Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн армийн баг Монголын багтай пологоор өрсөлдөнө

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Их Британи болон Монгол улсын хооронд Поло спортын нөхөрсөг тэмцээн энэ сарын 17-нд зохиогдох гэж байна. Тэмцээн Гачууртад байрлах “Хаан Поло Клуб”-д болно.

Хоёр улсын тэмцээнд Их Британий армийн поло багийн удирдагч ноён Саймон Леджер тэмцээний тайлбарлагчаар, мөн багийн дасгалжуулагч Гастон Девриент, багийн ахлагч ахмад Роберт Фриймен-Керр болон ахмад Хью Ричардсон, нэрт фото зурагчин Сам Черчилл зэрэг хүндэт эрхмүүд оролцоно. 

Монголын эзэнт гүрний түүхэнд морьтон дайчид байлдааны сургуулилтад бог малын толгойн ясаар наадгай хийдэг байсан нь 12-р зууны сүүлээр Ил хаант улсын өмнөх Персэд боловсронгуй хэлбэрээр нутагшсан байдаг. Улмаар 15-р зуунаас эхлэлтэй Энэтхэг дэх Могул тэргүүтний аян дайны дараа тус улсад поло тоглоом түгэн дэлгэрч, дүрэм нь дахин шинэчлэгдэж байжээ.

Харин 1860-аад онд Британийн морин цэргийн хороо Энэтхэгийн Гималайн нурууны Манипур мужид 12 морьтон поло тоглож байхтай анх учирч, тэр цагаас эхлэн Британийн цэргүүд энэхүү эрэмгий спортод хөл тавьж байсан түүхтэй.  

Их Британи улс  Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоёр улсын нөхөрсөг харилцаа, пологоор холбогдсон түүхээ хүндэтгэн үздэгийн илэрхийлэл болгож ийнхүү олон улсад нэр хүндтэй армийн багаа Монголд урьж ирүүлээд байгаа аж.

Энэхүү үйл явдал нь хоёр улсын батлан хамгаалах, соёл, аялал жуулчлалын харилцаанд шинэ түүхийг бүтээх ач холбогдолтойг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Их Британийн Элчин Сайдын Яамнаас онцолж байна. 

Поло спортын ур чадвараар түүчээлэгч багууд өмнө нь гурван ч удаа хамтарсан бэлтгэл хийж байсан бөгөөд 2015 онд Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны оролцоотойгоор Хэнтий аймгийн цэргийн баазад анхны хамтарсан бэлтгэл хийж байв. Удалгүй Монгол армийн баг Их Британи улс дахь Сандхерст Хатан Хааны Цэргийн Академид сургуулилт хийснийхээ дараа алдарт Guards Polo Club-д анхны томоохон тэмцээндээ оролцож байжээ. 

Британи Монголын армийн поло тэмцээн нь олон нийтэд нээлттэй тул поло төдийгүй морин спорт сонирхогчид үзэж болох юм байна. 

Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн тэмцээнд Их Британийн Ерөнхий Сайд асан Винстон Черчиллийн жич (ачийн хүү) оролцож байна.