Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Орон нутагт ажиллах хүүхдийн мэс заслын эмч нарыг бэлтгэх ажил чухал

President.mn
2016 оны 9 сарын 12
President.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулав.


Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ

“Эрхэм хүндэт эмч, сувилагч нар аа,
Үе үеийн эмнэлгийн ажилтнууд аа,
Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ байдаг. Улс орныхоо ирээдүй хойчийг эрүүл энх өсөж торниулах их үйлсэд хүчин зүтгэж, сахин хамгаалж ирсэн хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол Улсын хүн ам гурван саяд хүрч олуулаа болоход “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн 90 гаруй жилийн, тэр дундаа та бүхний 60 жилийн хөдөлмөр зүтгэл үлэмж билээ.

Тэртээ 1956 онд оюутан Ө.Балжирын анхны үзлэг, Ж.Цэрэндуламын мэс заслын тусламжаар эхэлсэн манай улсын хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ өдгөө Монгол Улсын орчин үеийн анагаахын нэг гол салбар төдийгүй эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулж, хүүхдийн бүхий л төрөлжсөн чиглэлээр мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхтай болжээ.

Монголчууд бидний хэрэглэдэг жарны тооллоор яривал Монгол Улсын хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ нэгэн жарны замыг туулж, туршлага хуримтлуулаад, одоо дахин нэг шинэ жарны хөгжлийн тооллыг эхлүүлж байна.

Хүүхдийн мэс заслын салбарт шинэ техник технологи нэвтрэхийн сацуу өндөр ур чадвартай, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд хөдөө орон нутагт хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад талархах нь зүйтэй. Цаашид ч орон нутагт ажиллах хүүхдийн мэс заслын эмч нарыг бэлтгэх ажил чухал юм.

1990 онд 1,000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 63.4 байсан бол 2015 онд 15.3 болж 4.1 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 87.5 байсан бол 2015 онд 18.3 болж 4.78 дахин буурсан сайн үзүүлэлттэй гарсан байна.

Монгол Улс энэ салбарт цаашид ололт амжилт ба нэгэнт хүрсэн түвшнээ тогтвортой хадгалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тасралтгүй сайжруулан, өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэх асар их боломж байгаа билээ.

Хүүхдийн мэс заслын салбарт ажиллаж, үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ажилтнууд, нийт эмч, сувилагч, асрагч та бүхэнд 60 жилийн тань ойн энэ өдөр ажил үйлс, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд ирэх шинэ жарны их үйлс, хөгжил дэвшилд нь өөдрөг амжилтыг ерөөе.

Монголын үрс маш олон болох болтугай” гэжээ.