Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Амаржаргал: Хүүхэд хүүхдийн асран хамгаалагч болж чадахгүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Жилийн энэ үед нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол өсдөг. Энэ үед хүүхдээ хэрхэн болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргалтай ярилцлаа.

- Хичээлийн шинэ жилийн эхний өдөр гурван хүүхэд хичээлээ тараад ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн. Тэгвэл одоогийн байдлаар? 

- 2016 оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 37 хүүхэд амь насаа алдаж, 154 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байгаа. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 7.5 хувиар буурсан боловч, осолд өртсөн хүүхэд 4.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Хүүхэд зам тээврийн осолд орох тохиолдол өссөөр байна. Өдөрт дунджаар гурав ба түүнээс дээш тооны хүүхэд осолд өртдөг.

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой буюу есдүгээр сарын 1-6-ны хооронд хүүхэд холбогдсон 17 зам тээврийн осол бүртгэгдсэн байгаа. 

Хүүхдүүдийг насаар нь ангилбал, 

  • Сургуулийн өмнөх насны 4
  • Сургуулийн насны 13 хүүхэд байна.

Хэлбэрийн  хувьд авч үзвэл зорчигч хэлбэрээр гурав, явган зорчигч хэлбэрээр 14 хүүхэд осолд өртсөн байна. 

- 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд хариуцлага тооцдог хуулийн заалттай болсон байх аа?

- Тийм ээ. Монгол Улсын ЗХАБТХ-ийн 13.2.7 –д заасны дагуу эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй. Уг заалтыг зөрчсөн тохиолдол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

 Хоёр багшид хуулийн дагуу хариуцлага тооцоод байгаа. 

Хүүхдийг гараас гарт хүлээлгэж өгөх ёстой. Есдүгээр сарын 1-ний өдөр 7, 8, 9 настай гурван хүүхэд хичээлээ тараад, харих замдаа осолд өртсөн. Эдгээр тохиолдлууд дээр ЗЦГ-аас албаны шалгалт хийж үзэхэд хоёр багш хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгөөгүй байсан. Тухайн хоёр багшид хуулийн дагуу хариуцлага тооцоод байгаа. 

Нөгөө хүүхдийн хувьд ээж нь өглөө хүүхдээ зам гаргаж өгчихөөд явчихсан байгаа юм. Тухайн хүүхэд сургуулийн нээлтэнд оролцчихоод буцах замдаа осолд орсон байсан. Хэрэг бүртгэлтийн хугацаанд тухайн ээжид бас хариуцлага тооцно.

Мөн саяхан 10 настай хүүхдэд 7 настай дүүг нь хариуцуулаад хичээлд нь явуулсан байсан. Тэр хоёр хүүхэд бас осолд өртсөн. Тиймээс хүүхэд хүүхдийн асран хамгаалагч болж чадахгүй шүү гэдгийг эцэг эхчүүддээ бас хэлмээр байна.

- Явган зорчиж явахдаа осолд өртсөн хүүхдүүдийн хэд нь ганцаараа явж байсан бэ, насны хувьд ямар насны хүүхдүүд байгаа вэ?

- Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд дан ганц ЗЦГ бус хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийн  үүрэг оролцоо чухал нөлөөтэй байна.

Явганаар зорчиж байгаад осолд өртсөн 14 хүүхдийн долоо нь асран хамгаалагчтайгаа явж байсан. Хүүхэд асран хамгаалагчтайгаа хамт явж байхдаа осолд өртсөн тохиолдол тал нь байгаа.

Тиймээс манай эцэг эхчүүд хүүхдээ гараасаа хөтлөөд явж хэвших хэрэгтэй байна. Хүүхэд л юм чинь гүйнэ, харайна, унана. Ингэхдээ зам руу орох аав ээжээсээ түрүүлж гүйгээд машины уурдуур хойгуур орох гээд эрсдэл их байгаа учраас заавал хүүхдээ хөтлөөд явж байгаач ээ гэж уриалмаар байна. 

Хүүхдүүд хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас, чихэвч их ашиглаж байна.

Ганцаараа хөдөлгөөнд оролцож байсан 12, 13, 15-тай гээд өөрөө бие дааж хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүд бас осолд өртсөн. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутуу, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн хурдыг буруу тооцоолсноос үүдэлтэй. 

Дээрээс нь өсвөр насны хүүхдүүд хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас, чихэвч их ашиглаж байна. Хөгжим сонсоод эсвэл утсаа оролдоод явж байгаа хүүхэд орчны эрсдэл аюулыг бодитоор үнэлж чаддаггүй. Тиймээс хэзээ хаана хэрэглэж болох вэ гэдэг талаар эцэг эхчүүд минь хүүхдүүддээ хэлж зөвлөөч ээ гэж хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа.