Нүүрс нүүр буруулж, зэсийн “зүс” гундсаар. Уул уурхайн уналттай уралдан малын гаралтай дийлэнх түүхий эдийн ханш ч уруудаж байна. Хонины нэхий, ямааны арьс үнэгүйдэж, хог болон хаягдаж буй талаар уншигч та сонссон байх. Харин үнийн уналтын сунгаанд ноолуурын ханш тогтвортой байна. Үүгээр зогсохгүй жилийн өмнөхөөс үл ялиг өсчээ.
Нийслэлийн статистикийн газрын ханшийн мэдээллийг харцгаая. Ноолуурын ханш энэ улиралд 48 мянган төгрөгийн түвшинд хэлбэлзэж байна. Харин Хөдөө аж ахуйн биржийн Баасан гарагийн арилжаагаар килограмм ноолуур 52.9 мянган төгрөгийн жигнэсэн дундаж үнэтэй.
Энэ дундаж үнийг задлаад харвал, боловсруулаагүй цагаан ноолуур хамгийн өндөр буюу 67 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин бараан ноолуурын ханш 49 мянган төгрөгийг давжээ.
Өнгөрсөн жилийн өдийд нэг килограмм ноолуур 51 мянган төгрөг шүргэж байв. Энэ үнийг өнөөгийн ханштай харьцуулбал, үл ялиг өссөн болж таарч байна.
Ноолуурын ханш энэ улиралд 48 мянган төгрөгийн түвшинд хэлбэлзэж байна.
Ноолуурын ханш харьцангуй өсөлттэй бөгөөд тогтвортой байгаа нь хэд хэдэн шалтгаантай болохыг салбарынхан хэлсэн.
Тухайлбал, урд хөршийн эрэлт өмнөх жилүүдийнхээс өндөр байгаа. Энэ нь ханшид дэмжлэг болж буй. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн татан авалт өсчээ. Тухайлбал, “Говь” компани энэ онд 450 тонн ноолуур нөөцөлсөн нь өнгөрсөн оноос 10 хувиар ахиу дүн.
Харин бусад төрлийн түүхий эдийн үнэ уналттай байна. Тэмээний ноосны ханш өмнөх оноос буурсан. Өдгөө 5,176 төгрөгт хүрээд буй килограмм ноос өнгөрсөн жилийн өдийд 6,000 төгрөг шүргэж байв.
Тэгвэл биржээр дамжин арилждаггүй түүхий эдийн ханш ч буурсан, бүр навс унажээ.
Хонины нэхий, ямааны арьс нэг ширхэг тамхи, иштэй чихрийн үнэд хүрэхээ болж буй талаар уншигч та бишгүй л сонссон байх. “Эмээлт” захад малын арьс хөсөр хаягдаж, хог болж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлж байна.
Өдгөө навс унаж, хөсөр хаягдаж буй хонины нэхийний үнэ нэгэн цагт 10 мянган төгрөг давж байсан гэхэд итгэхэд бэрх болж. Энэ түүхий эд оны эхээр буюу цагаан сарын үеэр 1,000 төгрөгийн үнэтэй байв. Тухайн үед нэхийний үнэ навс унасныг гайхацгааж байсан.
Тэгвэл тэр гайхаш төрүүлсэн үнээс бараг 10 дахин буурчихаад байна. Хонины нэхий өлөнтэйгээ нийлээд 100-300 төгрөг. Хэрэв өлөнгүй бол үнэд ч хүрэхгүй. Ийм үгийг “Эмээлт”-ийн худалдаачид хэлж байлаа.
Монгол Улс жилд дунджаар 10 орчим сая мал хүнсэндээ хэрэглэдэг.
Жилийн таваас зургаадугаар сард нэхийний үс, хөрс мууддаг. Ноосыг нь хяргачихдаг учраас үс нь богино болдог.
Энэ үед үнэ нь унадаг байна. Гэхдээ одоогийнх шиг үнэ цэнээ алдаж байгаагүйг “Эмээлт” дэх ченжүүд ярьж байна.
Тэгвэл үнэ яагаад уруудав? Зөвхөн хонины нэхий биш. Малын гаралтай дийлэнх түүхийн ханш юунаас болж унав. Энэ асуултыг мэргэжлийн холбоо, салбарын яам, Хөдөө аж ахуйн биржийн удирдлага, худалдаачдад тавилаа.
Тэд ч харилцан адилгүй хариулт хэлэв. Тодруулбал, илүү өргөн хүрээнд харвал, дэлхий даяар бараа, бүтээгдэхүүний эрэлт буурч, үйлдвэрлэл хумигдаж байгаа аж. Энэ эрэлтийн удаашрал малын гаралтай түүхий эдийг ч дайрч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Монгол Улс жилд дунджаар 10 орчим сая мал хүнсэндээ хэрэглэдэг. Энэ онд тус үзүүлэлт улам өссөн гэх мэдээ бий. Тэгэхээр малын арьс, ширний тоо ч төдий хэмжээгээр нэмэгджээ.
Тэгвэл Монгол Улс арьс ширээ хагас болон бүрэн боловсруулж хилийн чанадад гаргадаг. Харин манай боловсруулах үйлдвэрийн хүчин чадал түүхий эдийн нөөцөөс бага гэдгийг мэргэжлийн хүн хэлсэн.
Тухайлбал, арьс бүрэн боловсруулдаг цөөн үйлдвэрийн нэг “Мон Ит Булигаар” компани жилд 500 мянган бодын ширийг гүйцэт, 2.2 сая богийн арьсыг гүн боловсруулах хүчин чадалтай хэмээн цахим хуудсандаа тэмдэглэжээ. Тэгвэл “Дархан нэхий” компани хоногт 5,000 ширхэг буюу жилд 1.5 сая хонь, ямааны арьс боловсруулах хүчин чадалтай аж.
Дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал маань түүхий эдийн нийлүүлэлтээс бага. Иймд нийлүүлэлт нь эрэлтээс хальж, үнэ унаж буйг мэргэжлийн хүн ярьж байсан юм. Үүнээс гадна жил бүрийн зуны улиралд “Харгиа” цэвэрлэх байгууламжийн засварын ажил эхэлдэг. Үүнээс үүдэн арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа түр зогсдог. Энэ ч үнэ унах нэг шалтгаан болжээ.
Үүнээс үзэхэд үнийн уналт зөвхөн уул уурхайг нөмөрдөггүй. Малчдын амьжиргааны нэг эх үүсвэрийг ч хөөс болгож буй нь энэ. Хямд түүхий эд худалдаж авах сонирхол үйлдвэрлэгч, худалдаачин хэн бүхэнд бий. Гэхдээ хямдарлаа гээд хонины бүтэн нэхий ширхэг тамхины үнэд хүргэхгүй байх нь хэнд ашигтай вэ?