Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгө үгүйлсэн ЗАХ ЗЭЭЛ

Б.Цэцэгсүрэн
2016 оны 3 сарын 21
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Нам гүм оргиод байсан Монголын эдийн засаг дахь ажил хэргийн уур амьсгал энэ өдрүүдэд эрчээ аван “буцалж” байна.

Америкийн худалдааны танхимын (AmCham) cap тутмын уулзалтад оролцох үеэрээ Засгийн газрын тэргүүн 250 сая ам.долларын зээлийн талаар ам алдаж орхисон юм.

Араас нь дахиад ам.доллар айсуй хэмээн албаны зарим эх сурвалж дуулгав. Хэнээс, хаанаас авсан бэ, арилжааны ямар нөхцөлтэй зээл вэ, ингэхэд юунд зарцуулах гэж байгаа юм бэ гэхчлэн дараа нь урган гарах асуултын хариуг хүмүүс эрж эхлэв.

Хариулт нэхсэн үй олон асуултыг хэвлэл мэдээллийнхэн холбогдох албаныханд тавив ч “Ерөнхий сайдаасаа асуу” гээд халгаах шинжгүй. Албан тушаалтнууд үүнийг улсын нууц шахуу бодон ам хамхиж байна. 

КАНАДААС ИРСЭН ШУУДАН

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал долоо хоногийн өмнө МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа “Гуравдугаар сарын валютын төсөөллийг Засгийн газартай ярихад орох урсгал нэлээд нэмэгдэх төлөвтэй юм билээ. Тэгэхээр гуравдугаар сард ханш нэлээд тогтвортой байх болов уу гэсэн эерэг хүлээлттэй байна, Монголбанкны зүгээс” хэмээн тэмдэглэж байв.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт оны дүнгээр 82.5 хувиар буурсан, түүхий эдийн үнэ ёроолдоо тулсан энэ өдрүүдэд Төв банкны ерөнхийлөгч ямар урсгалын талаар яриад байна вэ?

Шинэ онтой золгомогц санхүүгийн сайн эх үүсвэрийн эрэлд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гишүүд мордсон юм. Дэлхийн санхүүгийн төвүүдээс 500-800 сая ам.доллар босгохоор бэлтгэл ажил шуударсан үед гүйцэтгэх засаглалыг түлхэн унагаах сонирхол Монголын улс төрд хүчирхэгжсэнээр бонд босгох төлөвлөгөө бүтэлгүйтсэн талаар “Засгийн газрын мэдээ” сонин мэдээлсэн билээ.

Олон улсын зах зээлд үнэт цаас гаргаж зах зээлд эерэг мессеж өгөх, нөгөө талаас “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт орж ирэхээс өмнө амьжиргаагаа залгуулахаар төлөвлөж байсан ч энэ нь хэт улстөржилт, мөн дэлхийн зах зээлд үүссэн савалгааны улмаас талаар болсон билээ. Харин өдгөө Ч.Сайханбилэгийн Засгийн газар Б төлөвлөгөөндөө шилжжээ.

“Засгийн газар болоод “Хан ресурс” компанийн хооронд үүсээд байсан асуудлыг Монголын талд нэн ашигтайгаар шийдлээ” гарчигтай мэдээлэл Монголын өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн өдрүүдэд Монгол Улсын Сангийн болон Уул уурхайн яам, “Эрдэнэс Монгол” компанийн төлөөллөөс бүрдсэн Ажлын томоохон хэсэг АНУ, Канадад ажлын айлчлал хийж байгааг Монголын олон нийт төдийлэн мэдэхгүй байв.

Ажлын хэсгийн гишүүд ажлаа амжуулаад, энэ долоо хоногийн эхээр Монголд ирсэн ба Сангийн сайд Б.Болор Лхагва гарагт иржээ. Нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалжуудын мэдээллээр Монгол Улсын Засгийн газар “Credit Su-isse’’-ээс нийт 500 сая ам.долларын синдикат зээл авахаар тохиролцжээ.

Мөнгө орж ирэх хүлээлт үүсэхэд, мөнгө нь орж ирээд тэр хүлээлт баталгаажихад зах зээлд нөлөөлдөг.

Түүний эхний транш 250 сая ам.доллар энэ долоо хоногт Сангийн яамны дансанд байршсан бол хоёр дахь транш нь энэ хавар, хоёрдугаар улиралд багтан орж ирж, Монголын эдийн засгийн цусны эргэлтийг түргэтгэх нь.

Хөрөнгөө Засгийн газар хэнд, юунд зарцуулах гэж буйг ирэх өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллээс анзаараарай. Харин өдгөө тавхайгаа гялалалзуулаад төгрөгөөс зугтаж буй ам.долларын ханшид 500 сая ам.долларын урсгал хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.

ХАНШИЙН БАТАЛГАА

Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард гаргахаар зэхэж байсан 500 сая ам.долларыг “жинхэнэ чихэр” байлаа хэмээн эдийн засагчид халаглаж байв. Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарах тусам гадаад валют, ам.долларын урсгалыг Монголын зах зээл үгүйлж байв.

Харин 250 сая ам.долларын “үнэр” Монголд тархсанаас хойш ам.долларын ханш хоёр өдөр дараалан сулрав. Зөвхөн гуравдугаар cap гарснаас хойш Төв банк гадаад валютын дуудлага худалдаагаар 82.35 сая ам.доллар захад нийлүүлээд байсан бол пүрэв гарагт зах зээлд интервенц хийсэнгүй.

Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орж ирэх 500 сая ам.доллар ханшийн түвшинд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуултад Монголбанкны ерөнхий эдийн засагч бөгөөд Судалгаа, статистикийн газрын захирал С.Болд “Тоогоор илэрхийлэх боломжгүй. Гэхдээ ханшийн түвшинд нөлөөлнө. Тухайн үеийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаална.

Гэхдээ мөнгө орж ирэх хүлээлт үүсэхэд, мөнгө нь орж ирээд тэр хүлээлт баталгаажихад зах зээлд нөлөөлдөг. Арилжааны банкуудаас ам.доллар авах санал багасдаг. Эсвэл Төв банканд ам.доллар зарж эхэлдэг. Хүлээлт тийм л чухал нөлөөтэй.

Төв банкны гадаад валютын албан нөөц нэгдүгээр сарын эцсийн байдлаар 1.3 тэрбум ам.доллар байна. Шинээр 500 сая ам.доллар ороод, гадаад актив дээр суугаад ирэхэд нөөцийн хэмжээ зах зээлд нөлөөлнө. Нэг үгээр хэлбэл, ханш огцом хөдлөхгүй байх баталгаа” хэмээн ярив.

ШИНЭ БОЛОМЖ

Синдикат зээлээс гадна 500-800 сая ам.долларын бонд гаргах боломж нь Засгийн газарт хэвээр байгааг С.Болд захирал үгүйсгэхгүй байна.

Нэгэнт Монгол Улс экспортод найдахад хүнд, түүхий эдийн үнэ үргэлжлээд уначихсан, хувийн сектор болон банкууд мөнгө олж ирнэ гэж найдах, манай компаниуд экспортын орлоготой болно гэж итгэх аргагүй болчихлоо. Ийм нөхцөлд Засгийн газар боломжоо ашиглах хэрэгтэй хэмээн эдийн засагчид тэмдэглэж байна. Эх үүсвэр үнэтэй байж болно. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан үед хүүгийн зардлыг бууруулдаг зөндөө механизм бий билээ.

Нөгөө талаас, энэ эх үүсвэр нь ирээдүйд Монгол Улсын төлөх өрийг дахин санхүүжүүлэх нэг баталгаа болохыг эдийн засагчид онцлов. “Валютын активаа нэмэх нь хөрөнгө оруулагчид болоод зээлжих зэрэглэлийн үнэлгээний байгууллагуудад эерэг мэдээ болно.

Харин юу ч хийж чадахгүй, эдийн засаг нь улам л сулраад байвал “Гадаад активд чинь өсөлт алга, зэрэглэлийг чинь дахиад бууруулна, та нар яаж амьдрах хүмүүс вэ” гээд дахиад л зэрэглэлээр оролдож таарна” гэлээ.

2012 онд Монгол Улсын Засгийн газар 4-5 хувийн хүүтэй арилжааны зээл авч байв. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн.

Түүхий эдийн үнэ навс уначихсан, Монгол шиг түүхий эдэд суурилсан эдийн засагтай орнуудын эрсдэл нэмэгдчихсэн энэ өдрүүдэд “Монгол Улс өнөөгийн нөхцөл байдалтай дасан зохицож амьдар, цаг бүү үр, мөнгөө ол ..." хэмээн эдийн засагчид сануулж байна. 

Засгийн газар "Credit Suisse''-ээс 500 сая ам.долларын синдикат зээл авлаа

Хоёр дахь транш нь хоёрдугаар улиралд багтаан Монголд орж ирнэ.

500-800 сая ам.долларын бонд гаргах боломж Засгийн газарт хэвээр бий.

Эх үүсвэр үнэтэй байж болно, гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан үед хүүгийн зардлыг бууруулах механизм олон бий.

 

Зураг