Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-ын Хүнсний аюулгүй байдлын хуралд НЭМХ-ийн санал дэмжигдэв

ikon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-21-ний өдрүүдэд Төрийн ордонд амжилттай болж өндөрлөсөн билээ.

Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо, НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, НҮБХС, Койка гэх мэт хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэндийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй 11 олон улсын байгууллага, МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХХААЯ, ЭМСЯ, МХЕГ, НЭМХ, МЭХ, МХХ, СҮНЭХ зэрэг төрийн ба төрийн бус байгууллагын нийт 130 төлөөлөгч оролцлоо. Тус зөвлөлдөх уулзалтад НЭМХ-г төлөөлж захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар; ХСТ-ийн дарга, АУ-ны доктор Ж.Батжаргал; ЭШТА, АШУ-ны доктор У.Цэрэндолгор; ЭША, ХАБ-судлаач Б.Энхтунгалаг, ЭША Н.Болормаа нар оролцов.

Уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, мөн үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэгдэж байв.

Зөвлөлдөх уулзалтын эхний өдрийн хуралдаанаар хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд
  • “Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал, хүнсний бүтээгдэхүүний худалдаа,  тээвэр логистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга зам”,
  • “Органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал, зах зээлийн чиг хандлага”,
  • “Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага”,
  • “Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчний асуудал”,
  • “Хүнсний нэмэлтийн зохистой хэрэглээ, анхаарах асуудал”,
  • “Хүүхдэд чиглэсэн эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгааг хязгаарлах”,
  • “Хүүхдийн дундах таргалалтыг бууруулах” зэрэг олон илтгэлүүд тавигдаж, санал солилцсон.
Мөн ХСТ-ийн дарга, АУ-ны доктор Ж.Батжаргал “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын дэлхий чиг хандлага” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, эхийн сүүгээр хооллохын давуу тал, эрүүл мэнд болон эдийн засгийн үр ашиг, ач холбогдолд Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтад оролцогчдын анхаарлыг хандуулж чадсан юм.

Хоёрдахь өдрийн хуралдаанаар зөвлөлдөх уулзалтад оролцогчид “АСЕМ-ын дээд түвшний уулзалт”-д хүргүүлэх “Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын товч тайланг хэлэлцэн баталсан. Гишүүн орнууд хуурамч бараа бүтээгдэхүүн, үүнд хуурамч эм, хоол хүнс хүний эрүүл мэндэд хортой, амь насанд эрсдэл учруулж байгааг ASEM-ийн гишүүн орнууд онцолж байв. Нэгэнт хуурамч бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа өнөө үед хуурамч бүтээгдэхүүн эсэхийг шалгах нано шошгололт чухал юм. Нано шошгын нэг загвартай зөвлөлдөх уулзалтад оролцогчид танилцлаа. 

НЭМХ-ээс гаргасан санал дэмжигдэж, хүнсний нэмэлтийн бүртгэл, хүнсний нэмэлтийн хэрэглээний дээд хэмжээ болон хүн амын өртөлтийн байдалд үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх асуудлаар ASEM-ийн гишүүн орнууд хамтран ажиллах нь зүйтэй гэж гэсэн асуудалд зөвлөлдөх уулзалтад оролцогчид санал нэгдлээ.

 

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн