Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Англи улсын иргэнийг хөнөөсөн байж болзошгүй хоёр хүнийг шалгаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс олны анхаарал татаад буй гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. 

Тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Архангай аймгийн Хангай сумын Хэрх багийн нутгаас Англи улсын иргэн 53 настай Стив Нэш нас барсан байна гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 1-ний 02:40 цагт ирсэн

Энэ хэрэгт аймгийн Цагдаагийн газар болон Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Одоогоор уг хэрэгт холбогдуулан хоёр хүнийг саатуулан шалгаж байна. 

Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. 

480 орчим иргэн 120 сая төгрөгөөр хохироод байна 

Цагдаагийн байгууллагаас өмнө нь гадаад улсын иргэдийн цахим карт дахь мэдээллийг олж авч Монгол Улсад төлбөрийн тооцоо хийсэн хэргүүдийн талаар мэдээлж байсан. Энэ хэрэг дээр ихэвчлэн гадаад улсын иргэдийн төлбөрийн картын мэдээллийн хуулбарлаж, манай улсад гүйлгээ хийсэн асуудлыг шалгаж байсан. 

Гэтэл сүүлийн үед Монгол Улсын иргэдийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж авч, гадаадад гүйлгээ хийсэн тохиолдол бүртгэгдээд байна

Одоогоор мөрдөн байцаалтын шатанд 480 гаруй иргэний 120 сая гаруй төгрөгийн хохиролтой хэргүүд шалгагдаж байна. Энэ тоо цаашид өсөх магадлалтайг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү анхааруулав. 

Энэ хэрэгт одоогоор БНХАУ-ын хоёр иргэнийг сэжиглэн шалгаж байгаа аж. 

Тиймээс иргэд цахим картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хаалгах, итгэлгүй хүнд картаа өгч явуулах, АТМ-ээс мөнгө авахдаа ардаа хүн байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. 

Мөн мессеж банкны үйлчилгээ хэрэглэж хэвшихийг анхаарууллаа. Учир нь картнаас нь гүйлгээ хийснийг мэдэлгүй явж байсан иргэд цөөнгүй байгаа аж. 

60 тэрбумын хэргийн сэжигтнүүд тогтоогджээ  

УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр 60 тэрбум төгрөгтэй холбоотой мэдээлэл багагүй шуугиан дэгдээсэн. 

Уг хэргийг МАН-ын хүсэлтээр хуулийн байгууллага шалгаж буй. Авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгах харьяаллын дагуу АТГ-аас шалгаад дууссан бол гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Шалгалтын явцад уг хэрэгт холбоотой хоёр иргэнийг тогтоосон байна. 

Тэднийг эвлүүлэг хийсэн, далайлган сүрдүүлсэн, бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.