Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна"

open.parliament.mn
2016 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.

БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хариу талархал илэрхийлээд олон жилийн түүхэн уламжлалтай Энэтхэг, Монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хамтын ажиллагааны шинэ хэлбэрээр баяжин хөгжиж байгаад сэтгэл нэн ханамжтай байдгаа тэмдэглэлээ. Мөн Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан нь хоёр талын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг тэрбээр онцоллоо.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэлцээн дээр хэлсэн үгэндээ, түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд өнгөрсөн онд болсон Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүн анх удаагаа Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны найрсаг харилцаа соёл, боловсрол зэрэг уламжлалт салбараас гадна мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасныг онцлон тэмдэглэв.

Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын чухал үр дүнгийн нэг болох БНЭУ-аас Монгол Улсад олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэг Улсад энэ сарын сүүлчээр айлчлал хийхээр төлөвлөж байгаа, түүнчлэн Улсын Их Хурал уг зээлийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хэлэлцэж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоно гэдгийг дуулгасан юм.