Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд татвар нэмэх улс төрийн шийдвэртээ үнэнч үлджээ

Б.Төрбат
2016 оны 9 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элгээрээ хэвтсэн эдийг засгийг "аврах" эрх баригчдын эхний алхам татвар нэмж, цалин хасах байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан билээ. Нөгөөтээгүүр гишүүдийн зүгээс ч "Ядарсан иргэдээ бус задарсан нөхдийнхөө халаасыг тэмтрэх"-ийг сануулж байв.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч гаргасан улс төрийн шийдвэрээ эргэн харж, асуудалд "мэдрэмж"-тэй хандсанаар найман төрлийн татвар нэмэх төсөл УИХ-ын босго ч давалгүй буцсан юм. 

Ингэснээр төсвийн цоорхойгоо иргэдийнхээ халааснаас гаргаж нөхөх гэсэн эрх баригчдын бодлого бүтэлгүйтэж, Ж.Эрдэнэбат тэргүүтэй танхимынх нь гишүүд эдийн засгийг хөл дээр нь хэрхэн босгох вэ гэх хүндхэн даалгавартайгаа үлдсэн.

Одоо тэд хэн бүхнээс илүү алдаагаа давтахгүй байхыг эрмэлзэж, дор бүрнээ мөлхөө эдийн засгийг босгох дараагийн алхмаа бодож, төлөвлөж суугаа бол олон нийтийн зүгээс ямар бодлого, шийдвэрийг УИХ-д оруулж ирэхийг анхааралтай ажиглаж, тэр хэрээр хүлээж байгаа нь тодорхой.

Хэдийгээр ээлжит бус чуулган хаалтаа хийсэн ч ирэх сард нээлтээ хийх УИХ-ын намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын төслийг дахин оруулж ирж, хэлэлцэн шийдвэрлэнэ.

Тэр болтол улс, эх орноо өөд нь татах Засгийн газрын шийдвэр болон эрх баригч нам болох Монгол ардын намд үнэмлэхүй ялалтыг өгсөн иргэд хүлээлтийн байдалд шилжиж  улс төрийн үйл явдал ч хэсэгхэн хугацаанд "унтаа” байдалд шилжлээ.

Тэгвэл Засгийн газрын тэргүүн өчигдөр татвар нэмж, цалин хасах улс төрийн шийдвэртээ үнэнч үлдсэн талаараа ам алдлаа. Ерөнхий сайдын хэлсэн хоёрхон өгүүлбэрээс мань эрийг улс төрийн шийдвэртээ ганцаараа үнэнч үлдсэнийг төвөггүй харж болохоор байна. Тэрбээр "Миний хувьд татварыг нэмэх байр суурь маань хэвээр байгаа.

Гагцхүү намын бүлгээс гаргасан улс төрийн шийдвэрээр энэ удаад татвар нэмээгүй" гэж хэлснээс үзэхэд ирэх оны төсвийн тодотголын төсөл өмнөхөөсөө давсан, магадгүй улам чангарч орж ирэхийг үгүйсгэхгүй. Тэгээд ч анхны шалгалтдаа "бүдэрсэн" Ж.Эрдэнэбатын Засгийн газар хоёр дахь шалгалтдаа бүдрэхгүйг хичээх нь ойлгомжтой.

Нэг алдсан хүн алдаагаа дахин давтдаггүйтэй адил. Гагцхүү эдийн засгийг сэрээх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх ямар бодлого, шийдвэр оруулж ирж, түүнийгээ хэрхэн батлахыг олон нийт харах л үлдлээ.

Нөгөөтэйгөөр Засгийн газрын тэргүүний татвар нэмэх улс төрийн байр суурийг танхимынх нь нөхдөөс гадна парламентын гишүүд дэмжих нь үү, дахин унагах нь уу гэдэг нь эрхгүй сонирхол татах сэдвийн нэг болоод байна.

Зураг