Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгээс авах НЭГ тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг Байнгын хороодтой зөвшилцөнө

ikon.mn
2016 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Төслийг УИХ-ын холбогдох байнгын хороод дэмжсэн тохиолдолд Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргах юм.

БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээх болсонтой холбогдуулж, уг эх үүсвэрээс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал болгох ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Ажлын хэсэг Энэтхэгийн ажлын хэсэгтэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулах, зээлийн нөхцөл, Эксим банкны зээлийн журмын талаар хэлэлцэж, зээлийн нөхцөлийг тохиролцсон байна.

Ерөнхий нөхцөлд жилийн 1.75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай байхаар, үндсэн төлбөрөөсөө 5 жил чөлөөлөгдөхөөр тусгажээ.

Мөн дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш төсөл, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш төслүүдийн хувьд хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байхаар тохиролцжээ.


“Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани байгууллаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийг шинээр барьж, байнгын ашиглалтад оруулсантай холбогдуулан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ.

“Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болорт даалгав.

Мөн тус компанийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулахад мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод, дулааны үнэ тарифыг зохих журмын дагуу тогтоож, холбогдох зохицуулалт хийж байхыг Эрчим хүчний хооронд зөвлөлөө.

Дулааны станц, шугам сүлжээг 2014 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллагаанд залган, аймгийн төвийн 41 төсвийн байгууллага, 150 гаруй аж ахуйн нэгж, 1,031 айл өрх, нийт 1,223 объектыг дулааны эрчим хүчээр өнөөдрийг хүртэл хэвийн, найдвартай хангаж байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн хувьд цаашид үр өгөөжтэй, ашигтай ажиллах боломжтой гэж тооцоолсон байна. Одоогийн байдлаар тус станцыг “Ашиглалтын өмнөх захиргаа” хариуцан ажиллаж байгаа юм.

Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

Манай улс Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлээ 2015 оны 5 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсгийн ээлжит 22 дугаар хуралдаанаар амжилттай хэлэлцүүлж хамгаалсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлгийн дүнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болон ажиглагч 64 улс нийт 164 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх 2011 оны анхны төлөвлөгөө нь зөвлөмжүүдийг багцлаад хариуцах байгууллагыг тодорхойлсон хэлбэртэй байсан бол энэ удаагийн төлөвлөгөөнд 150 зөвлөмжийг агуулгаар нь 12 бүлэгт багцалж, хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тусгах зарчим баримталсан байна. Ингэснээр зөвлөмжийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл тодорхой болж, хэрэгжилтийг үнэлэх боломж бүрдэх бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тавих хяналт сайжрах юм. Мөн тус төлөвлөгөөнд үндэслэн холбогдох байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар тусгажээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба