Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баярмаа: Уурхайчдын цалин нэг хүний орлого биш НЭГ ӨРХИЙН ОРЛОГО

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 31
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас энэ сарын 23-нд УИХ-д өргөн барьсан хуулиудын төсөлд ард иргэдийн амжиргааг дордуулах олон шийдвэрүүдийг тусгасан байна хэмээн Эрчим хүч, Геологи, уул уурхайн салбарын ажилтнууд эсэргүүцэлээ илэрхийлж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Монголын эрчим хүч,геологи уул уурхайн үйлдвэрчний холбооны дарга Х.Буянжаргал "Манай салбарынхан дөрвөн асуудлыг эсэргүүцэж өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж байна. 

Эхний асуудал нь хувь хүний орлогын албан татварыг 2,500,000 төгрөгөөс дээш төгрөгт 25% болгох асуудлыг Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл оруулж байгааг эсэргүүцэж байна. Энэ нь ялангуяа уул уурхайн салбарт хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд газрын дор өөрсдийнхөө амь насаар дэнчин тавьж ажиллаж байгаа ажилтнуудад хүндээр тусна гэж салбарын ҮЭ-ийн холбоо үзэж уг хуулийн төслийг буруушааж байна.

Татварыг өндөр цалин хөлс авч байгаа 2% хүрэхгүй хүмүүст ноогдуулна гэж байгаа ч энэ нь бодит үнэнд нийцэхгүй байна. Хэрвээ 25% болговол дарга албан тушаалтнууд өөрсдөө цалингийн орлогоо өөр хэлбэрээр авч жирийн ажилтнуудын нуруун дээр л энэхүү хууль үйлчилэх болно. 

Дараагийн асуудал, Тэтгэвэр тогтоох насыг үе шатайгаар нэмэгдүүлнэ гэснийг эсэргүүцэж байна. Эрчим хүч Уул уурхайн салбарт ажиллаж байгаа 30,000 хүний 85% нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж байна. Иймээс эдгээр ажилтнуудын тэтгэврийн насыг уртасгавал тэд эх орныхоо төлөө ажиллаад тэтгэврээ тогтоолгож чадахгүйгээр хорвоогийн мөнх бусыг үзэх болно.

Гуравдугаар асуудал, Эрчим хүчний үйлдвэрлэгч компаниудын 30 хувийг хувьчлахыг салбарын ажилтнууд эсэргүүцэж байна.

Монгол Улсын Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг УИХ ын 2015 оны 70-р тогтоол , Засгийн газрын 2015 оны 330-р тогтоолоор

  • Дулааны цахилгаан станц ТӨХК-4
  • Дулааны цахилгаан станц ТӨХК-3
  • Дулааны цахилгаан станц ТӨХК-2
  • Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-
  • Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК- гэсэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч компаниудын 30 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэснийг Эрчим хүчний салбарын ажилтнууд бид эсэргүүцэж байна.

Өмнөх УИХ-ын шийдвэрийг шинээр байгуулагдсан УИХ засаж Эрчим хүчний үйлдвэрлэгч компаниудын хувьчлалын талаар гаргасан УИХ ын 2015 оны 70-р тогтоолыг хүчингүй болгохыг шаардаж байна.

Эдийн засгийн энэ их хямралын үед тогтвортой ажиллаж байгаа энэ үйлдвэрийг хувьчилах нь үйлдвэрийг доголдуулахаас гадна тэнд ажиллагсдын ажлын байрны баталгааг алдагдуулж, ажилчдын эрх ашиг ноцтой зөрчигдөнө гэж үзэж байгаа. Нөгөө талаар хувьчлалын үр дүнд чанартай эрчим хүч хэрэглэгчдэд хүргэж чадах уу гэдэг асуудал ч тавигдана.

Дөрөвдүгээр асуудал, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг 2014 оны дөрөвдүгээр сард "КЮ ЭС СИ" ХХК-д концессийн гэрээгээр шилжүүлсэн асуудлыг энэ УИХ тусгай ажлын хэсэг байгуулж шалгах хэрэгтэй байна. Учир нь Төмөртэйн уурхайгаас хоногт 70-90 вагон төмрийн хүдрийг БНХАУ-руу ачиж ойролцоогоор хоногт 360 гаруй сая төгрөг, сард 9 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийж төмөрлөгийн үйлдвэр маань уурхай болж хувирчихаад байна.

Тус үйлдвэрийн 1,300 орчим ажилтнуудыг сул зогсолтонд хамруулж сул зогсолтын олговроо олгохгүй байгаагаас ажилчид нь банкны өр зээлд баригдаж, орон гэрээ тэжээж чадахгүй итгэл алдарч байна. Иймээс 23 жил ажиллаж Монгол Улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого оруулж байсан үйлдвэрийн энэхүү гэрээг шалгахыг шаардаж байна" гэлээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа зарим компанийн ҮЭ-ийн холбооны дарга нарын байр суурийг сонслоо.

"Татвар нэмэх нь зөвхөн хүн амын 1.6 хувийн асуудал биш"
 
Гэрэл зургийг mpa.mn

ОюуТолгой ХХК ийн ҮЭ-ийн Хорооны дарга Г.Баярмаа 

"Монгол Улсын Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн төсвийн алдагдал хүлээнэ гэдэг нь Сангийн сайд Д.Чойжилсүрэнгийн хийсэн мэдээллээс тодорхой болсон. Харин энэ алдагдлыг бууруулахын тулд бодож олсон орлогын нэг нь сарын 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээсээ 25 хувийн татвар авах хувилбар. 

Гэвч энэ тоон үзүүлэлтийн ард тэдгээр иргэд хэрхэн ажиллаж, хэрхэн амьдралынхаа төлөө зүтгэж байгааг, мөн эдийн засгийн ямар үр дагавар гарахыг Монголын төр тооцсонгүй юу эсвэд тооцсон ч тэдэнд хамаагүй юу. Одоогийн нөхцөл байдлаас үүдэн дүгнэхэд энэ төсөлд хамрагдах хамгийн их магадлалтай хүмүүс нь уурхайчид. Мөн уул уурхайн мэргэжилтнүүд.

  • Уурхайн ажилтнууд жилийн 250 хоногт өглөө бүр 6 цагт  босч, 12 цагийн турш тоостой, шороотой, халуун, хүйтэн, газрын гүнд гээд хүнд нөхцөлд ажилладаг. Гэр бүл, аав, ээжийнхээ төлөө өмсөж зүүх, идэж уухаар дутаахгүй гэсэндээ тэднээсээ алсад хол илүү цагаар ажиллан шударгаар хөдөлмөрлөж байж энэ цалинг авдаг.
     
  • Жилийн 2/3-т гэртээ байдаггүй учир дийлэнх гэр бүлийн хүн нь гэртээ үр хүүхдээ өсгөх үүрэгтэй үлддэг. Илүү цагаар, өдөр шөнөгүй ажиллаж олж байгаа энэ мөнгө бол зөвхөн нэг хүний орлого биш 1 ӨРХИЙН ОРЛОГО.
     
  • Төр засаг хүүхдийн цэцэрлэгээ барьж өгөөгүй байж эгэл жирийн ажилтнуудын хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх мөнгийг, эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай өгч чадахгүй байж тэдний биеэ эмчлүүлэх мөнгийг булаах гэж байна.

Татвар нэмэх нь зөвхөн хүн амын 1.6 хувийн асуудал биш. Энэ бол Монголын эдийн засаг, хувийн хэвшилд маш том цохилт болно. Ажилтнуудын дийлэнх хувь нь орон сууц, цалин, лизинг гээд бүх төрлийн зээлтэй. Хэрэв 25 хувийн татвар батлагдвал орон сууцын зээл, бусад бүх төрлийн зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй" гэлээ.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр уурхай болоод хувирчихлаа"
 
Гэрэл зургийг mpa.mn

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ҮЭ ийн Хорооны дарга Ц.Сувдгэрэл 

"Хоёр жилийн өмнө концессийн гэрээгээр "КЮ ЭС СИ" ХХК-д шилжсэн төмөрлөгийн үйлдвэр уурхайн үйл ажиллагаанд л төвлөрч ажиллаж байна. Үйлдвэр маань уурхай болоод хувирчихлаа.

2014 онд цалин дунджаар 1,200,000 байсан бол одоо 400,000-500,000 болсон. Амжиргааны наад захын хэрэгцээгээ хангахад цалин хаанаа ч хүрэхгүй байна. Гэтэл үйлдвэрийн ажилчдын 80 хувь нь ямар нэгэн төрлийн зээлтэй. Цалингаа аваад л шууд банкны зээлээ төлж байгаа. 

Үйлдвэр урт, богино хугацааны сул зогсолтуудыг байнга хийж байгаа. Сард дунджаар 10 хоног л ажилладаг болсон. Сул зогсолт, илүү цагийн мөнгийг бодож өгөхгүй байна. Тиймээс шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг анхааралдаа авч үзээч ээ гэж хүсч байгаа юм" хэмээн ярилаа.