Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын пуужин бодитой аюул болж хувирлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын сүүлд зохион байгуулсан дунд тусгалын Мусудан баллистик пуужингийн туршилт аюул бодитой болсныг харууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш таван удаа туршихдаа бүтэлгүйтсэн Хойд Солонгос энэ удаа алдаагаа засч амжилттай туршжээ.

Мусудан пуужингийн тусгал Япон, АНУ-ын цэргийн бааз байрладаг Гуам хүрэх чадалтай болсон байна. Өчигдөр буюу Лхагва гарагийн өглөө болсон хоёр удаагийн туршилтаар нэг пуужин нь 400 км туссан бол нөгөөх нь 150 км зайнд хүрчээ.

Өмнөх туршилтаар харвасан пуужин нь холдолгүй тэр дороо дэлбэрдэг байсан бол энэ удаа Хойд Солонгосын дэглэм технологийн дэвшил гаргасан нь харагдаж байна.

Анх 2007 онд Мусудан пуужингийн загварыг боловсруулахдаа 3 мянгаас 4 мянган километр тусгалтай гэж тооцож байв. Сүүлийн туршилтаар энэ зайны аравны нэг хүргэж чадсан ч тэд шумбагч онгоцноос харвах системтэйгээ хослуулбал Солонгосын хойгийн бүх хэсэг, Япон, Гуам хүргэж чадахаар болжээ.

Туршилтын өмнөх өдөр Японы батлан хамгаалахын сайд Накатани зэвсэгт хүчиндээ даалгавар өгч өөрийн агаарын хилд орж ирсэн Хойд Солонгосын бүх пуужинг устгахыг тушаасан байна.

Одоогоор Өмнөд Солонгос, АНУ-ын армийнхан туршилтын үр дүнд гүнзгий шинжилгээ хийгээд эхэлжээ. Өмнөд Солонгосын засгийн газар Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөө яаралтай хуралдуулсан нь пуужингийн аюул занал хэр бодитой болсныг харуулж байна.

Мөн Япон, АНУ улсууд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг уриалжээ.

 

Эх сурвалж: Korea Times