Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Элга ордын 49 хувийг “Газпромбанк” эзэмшлээ

Э.Оджаргал
2016 оны 7 сарын 1
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Оросын “Мечел” групп өөрийн эзэмшлийн Элга нүүрсний ордын 49 хувийг Газпромбанкинд 34.3 тэрбум рублиэр худалдах хэлэлцээрийг амжилттай хийж дуусгажээ.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Газпромбанк нь Элга ордын тусгай зөвшөөрлийн эзэмшигч оператор “Эльгауголь” болон төслийн 321 км салаа төмөр замын эзэмшигч “Эльга дорога” компаниудын нийт 49 хувийг эзэмшихээр болж байна. Тус наймаа нь “Мечел” группын өрийн ачааллыг буруулахаас гадна Элга ордын төслийг хэрэгжилтийг урагшлуулахад түлхэц болно гэдгийг тус группын Ерөнхий захирал Олег Коржов мэдэгдэлдээ онцолжээ.  

Мечел групп нь Сберабанкинд нийт 1.3 тэрбум ам.долларын өртэй бөгөөд үүнээс 476 сая ам.долларын өрийг Элга ордын 49 хувийг Газпромбанкинд худалдсанаар дарж байгаа юм. Үлдсэн өрийг 2017-2020 онд барагдуулахаар өнгөрсөн тавдугаар сард банкуудтай нэгдсэн тохиролцоонд хүрчээ. 

Өмнө нь “Мечел” группийн тэргүүн Игорь Зюзин “Эльгауголь” компанийн 70 хувийг 70 тэрбум рубль буюу нэг тэрбум ам.доллараар худалдах гэж байгаа тухай мэдэгдэж байсан ч хэлэлцээр амжилтгүй болсон юм.

“Мечел” групп нь 2.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Элга ордыг ашиглах лицензийг 2008 онд авсанаас хойш уг төсөлд нийт 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Ихэнх хөрөнгө оруулалт нь ордыг БАМ-тай холбох 316 км төмөр замын бүтээн байгуулалтад зориулагдсан байна.

Зураг