Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ: Уулзалтын аюулгүй байдлыг хангах явц 91.5 хувьтай байна

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 6
iKon.MN
 

АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын талаар ЦЕГ болон Монголын телевизүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

АСЕМ-ын уулзалтын үеэр ЦЕГ хэрхэн ажиллах талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Туслах комиссар П.Энхтогтох "ЦЕГ нь 2014 оны 12 дугаар сараас эхлэн АСЕМ-ын уулзалтад бэлдэж байна

Бид АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 11 бүлэг, 120 заалт бүхий төлөвлөгөө боловсруулсан. Өнөөдрийн байдлаар АСЕМ-ын уулзалтын аюулгүй байдлыг хангах явц 91.5 хувьтай явж байна. 

Бид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Улаанбаатар хотын 1,100 орчим камерыг хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглана

Энэ үеэр нийт 5,000 гаруй албан хаагчид хамгаалалтын албанд ажиллана. Үүний 570 орчим нь төв орон нутгийн цагдаа, сайн дурын 150 гаруй сонсогч оюутан байхаас гадна оюутан цагдаа, ахмад цагдаа нар тус тус багтсан.

Эцэст нь, ЦЕГ нь АСЕМ, наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллах болно гэдгийг хэлмээр байна.

Түүнчлэн энэхүү баяр наадмын аюулгүй байдлыг хангахад иргэд та бүхний оролцоо нэн чухал юм шүү" гэлээ.

"Наадмыг 4 байршил, АСЕМ-ын уулзалтыг 9 байршлаас шууд дамжуулна"

Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Дагиймаа хэлэхдээ "Энэ жилийн наадмыг МҮОНТВ болон телевизүүдийн холбоо онцгой эрхтэйгээр шууд дамжуулна.

Наадмыг 4 байршил, АСЕМ-ын уулзалтыг 9 байршлаас шууд дамжуулах техник технологийн бэлтгэл ажил хангагдсан байна. Мөн EURO VISION холбооны техникийн ажилтнууд, продюсеруудтай хамтарч ажиллах болно. 

Та бүхнийг бидний үйл ажиллагааг ойлгоно гэдэгт итгэлтэй байна" гэж онцлон ярьсан юм.