Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британий бүх нийтийн санал асуулга эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Их Британийг Европын Холбоонд үлдэх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга дөнгөж сая буюу манай цагаар 15:00-д Британи даяар эхэллээ.

Орон нутгийн цагаар 07:00-22:00 цагийн хооронд үргэлжлэх санал асуулгад 46,499,537 хүн оролцох тооцоотой байгаа нь Британий түүхэнд бичигдэх дээд үзүүлэлт юм.

Саналын хуудсанд “Нэгдсэн вант улс Европын Холбооны гишүүн хэвээр үлдэх үү? эсвэл Европын Холбооноос гарах уу?” гэсэн асуулт байгаа гэнэ.

Бүх саналын 50 хувиас илүү санал авсан тал нь ялах юм.

Санал асуулгын цаг дууссаны дараа санал хураах цэгүүдээс 382 засаг захиргааны нэгжид лацтай саналын хайрцгуудыг илгээнэ. Англи, Шотланд, Уэльс даяар 380 нэгж байгаа бол Умард Ирланд, Гибралтарт нэг нэг байгаа аж.

Ингээд шөнийн турш нэгж бүр санал асуулгын дүнгээ тоолж зарлана. Санал асуулгыг зохион байгуулах хороо эцсийн үр дүнг Баасан гарагийн үдийн цайны цагийн орчимд нэгтгэж зарлахаа мэдэгджээ. Энэ нь Улаанбаатарын цагаар Баасан гарагийн орой 20:00 цагийн орчимд гэсэн үг юм.

Эх сурвалж: BBC