Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

М.Батбаатар: "Эрдэнэт" үйлдвэрийн ажилчдад татварын дарамт ирэх магадлал тун өндөр байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Батбаатар "Өнөөдөр та бүхэнд гурван асуудлаар хандаж мэдээлэл хийж байна.

Нэгдүгээрт, Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн хувь эзэмшил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ард түмэн, тэр дундаа Эрдэнэтчүүд, уурхайчдын дунд ойлголтын зөрүүтэй асуудлууд бий болоод байна.  Ойлголтын зөрүүг нэгтгэх зорилгоор Засгийн газар дээр байгуулагдсан, байгуулагдаад сар гаруй болж байгаа ажлын хэсгийн дүгнэлт одоо болтол гараагүй байна. Бидний зүгээс дэндүү их удааширч, ажилчдын дунд маш их хүлээлт үүсээд байгаа.

Ойлгомжгүй байдлыг арилгаж, энэ асуудлыг нэг талд нь гаргаж цэгцлээч ээ гэж хүсмээр байна.

Хоёрдугаарт, УИХ-аар 2016 оны төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа. Энэ үед иргэний орлого жилийн 30 сая төгрөгөөс давсан тохиолдолд давж байгаа хэмжээнд нь хувь хүний орлогын албан татварыг 25 хувиар ногдуулах асуудал яригдаж байна.  Манай ажилчид уурхайн хүнд нөхцөлд ажилладаг. Цалин дээрээ шагнал урамшил, нэмэгдэл авдаг. Энэ бүгдийг нэмээд тооцохоор үйлдвэрийн ажилчдад татварын дарамт ирэх магадлал тун өндөр байна. Тиймээс энэ саналаа эргэж хараач ээ гэж байгаа юм. Уурхайчид төрийн өндөр албан тушаалтан биш. Уурхайчид маш хүнд нөхцөлд эрүүл мэндээ золиослон ажилладаг хүмүүс.

Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлд байгаа тэтгэвэрийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Энэ мөн цаг үеэ олоогүй шийдэл гэж бид үзэж эсэргүүцэж байна.

НДШ дотор байгаа тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь үйлдвэрийн ажилчдын бодит орлогод шууд нөлөөлнө.

Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн хувь эзэмшил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 30 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ийм хэмжээний ашигтай ажиллаж байгаа ААН цөөхөн байгаа гэж ойлгож байгаа.

Тийм учраас "Саалийн үнээ" гэж нэрлэдэг үйлдвэрийнхээ хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тэнд ажиллаж байгаа ажилтнуудын сэтгэл санааны тайван байдлыг хадгалах ёстой. Ажилчдыг тайван байлгах гол баталгаа, эрх зүйн акт нь ажилчдын төлөөллийн байгууллага, ажил олгогчтой байгуулдаг хамтын гэрээ байгаа. ҮЭ-ийн холбооны зүгээс 42 жилийн арвин туршлага дээрээ үндэслээд ажилчдынхаа эрх ашгийн төлөө баталгаатай үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлмээр байна" гэлээ.