Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын аялал жуулчлалын ҮЗЭСГЭЛЭН талбайгаа томсгожээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монголын аялал жуулчлалын холбоо БОНХАЖЯ-тай хамтран жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Ай Ти Эм-2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байгаа талаараа өчигдөр мэдээлэл хийлээ.

17 дахь жилдээ болох гэж буй “Ай Ти Эм-2016” үзэсгэлэн Мишээл Экспогийн шинэ үзэсгэлэнгийн танхимд 2016 оны гуравдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд гарна.

Энэ жилийн хувьд Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар оролцох болсон байна. Мөн хойд, урд хөрш орны цөөнгүй тооны бизнес эрхлэгчид өндөр ач холбогдол өгч оролцохоор талбай захиалах хүсэлт ирүүлсэн, жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа зэргийг харгалзан өмнөх жилийнхээс 2 дахин том талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Талбайн зураг

 

Үзэсгэлэнгийн эхний өдөр олон нийтэд хаалттайгаар зохион байгуулагдаж олон улсын Цайны зам төслийн форум, Цайны замтай холбоотой эртний түүхэн дурсгалт бүтээлийн булан гаргахаас гадна төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээг баталгаажуулах B to B өдөрлөг болно.

“Ай Ти Эм-2016” нь бүс нутгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгч 60 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирэх учир харилцан туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн энэ зуны үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах болон аялал жуулчлалын шинэ чиг хандлага, маркетинг, бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, хүний нөөцийн талаар судлаачдын лекц хэлэлцүүлэгт хамрагдах боломжоор хангагдах аж.

 


Зохион байгуулагчид 2013 оноос үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд өмнөх жилүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Архангай аймгууд түншээр оролцож, аймаг орон нутгаа сурталчлан оролцсон бол энэ жил Дорноговь аймаг үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгаар оролцохоор шалгарч, шилжин явах тугаа хүлээн авсан билээ.



Өнгөрсөн жил тус үзэсгэлэнд БНХАУ, ОХУ, Нийслэл хот 21 аймгийн төлөөлөл болон аялал жуулчлалын тур оператор компаниуд, байр сууцны үйлчилгээ эрхлэгчид, дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, агаарын тээврийн компаниуд, агентууд зэрэг 153 аж ахуйн нэгж талбай авч оролцон үйл ажиллагаагаа сурталчилж оролцсоноос гадна, 5,000 гаруй зочид төлөөлөгч, худалдан авагч, сонирхогчид хүрэлцэн ирсэн томоохон арга хэмжээ болсон юм.