Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд дэлхийн дулаарал илүү их нөлөөлж байгаа, хөрсний элэгдэл ихэссэн зэргийг дурдлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлиг гаргахаар Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж байна. Түүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, эрдэм шинжилгээ, мэргэжлийн чиг үүрэг гүйцэтгэдэг хяналтын байгууллагуудын төлөөлөл оролцон ажиллаж байна.  

Газар ашиглалт, түүн дотроо хот, суурингийн хөрсний асуудал, хөрсний бохирдлын асуудал Улаанбаатар хотод илүүтэй байгаа. Сүүлийн үед цөлжилт эрчимтэй явж, газар тариалангийн талбай, бэлчээрийн ашиглалт зэрэг цаашид анхаарвал зохих олон асуудал тулгамдаж байна.

Тийм учраас хөрс, бэлчээр хамгаалах талаар ерөнхий бодлого боловсруулах, ашиглалтыг зохицуулах, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар ажиллаж байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар хөрс, бэлчээрийн төлөв байдал ямар байгаа, богино, дунд, урт хугацаанд энэ асуудалд хэрхэн хандах вэ гэсэн чиг хандлагыг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-аас өмнө нь бэлчээрийг ашиглах, зохицуулах талаар хоёр төсөл гарч, ард иргэдээс санал авч байсан. Агаарын бохирдлын талаар УИХ-аас тодорхой шийдвэрүүд гарч байсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, зарлигийн төсөлд ямар чиглэл өгөх вэ, цаашид бодлого боловсруулахад юуг анхаарах вэ гэсэн үнэтэй санал, зөвлөгөөнүүд гарна гэдэгт итгэж байна." гэлээ.

Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд хөрс, бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, элэгдэл доройтолд судалгаа хийж, хөрс, бэлчээрийг хамгаалах, богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын нэгдсэн баримт бичгийг боловсруулан батлах, хэрэгжилтийг хангахыг чиглэл болгохоор тусгажээ.

Мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бэлчээр ашигласны төлбөр болон урамшуулал олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөрс хамгаалах цөлжилттэй тэмцэх өнөөгийн бүтцийг Төрөөс хөрс, бэлчээрийг хамгаалах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, салбар, дундын зохицуулалтыг хангах чиг үүрэгтэйгээр шинэчлэн байгуулах талаар тусгасан байна.

Хөрс, бэлчээр хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх тусгай чиг үүргийн сангийн тогтолцоог орон нутаг бүрт бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөрс, бэлчээр хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөрсний мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, тогтмол бүртгэл, тооллого хийх, хяналт тавих журам боловсруулж батлах, жил бүрийн 4 дүгээр сарын 1 дэх долоо хоногийн бямба гаригийг хөрс хамгаалах өдөр болгон зарлах, хөрс хамгаалах ажилд нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг идэвхийлэн оролцохыг уриалах зэрэг чиглэлийг уг төсөлд тусгаад байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Л.Чой-Иш, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн Д.Баярбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг нар илтгэл сонсгосон юм.

Тэдний илтгэлд дурдсанаар Монгол Улс өнөөдөр 112,7 сая га бэлчээрийн талбайтай, 2015 оны эцсийн байдлаар 55,9 сая толгой малтай. Энэ нь хонин толгойд шилжүүлснээр 100 га бэлчээр, хадлангийн талбай тутамд 83 толгой мал ногдож байгаа гэсэн үг аж. Зарим хүн ам, малын тоо толгой ихээр төвлөрсөн Орхон, Архангай, Булган, Дархан-Уул, Улаанбаатар зэрэг газарт 100 га бэлчээр, хадлангийн талбайд 86-645 толгой мал ногдож байгаа судалгаа гарчээ. Энэ байдлыг 1964 оныхтой харьцуулбал бэлчээрийн талбай 9.4 сая га-гаар багасаж, хонин толгойд шилжүүлснээр нийт малын тоо 36,9 сая толгойгоор өссөн аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Бэлчээрээ сэлгэж ашигладаг хуучны уламжлал алдагдаж байгаа, ямааны тоо толгой өссөн, газар тариалангийн бүст атаршсан талбайн 60 гаруй хувь нь хүчтэй элэгдэлд орсон, 1960 оныхтой харьцуулахад шороон шуургатай өдрийн тоо 3-4 дахин өссөн, Монголд дэлхийн дулаарал илүү их нөлөөлж байгаа, хүний хүчин зүйлтэй холбоотой хөрсний элэгдэл ихэссэн зэрэг таагүй шалтгаан олон байгааг тэд дурдсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан зарлигийн төсөл цаг үеэ олсон, амьдралд нэн хэрэгтэй баримт бичиг болж байгааг онцолж байлаа.