Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

70 жилийн түүхт "Алдар"-ынхан энэ наадамд өнгөтэй байна

Б.Даваахүү
2016 оны 7 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн их баяр наадам болоход ердөө тав хоногийн хугацаа үлджээ. Наадам дөхсөн эл өдрүүдэд бөхийн галыг зорьсон цуваа ч тасардаггүй. Энэ жил хэн гэдэг бөх өнгөтэй байгаа, хэн хаана бэлтгэлдээ гарсан зэргийг сонирхсон бөхийн хорхойтнууд  бөхчүүдээ эргэн  бэлтгэлийг нь сэм сонирхон  наадмыг хүлээж буй.  

Тиймээс “Монголын мэдээ” сонины сурвалжлах баг  энэ удаа 70 жилийн түүхтэй Батлан хамгаалах яамны дэргэдэх “Алдар” спорт хорооны бөхийн галыг зорилоо. Хурмаст тэнгэр хур бороогоо энэ жил харамгүй хайрласан болохоор ч тэрүү хөдөө нутаг ногоорон мэлтийж, өнгө өнгө цэцэгс алаглаж хаа нэгтэйгээс таатай үнэр хамар цоргин ахуйд нэг мэдэхнээ л Төв аймгийн Алтанбулаг сумын “Пинтийн ам” гэх газарт байрлах “Алдар” спорт хорооны сургалтын баазад ирчихсэн байв.

“Алдар”-ынхан бэлтгэлдээ гараад 20 гаруй хоножээ

Биднийг очих үед Алдарынхан бэсрэг наадамд бэлдээд завгүй байлаа. Гурван том асар барьж, бөхчүүд нь зодог шуудгаа, харваачид нь үндэсний хувцсаа өмсч,  хурд хүч, цэц мэргэнээ сориход бэлтгэж байв. Жил бүрийн долоодугаар сарын эхээр Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний удирдлагууд “Алдар” спорт хорооныхоо бөхийн галд зочилж, бэсрэг наадам хийж бөх, харваачдынхаа өнгийг шинждэг уламжлалтай. 

Өмнө нь тус спорт хорооны бүх бөхчүүд нэгдсэн бэлтгэлд гардаг байсан бол сүүлийн жилүүдэд нутаг нутгийнхаа дэвжээний бөхчүүдтэй хийдэг болсон бөгөөд энд “Өмсдөг” Ш.Зоригтын удирдлага дор ихэвчлэн залуу бөхчүүд бэлтгэлээ базаадаг гэнэ. Харин наадам дөхөж долдугаар сар гармагц тал талаас бөхчүүд “Пинтийн ам”-д цугларч, бэсрэг наадам зохион байгуулдаг уламжлал тогтоод уджээ.

Бусад спорт хороодыг бодвол илүү өргөн бүрэлдэхүүнтэй гэж хэлж болох “Алдар” спорт хороонд улс, аймгийн цолтой 70 орчим бөх бий. Энэ жилийн хувьд ихэнх цолтой бөхчүүд нь аймаг, аймгийнхаа нутгийн дэвжээдийн галд бэлтгэлдээ гарчээ.

Тухайлбал, Архангай аймгийн галд Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын заан Ч.Санжаадамба, Улсын харцага Т.Мөнгөнцоож нарын бөхчүүд бэлтгэлээ базааж буй бол Увс нуурын галд арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс нарын бөхчүүд, Сэлэнгэ аймгийн “Таванхаан” дэвжээнд аймгийн арслан Б.Одгэрэл  нарын бөхчүүд, Булган аймгийн “Булган хүчтэн” дэвжээнд Улсын начин И.Ёндонсамбуу, О.Цогтгэрэл нар наадмын бэлтгэлдээ гарчээ.

Завхан аймгийн дэмжээнд Улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй бусад бөхчүүд гарсан байх бөгөөд энэ мэтээр тус тус нутгийнхаа дэвжээнд гарч байгаа юм байна.

Харин “Пинтийн ам” дахь үндсэн галд  аймгийн арслан Н.Мустапа, Аймгийн арслан Б.Серик, Бүх цэргийн начин П.Түмэнжаргал болон бусад залуу бөхчүүд гээд нийтдээ 20 гаруй бөх наадмын бэлтгэлдээ гараад 20 гаруй хонож байгаа ажээ. Алдар спорт хорооны Үндэсний бөхийн дасгалжуулагч бөх сонирхогчид дундаа “Өмсдөг Зоригт” гэх нэрээр танигддаг Улсын начин Ш.Зоригт үндсэн гал дээрээ байрлаж, залуу бөхчүүдээ наадамд бэлтгэж байна.  

“Торгон ирэнд нь тохируулах үедээ явна”

Манай сурвалжлах баг бэсрэг наадам эхлэхээс урьтаж, улсын начин Ш.Зоригтоос наадмын бэлтгэл хийгээд бөхчүүдийн өнгө ямар байгааг асууж тодрууллаа. Тэрбээр бидэнд бөхийн нэр цохож хэлэхээс цэрвэж байсан ч, хэд хэдэн бөх нь шинээр улсын цолд ойртож, харин цолтой бөхчүүд нь аварга болох болов уу хэмээн таамаглаж буйгаа нуугаагүй. 

Түүнээс бөхчүүдийн бэлтгэл ямар шатандаа яваа талаар тодруулахад, “Бэлтгэлийн хувьд үндсэн үе дуусаад сэргэлт, амралтын үе буюу тактик техникээ боловсруулах үедээ  орсон байна. Мориор ярьбал торгон хэлэндээ тохируулах үе шатандаа явна даа” гэлээ.  Ш.Зоригтын таамаглаж буйгаар “Алдар” спорт хорооны 20-30 аймаг, цэргийн цолтой бөхчүүд улсын цол авах боломжтой бөгөөд 3-4 улсын начин төрөх магадлал өндөр байгаа ажээ.

Бүр шинэ аваргатай болох болов уу гэсэн горьдлого тээж байгаагаа тэрбээр бидэнд хуучилсан юм. Тэдний бэлтгэлээ хэрхэн базаасныг илтгэх мэт зодог шуудаагаа өмссөн бөхчүүдийн арьс нь нарны гэрэлд түлэгдэж борлосон харагдсан юм. Уул ус нь тэгширсэн байгалийн үзэсгэлэнт  газар 20 гаруй хоног  бэлтгэлээ базаасан  бөхчүүд борлох нь ч аргагүй биз.  Ингээд Ш.Зоригт начингаас бэсрэг наадам эхлэхээс урьтаж, хэдхэн хором хөөрөлдсөнөө уншигчиддаа сонирхуулья.

Ш.Зоригт: Анх удаа барилдаад аймгийн арслан цолтой бөхийг давж байсан минь санаанаас гардаггүй

/“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Улсын начин/

-Энэ жилийн наадмын онцлог нь юу  байх вэ. Өмнө нь есөн даваатай байсан бол энэ жил 10 даваатай болсон байгаа. Өмнөх наадмуудаас юугаараа өөр байх вэ?

-Энэ жилийн наадам маш  онцлогтой болно. АСЕМ-ыг зохион байгуулж буйтай холбоотойгоор бүх аймаг сумдын наадмыг Улсын баяр наадмаас хойш зохион байгуулна. Тиймээс бөхчүүд бүгд улсын наадамдаа барилдана гэсэн үг. Энэ жил 1,024 бөх барилдана. 

Бэлтгэл сайтай маш олон бөх  барилдах  тул даваа бүр чанга байх нь тодорхой. 1,024 бөхөөс үзүүр түрүүнд хүрч чадвал аварга болох боломжтой байгаа.

1,024 бөхөөс үзүүр түрүүнд хүрч чадвал аварга болох боломжтой байгаа. 

Мөн улсын цолтон олноороо төрөх болов уу. Бөхчүүдийн хувьд маш олон боломж байгаа учраас дөрвөн жил бэлтгэлээ сайтар хангасан залуу бөхчүүд  цолоо ахиулахаар барилдана.

Тиймээс тун өрсөлдөөнтэй болох байх. Урьд нь 512 бөх барилдаж, есийн даваатай байсан бол энэ жил тэгш ой тохиож буй учир 1,024 бөх барилдаж, 10 даваатай болсон. Улсын арслан цолтой бөх үзүүрлэсэн тохиолдолд шууд аварга болох боломжтой. Ер нь энэ жил маш өрсөлдөөнтэй наадам болох болов уу.  

-Монгол хүүхдүүд багаасаа л барилдаж өссөн байдаг. Таны хувьд хэдэн наснаасаа Үндэс­ний бөхийг сонирхож эхлэв?

-Монгол хүүхдүүдийн нэгэн адил хар багаасаа дээлээ урж, ноцолдож өссөн дөө. Өсвөр насандаа самбо бөхийн дугуйланд орж хичээллэснээс хойш  самбо, жудо бөхөөр олон жил барилдсан. Харин 20 гарсан хойноо Үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн юм. Ер нь 13, 14 настайдаа барилдаж эхэлснээс хойш эдүгээг хүртэл бөхөө хаяагүй л явна.  

-Самбо бөхийн дугуйланд хэн нэгэн таныг урьж байв уу, эсвэл өөрийн сонирхлоор хичээллэж эхэлсэн үү?

-Социализмын үед дэлхийн аваргууд бүгд л самбо бөхөөр барилддаг байсан юм.  Бүх спортын номер нэг нь самбо бөхийн барилдаан байлаа. Одоо бол жүдо болчихжээ. Тухайн үед дэлхийн аварга болно гэсэн хүүхэд насны хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж самбо бөхөөр хичээллэж эхэлсэн. Яах вэ, тэр мөрөөдлөө ч биелүүлж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн. Харин дараа нь Үндэсний бөхөөр хичээллэж  аймгийн арслан болсныхоо дараа улсын цол хүртэж байлаа.

-Үндэсний бөхийн спорт руу сонирхлоороо л орчихсон уу?

-Тэгэлгүй яах вэ. Үндэсний бөх самбо, чөлөөт барилдааны үндсэн суурь нь байдаг юм. Ямар ч монгол хүүхэд Үндэсний бөхөөр барилдаж чаддаг.  Энэ спортоор хичээллэхэд тэр авьяас нь илүүтэй хөгждөг юм. Тэр жишгээр жаахан хожуу ч гэхүү, 20 гаруй насандаа Үндэсний бөхөөрөө хичээллэж эхэлсэн дээ.

-Та удам дагаж бөх болов уу?

-Бөхийн удам бий. Миний ээжийн хоёр дүү аймгийн арслан Жамьянсүрэн, цэргийн заан Отгонбаатар гээд хүмүүс байдаг юм. Тэр талаа бодвол манай удамд сайн бөхчүүд бий. Дүү маань ч гэсэн сумандаа тав түрүүлсэн сумын заан хүн байдаг юм.

-Хүүгээ бөх болгоё,  бөхийн спортод оруулья гэсэн бодол танд байдаг уу?

-Үндэсний бөх өөрөө мэргэжлийн спорт тал руугаа өндөр хөгжсөн. Ийм үед Үндэсний бөхөөр хүссэн хүн бүр  амжилт гаргаж  цол авна гэдэг нэлээд хүнд даваа шүү дээ. Миний хүү барилдвал сайн л байна. Барилдахгүй байсан ч яах вэ. Би ганц хүүтэй. Өөрийнхөө хүслээр барилдвал тэр л биз. Түүнээс биш шахахгүй. Хүн бүрийн чадвар өөр өөр. Тиймээс өөр өөрийнхөө хэмжээнд л сумын начин, заан гээд  цол авдаг юм.

-Гарын шавь бий биз?

-Бий бий. Нэлээд олон байгаа. Шавь нар маань сайхан барилдаан үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Эхнээсээ улсын цол аваад эхэлчихлээ. Улсын начин Э.Даш миний шавь байгаа юм. Мөн Б.Серик, Н.Мустапа, Д.Анар гэх мэт аймгийн арслан, заан  цолтой 10 гаруй шавьтай. Тэд маань энэ наадмаар  бүгдээрээ сайхан барилдаж, цолоо ахиулах байх.

-Шавь нар тань амжилт гаргахад сайхан байдаг байх даа?

-Шавь нар чинь сүүлдээ үр хүүхдээс ялгаагүй болчихдог юм байна. Үр хүүхдээ амжилт гаргахад хүмүүс яаж баярладаг билээ. Яг түүн шиг л баярладаг.

-Бөхчүүдийн хувьд анхны даваа нь мартагддаггүй юм гэсэн . Та анхны давааныхаа дурсамжаас бидэнд хуваалцаач?

-20 гаруй насандаа Үндэсний бөх рүү орсон гэж дээр дурьдсан шүү дээ. Хотод ирснийхээ дараа  заалны барилдаанд цэргийн начин Д.Отгон гэдэг хүнээр анх удаа давж байсан юм.

Анх барилдаж байсан би аймгийн арслан цолтой өөрөөсөө том биетэй бөхийг давж байсан минь одоо ч  санаанаас гардаггүй.  

Шавь нар чинь сүүлдээ үр хүүхдээс ялгаагүй болчихдог юм байна. 

-Таны аав ямар хүн байв. Хүү нь бөх болоход баярлаж байсан байх?

-Намайг Үндэсний бөхөд  хөтөлж оруулсан хүн бол миний аав байгаа юм. Их л баяртай байдаг байсан.  Яах вэ намайг улсын начин болохыг үзсэн. Улсын начин цол хүртсэний намар аав минь өөд болсон.  

-Бөхийн ёс жудаг сүүлийн үед гээгдээд байна уу даа гэх хардлага нийгэмд байдаг юм. Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд гараасаа олон шавь төрүүлсэн хүний хувьд та ямар бодолтой байдаг вэ?

-Олон хүнтэй харьцаж буй багш хүний хувьд энэ талаар заримдаа эргэцүүлэн боддог л юм. Аливаа юм хоёр талтай шүү дээ. Орчин үед хэвлэл мэдээлэл эрчимтэй хөгжсөнтэй холбоотойгоор жижиг зүйл том болж харагдах тал бий. Нөгөө талаар, монгол бөх  ёс суртахуун,  ёс жаяг дээр үндэслэж барилддаг юм.  Монгол наадам тэмцэл биш. Тэмцэл гэвэл тэмцээн болно.

Наадам гэдэг баяр наадам шүү дээ. Сүүлийн үед  тэмцэл гэх зүйл хүчтэй гарч ирсэн. Хүчтэй өрсөлдөөний уршгаар бөхийн барилдааны гол үндэс болох ёс жудаг алдагдаад байх шиг. Үндэсний их баяр наадам бол тэмцэл биш, зүгээр л баяр. Хэт улайрч, тэмцэлдээд ирэхээрээ ёс жудаг уландаа гишгэгдэх асуудал гарч ирж байгаа юм. Үнэхээр ч амь амьдралаа золиослоод хүнд спорт руу орж байгаа учир аргагүй л байх. Аливаа юманд сайн тал байхад сул тал бас бий.  

Ч.Санжаадамба түрүүлж, Н.Мустапа үзүүрлэв

Бид ийн хөөрөлдөж байх зуурт бэсрэг наадмын бэлтгэл ажил үндсэндээ шувтарч, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд хүрэлцэн ирж, бөхийн барилдаан эхлэхэд бэлэн болсон байх нь тэр. Улсын начин Ш.Зоригт ч шүүгч хийхээр суудалдаа тухлав.  Наадамд зодоглох бөхчүүдээ эргэж, өнгө зүсийг нь шинжихээр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид, “Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар хүрэлцэн иржээ.

Тэдний ирэхэд бүх л тамирчид эгнэн зогсч мэндэлсний зэрэгцээ Д.Даваа генерал ч бүгдтэй нь гар барин мэндчилж амжилт хүсч байлаа.  Дараа нь тэд хүндэтгэлийн суудалдаа сууж, бэсрэг наадмын хүчит 32 бөхийн барилдаан эхлэв. Бэсрэг наадамд үндсэн галын бөхчүүдээс гадна Архангай, Хөвсгөл аймгийн бөхийн галд бэлтгэлээ базааж буй бөхчүүд ч хүрэлцэн ирсэн байлаа.  

“Алдар” спорт хорооны бөхчүүдээс хэн хамгийн өнгөтэй байгааг харах гэж яарч байснаа ч нуугаад яах вэ.  Ингээд бөхийн барилдаан ч эхэлж, эхний даваанаас 16 бөх үлдсэн юм. Цол зэрэгтэй, залуу бөхчүүдээс илүү бэлтгэлтэй, хэдэн жилийн наадамд илүү барилдсан гэдгээрээ аймаг, улсын цолтой бөхчүүд аргагүй ялгарч байна билээ. Эхний хоёр гурван даваа цай уух зуурт л болж өнгөрсөн бол шөвгийн дөрвөн бөхийн барилдаан тун чиг ширүүн өрнөсөн. 

Бэсрэг наадмын хүчит 32 бөхийн барилдааны шөвг­ийн дөрөвд Аймгийн арслан Н.Мустапа, Улсын заан Ч.Санжаадамба, цэргийн начин Б.Зоригтбаатар, аймгийн арслан М.Баяржавхлан нар шалгарч үлдсэн юм.  Үзсэн олон ч эдгээр бөхчүүд  өнгөтэй байгааг  өөр хоорондоо ярьж буй харагдсан. Ингээд үзүүр түрүүнд тэднээс Н.Мустапа, Ч.Санжаадамба нар тунан үлдэж, Ч.Санжаадамба түрүүлсэнээр бөхийн барилдаан өндөрлөлөө.

Д.Норжмаа мэргэн сурын харваачдаа ахалж байна

Бөхийн галаа эргэж, бэсрэг наадам зохион байгуулж яваа Зэвсэгт хүчний Жанжин штабынхан Үндэсний сурын харваачдынхаа цэц мэргэнийг ч сорилоо. Ерөнхийдөө “Алдар” спорт хорооны Үндэсний сурын харваачдыг  Д.Норжмаа мэргэн ахалж, бэлтгэл сургуулилтыг хийлгэж буй аж. Гэхдээ энэ удаа Д.Норжмаа мэргэн ирээгүй байсан тул гэр бүлээрээ  үндэсний сурын спортод амьдралаа зориулж яваа улсын хошой мэргэн С.Энхтунгалагтай бид  уулзлаа. 

Тэрбээр “Алдар спорт хорооны Үндэсний сурын харвааны баг Монголдоо ганц  мэргэжлийнх гэж хэлэх би дуртай. Цэргийн цол зэрэгтэй, цалинтай сураа харваад явж байдаг тамирчид нэлээд олон бий. Мөн зэрэг цолгүй спортын мастер, дэд мастер гэсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байдаг юм. Хавраас гадаа бэлтгэлээ хийж, зунжин тэмцээн уралдаанд оролцоод намар хаалтын тэмцээнээ дуусгадаг бид бусад багуудаас ялгарах онцлогтэй. 

Тодруулбал, бид өвөл зааландаа бэлтгэл хийдэг. Нэг үгээр жилийн дөрвөн улиралд бэлтгэлтэй байдаг юм. Биднийг бэлтгэл хийх бүхий нөхцөл бололцоогоор спорт хороо  хангаж өгдөг. Үүгээрээ ч их бахархдаг юм” хэмээн хошой аварга маань ярьж байна. Тиймдээ ч “Алдар”-ын сурын харваачид жил жилийн наадамд том амжилттайгаар оролцдог биз.

Өнгөрсөн жил гэхэд Буриад, Халх сурын харвааны түрүүг зөвхөн “Алдар” спорт хорооны тамирчид л хүртсэн байдаг. Бүр тодруулбал, таван хүн айрагдсан амжилттай байсныг уншигчид санаж буй болов уу. Энэ амжилт  ямар мундаг харваачид “Алдар”-аар овоглож явдгийн тод жишээ юм.

С.Энхтунгалаг мэргэний хэлж буйгаар сүүлийн жилүүдэд багаа улам сайжруулах зорилгоор шинэ залуу харваачдыг эгнээндээ нэгтгэх болжээ. Залуу тамирчдаа зэрэг, цолд хүргэхийн төлөө сургаж, бэлтгэсний үр дүн нь ч гарч эхэлсэн гэнэ. 

Тухайлбал, сурын харваагаар жил гаруй хугацаанд суралцсан Жаргалсайхан спортын дэд мастер цол авсан бол Баян-Өлгий аймгаас зорьж ирэн сургуулилт хийсэн арваннэгдүгээр ангийн сурагч Х.Цогбаяр хүү Өсвөрийн улсын аварга болжээ. Мөн Д.Норжмаа мэргэний хүү улсын нээлттэй тэмцээнд гуравдугаар байрт шалгарсан байна. Энэ мэтээр “Алдар”-ын залуу үе өнгөтэй явна.  Бөхийн галд зочлох далимаар бэсрэг наадам үзэж, гэр бүлийн улсын мэргэнтэй таарсандаа бид ч баяртай явлаа. Энэ зуурт улсын хошой мэргэн С.Энхтунгалагаас хэдэн асуултад хариулт авсан юм.

С.Энхтунгалаг: Шинэ цолонд хүрсэн юм чинь үзэлцэнэ ээ

/Улсын хошой мэргэн/

-Наадамд цэц мэргэнээ сорих харваачдын өнгө ямаршуу байна?

-Энэ жил харваачид маань өнгөтэй байгаа. Б.Баярсайхан мэргэн, Д.Норжмаа мэргэн их өнгөтэй байна даа.

-“Алдар” спорт хороонд  хэчнээн улсын мэргэн байдаг вэ?

-Дөрөв бий. Хоёр эрэгтэй , хоёр эмэгтэй байгаа.

-Өнгөрсөн жил танай гэр бүлийн хүн ч гэсэн түрүүлж байсан байх аа?

-Тийм ээ. Хамт түрүүлсэн. Саяхан Ахмадын улсын аварга шалгаруулах Үндэсний сурын харвааны  тэмцээнд  нөхөр маань түрүүлсэн. Эрэгтэй 60, эмэгтэй 55-аас дээш насны харваачдын дунд Ахмадын Үндэсний сурын харвааны улсын аваргын тэмцээн зохион байгуулагдсан юм.

-Энэ жил шинээр улсын мэргэн төрөх болов уу?

-Төрөлгүй яах вэ. Хэн ч болж магадгүй. Хэн гэдгийг тааж хэлэхэд хэцүү. Мэргэчүүд цолоо ахиулж болно. Шинээр гарч ирж ч магадгүй. Сурын харваа хэцүү. Тухайн үед хэн азтай,  одтой байна тэр хүн л түрүүлнэ шүү дээ.

-Үндэсний сурын харваа хүнээс тэсвэр тэвчээр их шаарддаг юм шиг санагддаг?

-Тийм шүү. Хүнээс маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Нарны өөдөөс хараад зогсоход тийм амар биш. Туйлын сонирхолтой, дуртай тулдаа л ингээд зогсч байна даа.

-Та энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-1981 оноос хойш Үндэсний сурын харваагаар хичээллэж эхэлсэн. Эдүгээ  35 жил дахь жилтэйгээ золгосон байна. Анх 1986 онд түрүүлж байлаа. Түүнээс хойш 29 жилийн дараа өнгөрсөн жил хошой мэргэн болсон. Шинэ цолонд хүрсэн юм чинь энэ жилийн наадмаар үзэлцэнэ л гэж бодож байгаа. Сая Үндэсний сурын Улсын аварга шалгаруулах тэмцээнд  хоёрдугаар байрт шалгарсан.  

-Хошой мэргэнээс дараагийн зэрэг цол нь юу байна?

-Гоц мэргэн, гарамгай мэргэн гээд хязгааргүй шүү. Зургаа түрүүлсэн гавьяат Ч.Мөнхцэцэг дархан мэргэн цолтой. Түүний дараа тав түрүүлсэн даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, дөрөв түрүүлсэн гарамгай мэргэн Х.Оюунцэцэг гээд олон мундаг эмэгтэйчүүд бий. Энэ мэтээр том том мэргэнүүд тус тусдаа бэлтгэлээ базааж байна.

-Энэ жилийн наадмын Үндэсний сурын харваа ямар онцлогтой байх бол?

-Энэ жил харваачид их болсон болохоор наадмын талбайд багтахгүй гээд тооны хязгаар тогтоочихсон. Талбай руу 500-аас илүү харваач оруулахгүй гэнэ билээ. Үүнээс гадна шинэ  залуу харваачдад босго тавьчихсан байгаа. Наадмаас өмнөх улсын тэмцээнд 20 оноогүй бол улсын зэрэг цолгүй, шинээр орж ирсэн залуучуудыг наадамд оролцуулахгүй болсон.

-Таны хүүхдүүд ч гэсэн Үндэсний сурын харваагаар хичээллэж байсан гэж сонссон юм байна?

-Хоёр хүү маань сур харвадаг. Гэхдээ одоо завгүй болцгоосон. Арваннэгдүгээр анги төгстөлөө сур харваж байсан юм. Оюутан болж, их сургууль төгссөнийхөө дараа төрийн албанд орсноос хойш хоёулаа завгүй болсон.  

-Хамгийн анх сурын харваа гэх тэвчээрийн спорт руу татагдаж орсон түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?

-Их сургуульд орсоны дараа найз Сувдаагаа дагаж, Ч.Батбаяр багш дээр сур харваж сурахаар очиж байлаа. Нэгдүгээр курсээсээ л эхлээд хичээллэсэн.  Үндэсний сурын доктор, профессор спортын мастер, Үндсэний сурын холбооны хүндэт Ерөнхийлөгч мундаг багш бий. Багшийнхаа удирдлага дор их сургуулийн дөрвөн оюутны хамт хичээллэж эхэлсэн ч, эцэстээ ганцаараа торойгоод үлдсэн дээ.

-Анхны тэмцээний дурсамжаас сонирхуулбал?

-Эхлээд Үндэсний сурын нийгэмлэгүүдийн жижиг тэмцээнээс эхэлж байлаа. Сурын харваагаар хичээллэж эхэлснээс хойш нэг, хоёр жилийн дараа жижиг тэмцээнд түрүүлж, яг таван жилийн дараа улсын мэргэн болж байсан юм.

-Үндэсний сурын харваачид ихэнхдээ удам дагасан байх нь бий. Харин таны хувьд?

-Манай удамд харваач байгаагүй. Харваачид ихэнхдээ ээж аав эмээ өвөөгөөсөө уламжилсан байдаг. Харин би дундаасаа орчихсон юм. Өөрөө харваж эхэлснээсээ хойш ханиа, хоёр хүүгээ, найз нөхдөө ч энэ спорт руу оруулсан даа. Хэд хэдэн шавь бий.

-Тамирчдад бие махбодийн бэлтгэлээс гадна сэтгэлзүйн бэлтгэл их чухал юм шиг санагддаг?

-Сэтгэлзүйн бэлтгэл хамгийн чухал. Өвөл, зун, хавар, намартаа нум сумтайгаа сайтар танилцсаны дараа сэтгэлзүйн бэлтгэл хийх хамгийн  чухал. Сэтгэлзүйгээ зөв удирдаж, биеэ зөв удирдаж чадсан хүн л байгаа ононо.

...Биднийг ийн ярилцах зуурт нар хэдийнэ жаргах дөхжээ. Хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадамд амжилттай оролцох ерөөл тавьж бид ярилцлагаа төгсгөлөө. Монголчууд бидний итгэл найдвар хүлээлгэж, түрүү бөх, мэргэний таамагт аль хэдийнэ багтаасан тамирчид бэлтгэлээ ийн базааж байна. Байгалийн сайханд саатаж, бөхийн уран мэх, харваачдын цэц мэргэнийг үзэж сонирхсон манай сурвалжлах баг ч нийслэл хотын зүг төмөр хүлгийн жолоо залахад бэлэн болсон байлаа. 

Дэлхийн хоёрдугаар дайны гашуун сургамж, хар сүүдэр бүрэн арилж амжаагүй байх үе буюу 1946 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр манай ард түмэн анхны дөрвөн спортын нийгэмлэгийг байгуулсны нэг нь тухайн үеийн “Цэрэг” нийгэмлэг буюу өнөөгийн “Алдар” биеийн тамир, спортын хороо байсан түүхтэй. Байгуулагдсан цагаас өнөөг хүртлэх хугацаанд Монгол­ын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд өргөн мандуулсаар байгаа “Алдар” спорт хорооны сургалтын баазад нэг өдөр саатсан сурвалжлагаа энэ хүргээд өндөрлөе.

Зураг