Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон Батмөнхийн Батцэцэг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үүрэгт ажилдаа орсон байна.
Төрийн өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсон дэд сайд Б.Батцэцэгт Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил баяр хүргээд, ажлын амжилт хүсэв.
Шинэ албаа хүлээж аваад буй дэд сайд Б.Батцэцэг “Монгол төрийн алтан аргамж болсон дипломат албаны өндөр хариуцлагатай албыг нэр төртэй, хариуцлагатай, хоёргүй сэтгэлээр залгуулж сайд болон дипломат албаны хамт олонтойгоо гар нийлэн ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нь Баянхонгор аймагт төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэсэн, англи, орос хэлтэй.