 100 руу орж байна, одоо. Мөн социализмын үед байсан улсын их, дээд сургуулийнхаа тоог тэр хэвээр нь хадгалж, элсэлт авч байгаа. Гэхдээ энд том өөрчлөлт хийх ёстой гэж би хувьдаа үздэг. Зарим сургуулийг ашгийн бус байдлаар, ашиг олбол эргүүлээд сургуульдаа хөрөнгө оруулдаг, дээрээ зөвлөлтэй, удирдлага нь ерөнхийдөө бие даасан, хувийн байх нь зөв гэж би хувьдаа боддог.

Ер нь их, дээд сургууль төгссөн оюутнууд зөвхөн өөрөө ажил олоод зогсохгүй, өөрөө аж ахуйн нэгж байгуулаад, ажил, үйлчилгээ үзүүлж, дахиад өөр хүмүүсийг ажиллуулах чадвартай болох ёстой гэсэн шаардлагыг бид тавьдаг. Ер нь бид социализмаас сайн зүйлсээ үргэлжлүүлж авч явахыг хичээж байгаа, мөн чөлөөт, нээлттэй нийгэмд байгаа сайн зүйлсийг авчрахыг хичээж буй. Гэхдээ бид байнга онохгүй, маш их алдаа хийж байгаа. Гэхдээ хүн бүхэн, улс орон бүхэн өөрийн сонгосон замаараа л явах ёстой гэж би үздэг. Гэхдээ эрх чөлөөтэй амьдаръя гэсэн хүсэл зориг бол хүн бүхэнд бий. Хүний зүрхний цохилт бүхэн эрх чөлөөний чимээ гэж би хувьдаа боддог. Эрх чөлөөний нэг сайхан тал нь алдах эрхийг давхар өгдөг. Гэхдээ энэ нь алдаагаа засаад цаашаа явах боломжийг л олгож байгаа юм. Тэгээд монголчуудын ярьдаг нэг үг бий. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэж.

Ер нь орон бүхэн ямар замаар хөгжлөө тодорхойлох вэ гэдэг эрэл хайгуул хийдэг гэж би боддог. Кубын хөгжлийн загвар ямар байж болох вэ гэдэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа гэж би нэг сониноос уншсан юм. Ер нь Монголд ч гэсэн хөгжлийн загвар ямар байх вэ гэсэн хэлэлцүүлэг байнга хийдэг. Би бол хүмүүс илүү эрх чөлөөтэй байх ёстой, илүү бүтээлч, хийх боломжтой байх ёстой, энэ л Монголын хөгжлийн загвар, суурь нь юм гэж би хувьдаа боддог. Хүмүүс илүү боловсролтой байх ёстой.

Та бүхний зүгээс надаас асуух зүйл байвал би хариулахад бэлэн байна. Шүүмжлэл хэлж болно. Би 2002 онд Кубын Гаванад мөн ирж байсан. Өнөөдөр хуучин Гаванагаар явлаа. Маш их зүйл хийгдэж, дахин засварлагдаж, орон сууцнуудын нэгдүгээр давхруудын үйлчилгээ маш их нэмэгдсэн зүйл надад ажиглагдаж байна. Яагаад монголчуудын эрх чөлөөний тухай ярьсан бэ гэхээр өнөөдөр Кубын ард түмэн ч гэсэн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа гэж ойлгож байгаа. Кубын эсрэг тавьсан хориг бол асар утгагүй хориг. Би энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч, удирдлага, Сенатын гишүүдтэй уулзах үеэрээ ч хэлж байсан. Энэ хоригоо цуцлах хэрэгтэй, энэ бол маш утгагүй гэж. Монгол Улс сүүлийн жилүүдэд энэ хоригийг цуцлахын төлөө НҮБ-д байнга санал өгч байгаа. Аль нэг орны хориг хаалтанд юм уу, аль нэг орноор өөрийнхөө улсын явах замыг заалгах шаардлагагүй гэж би хувьдаа боддог. Кубын ард түмний үе үеийн баатарлаг тэмцэл үнэхээр Монголын ард түмэнд маш ойрхон санагддаг юм. Бид үргэлж дэмжиж явах болно. Хориг цуцлагдтал бид саналаа өгнө гэдгийг хэлье.

Манай хоёр орон аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах сайхан боломж байгаа. Монгол Улс бол далайд гарцгүй орон шүү дээ. Саяхан Монголд бас нэг санал асуулга явуулсан, ямар оронд та хамгийн түрүүнд очиж үзмээр байна вэ гэхэд эхний гурван орон дотор Куба орсон. Тэгэхээр олон монголчууд Кубад ирээсэй гэж бодож байна. Та бүхнийг ч гэсэн би Монголд очихыг урьж байна. Зарим нь боддог байх, Монгол их хүйтэн гэж. Хүйтний улирал буюу өвөл ердөө гуравхан сар л үргэлжилнэ шүү дээ. Дараа нь хавар гурван сар. Дараа нь зун гурван сар. Бараг өнөөдрийн энэ Гавана шиг гурван сар байна шүү дээ. Тэгээд гайхамшигтай намар гэдэг улирал бий, мөн гурван сар үргэлжилнэ.

Би хувьдаа Монголыг бурхан бүтээхдээ дэлхий дээр байгаа хамгийн сайхан зүйлсийг нийлүүлж байгаад бүтээчихсэн гэж боддог юм. Монгол бол үнэхээр сайхан орон. Говийн тухай Та бүхэн сонсож байсан байх, динозавр амьдарч байсан. Монгол бол динозаврын асар их олдвортой орон. Бүр асар хол, 300, 500 км машинаар яваад ч юм торохгүй тал нутаг Монголд байна. Гурван мянга, дөрвөн мянган метрийн өндөр уулстай. Бас асар их модтой газар байгаа, хангай. Хамгийн гол нь монголчууд куба хүмүүст маш дотно ханддаг. Ингээд Та бүхэн Монголд ирвэл би үнэхээр их баярлана.

Гаванагийн их сургуультай цаашид бид хамтарч ажиллана гэж найдаж байна. Би бас La BioFarma гэдэг газарт очиж үзлээ. Монголтой харилцах маш их боломжтой газар байна. Тэндээс гурван хүн Монголд урьсан байгаа. Спорт, соёл урлагийн чиглэлд бид хамтран ажиллах маш их боломж байна. Куба бол спортын асар их гайхамшигтай, амжилттай орон гэж бид үздэг. Бид нэг үе Кубаас боксын дасгалжуулагч авч тамирчдаа дасгалжуулж байсан. Олимпийн анхны алтан медалийг бид боксын төрөлд авч байсан. Зарим Дэлхийн аварга шалгаруулах, Олимпийн тэмцээн дээр манай зарим тамирчин Кубын тамирчныг ялж байна билээ. Уучлаарай, тэр бол багш нарынхаа ачийг хариулж байгаа хэлбэр юм даа гэж бид үздэг.

Куба энэ жил НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэр дэвшиж байгаа. Бид дэмжихээр шийдвэр гаргасан. Энэ бол сайхан мэдээ болох байх гэж бодож байна. Ингээд Та бүхэнтэй уулзсандаа маш их баяртай байна.

Баярлалаа.

Гэрэл зургууд
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг