Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Авирмэд: Цахилгааны мөнгөө тушааж 20 сая төгрөг ХОЖЛОО

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
 

ГТЕГ дээр тавдугаар сарын НӨАТ-ын сугалааны азтан болсон иргэдэд батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо. Энэ удаа 2016 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд бүртгэгдсэн баримтуудаас азтанууд тодорчээ.

Азтануудыг ангилбал:

  • 20 сая төгрөг хожсон нэг,
  • 4 сая төгрөг хожсон 11,
  • 500 мянган төгрөг хожсон 82,
  • 100 мянган төгрөг хожсон 845,
  • 20 мянган төгрөг хожсон 8,307 иргэн байгаа юм.

Хамгийн их буюу 20 сая төгрөгийг Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б.Авирмэд цахилгааны мөнгөө тушаасан баримтаараа хожсон байна.

"Их-Уулчууд минь бүгд өөрсдийн хаягтай болж баримтаа бүртгүүлээрэй"
 

Ингээд Б.Авирмэд шагнал гардсаныхаа дараа сэтгүүлчдэд яриа өгөхдөө “Манай Их-Уул суманд ганцхан цахилгааны мөнгөө тушаахад л баримт өгдөг. Тэгээд цахилгааны мөнгөө тушааж азтан боллоо.

Би өмнө нь баримтаа өөр хүний хаягаар бүртгүүлдэг байлаа. Сая өөрөө хаягтай болж баримтаа бүртгүүлснээр азтан болсон. Манай сумынхан баримтаа нэг их тоодоггүй байх тал бий. Одоо бол баримтаа хаяхгүй байх аа.

Их-Уулчууд минь бүгд өөрсдийн хаягтай болж баримтаа бүртгүүлээрэй. Цаашид олон азтан тодрох байх гэж бодож байна.

Манай гэр бүлийн хүн бид хоёр сугалаанд хожсон мөнгөөрөө юу хийхээ нарийн төлөвлөөгүй ч сайхан унаатай болъё гэж бодож байна” хэмээсэн юм.

“1,240 ТӨГРӨГӨӨР ГОЙМОН АВААД ДӨРВӨН САЯ ТӨГРӨГ ХОЖЛОО”
 

НӨАТ-ын сугалаанд худалдан авалтын үнийн дүн хамаардаггүй. Тиймдээ ч иргэд бага мөнгөөр худалдан авалт хийсэн ч их хэмжээний мөнгө хожих боломжтой байдаг билээ. Тэдний нэг нь азтан Д.Алтанцогсогмаа байлаа.

Тэрбээр “Сугалаанд азтан болсондоо их баяртай байна. 1,240 төгрөгөөр гоймон худалдаж авсан баримтаараа азтан болсон.

Шударгаар азтан болдог юм байна. Иргэддээ хандаж хэлэхэд мянган төгрөгийн баримт байсан ч бүртгүүлж байх хэрэгтэй юм байна” гэв.

Азтан болсон иргэдийн баримт нь бүгд төлбөрийн нэгдсэн системд бүртгэгдсэн баримтууд бөгөөд ebarimt.mn дахь хувийн мэдээлэл, дансны тохиргоог зөв хийсэн, хонжвор авах хүсэлтээ баталгаажуулсан азтанууд хонжвороо ажлын 20 хоногт багтаан авах юм.