Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны картны залилангийн 480 хэрэг бүртгэгдсэн

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 9 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотын цагдаагийн газраас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Сүүлийн үед монгол иргэдийн данснаас мөнгө алдагдах, хууль бус гүйлгээ хийгдэх болсон. Энэ талын гэмт хэрэг хэр бүртгэгдэж байна вэ?

-Урьд нь гадаад улсын иргэдийн цахим картан дахь мэдээллийг хууль бусаар олж аван төлбөрийн тооцоо хийсэн хэрэг хэд хэдэн удаа гарч байсан. Тэгвэл сүүлийн үед цагдаагийн байгууллагад Монгол Улсын иргэдийн банкны картан дахь төлбөрийн мэдээллийг хууль бусаар олж авч, гадаадад гүйлгээ хийсэн хэрэг бүртгэгдэх болсон.

Энэ төрлийн гэмт хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад ирж байна. Одоогийн байдлаар банкны картны залилангийн гэмт хэрэгт өртсөн, хохирогч болсон 480 гаруй иргэний хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна.

-480 хэрэг бүртгэгдсэн гэлээ. Эдгээр иргэд нийг хэчнээн төгрөг картаасаа алдсан бэ?

-480 иргэн 120 сая орчим төгрөгөөр хохирсон. Тэгэхээр иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тухайлбал, цахим картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нэн яаралтай хаалгах, өөрийн итгэлгүй хүндээ картаа өгөлгүй хувийн мэдээлэл нууц дугаараа хэлж өгөхгүй байх шаардлагатай.

Мөн АТМ-аас мөнгө авахдаа арын хүндээ нууц дугаараа харуулахгүй байх, мессеж банкны үйлчилгээ идэвхжүүлж, гүйлгээгээ тухай бүрд нь хянадаг байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулж байна. Мөн цагдаагийн байгууллагын тусгай дугаар болох 105, 102, 103 дугаарт бага насны хүүхдүүд залгаж тоглох, хуурамч дуудлага өгөх тохиолдол ихэссэн.

Тухайлбал, есдүгээр сарын байдлаар 105 дугаарт 103 мянган дуудлага, мэдээлэл ирсэн. Үүний  71 хувь нь хуурамч дуудлага байсан. Харин 103 дугаарт 933 мянган иргэн дуудлага өгсний 17 хувь нь хуурамч байсан бол 102 дугаарт нэг сая 400 мянган дуудлага ирсэн. Үүний 19 хувь нь мөн л хуурамч дуудлага болох нь тогтоогдсон.

-Тусгай дугаарт хуурамч дуудлага өгсөн хүмүүсийг шалгасан уу. Ихэвчлэн ямар насны хүмүүс байна вэ?

-Тусгай дугаарт хуурамч дуудлага өгч байгаа иргэд ихэнх нь бага насны хүүхэд байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас хуурамч дуудлага өгсөн хүмүүсийг олж, хэрвээ хүүхэд байвал сануулж, тайлбарлах, эцэг эхэд нь анхааруулах зэрэг арга хэмжээ авч байна.

Тэгэхээр иргэддээ хандаж хэлэхэд, цагдаагийн байгууллагын тусгай дугаарт хуурамч дуудлага өгөхгүй байхыг хүсч байна. Хуурамч дуудлага өгснөөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна гэсэн үг.

-Банкны картны залилангийн хэрэгтнүүд манай улсаас өөр улсад гүйлгээ хийж байна гэсэн. Ихэвчлэн ямар улсад гүйлгээ хийгдэж байна вэ?

-Ихэвчлэн Зүүн өмнөд Азийн улсуудад гүйлгээ хийгдсэн байгаа.

-Эдгээр хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс бий юу. Аль улсын иргэд вэ?

-Одоогийн байдлаар хоёр иргэнийг сэжиглэн шалгаж байна. БНХАУ-ын иргэд бий.

-Сонгуулийн үеэр цацагдсан 60 тэрбумын хэрэгт шалгалт хийж байгаа. Энэ хэргийн шалгалтын явц ямар байна вэ?

-МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбум төгрөгийн бичлэгийн хэргийг шалгаж байна. Уг хэрэгт хоёр иргэнийг сэжигтнээр татан шалгаж байгаа. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
 

Зураг