Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Наранбат: Албан ёсны эрхтэй спортын контент үзэж байна гэдэг нь тухайн багаа дэмжиж байна гэсэн үг

Б.Ану
2016 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр SPS-ийн талаар таагүй гэмээр мэдээлэл маш ихээр тархаж Шударга өрсөлдөөний газар, Юнивишн, хэвлэлийн бага хурал гээд спорт сонирхогчдыг талцуулсан халуун сэдэв болж байна.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг тодруулахаар SPS телевизийн захирал Н.Наранбатыг зорьж очлоо. Эхлээд ярилцлага өгөхгүй “Хүн бүр өөрийн мэддэг чаддаг зүйлээ дуугүй, дор бүрнээ хийгээд явбал манай улс хурдан хөгжинө, хүмүүс  янз бүрээр хэлж л байдаг, нэг их ач холбогдол өгдөггүй” гэж байсан ч эцэстээ зөвшөөрсөн юм. 


-Телевизийн уран бүтээлчдийг үзэгчид сайн мэддэг ч захирлыг нь төдийлөн мэдээд байдаггүй, Наранбат гэж чухам хэн бэ? гэдэг асуултаар яриагаа эхлэх үү? 

-Би бусдын л адил дунд сургуульд сурч, дотоод гадаадад дээд боловсрол эзэмшсэн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

-Та их хаагдмал хүн бололтой. Таныг усан сэлэлтээр улсын олон удаагийн аварга болж, Монголын IPTV-үүдийн төслийг бичилцсэн гэж танилууд чинь ярьдаг юм билээ.

-Би тамирчин хүн л дээ, улсынхаа хэмжээний амжилтууд гаргасан.

Одоо ч гэсэн триатлон гээд спортыг Монголд таниулах, цаашид Монголын тамирчдыг дэлхийд гаргах гээд шавь нараа бэлтгэж байна. Сэлж, дугуй унаж, гүйдэг нь хүнээс асар их тэвчээр шаарддаг спорт шүү дээ.

Шавь дүү нар, найзуудтайгаа хамтдаа өдөр болгон бэлтгэл хийдэг. Одоо наймдугаар сард болох IRONMAN-ийн тэмцээнд бэлдэж байна. Энэ нь 4,2 км сэлж, 189 км дугуй унаж, 42,9 км гүйх юм.

Мөн WiMax, IPTV гээд технологийн бизнес моделийг анх Монголын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, тэд ч соргогоор хүлээн авч хөгжлийн шинэ шатанд авч ирсэндээ баяртай байдаг.

-Спортыг төлбөрт сувгаар гаргаж эхэлснээс болж хүмүүсээс ихээхэн шүүмжлэл гарч эхэлсэн. Энэ талаар...

-Бидний ажил компьютерийн араас коммент бичдэг шиг хялбар биш гэдгийг А-гаас нь Я хүртэл ярьж өгмөөр санагдчихлаа. Харин миний хэлснийг хасалгүй гаргаарай.  

Наранбат гэж хүнийг зүгээр нэг видео залгуур авч ирж залгачхаад, сувгийн төлбөр авдаг гэж зарим хүмүүс боддог бололтой. Энэ нь SPS-т ажиллаж хөдөлмөрлөөд өглөө эрт, орой гэж ажралгүй тухайн спортын торгон агшинг үзүүлэх гэж байгаа манай хамт олны хөдөлмөрийг үгүйсгэж байгаа хэрэг юм. Одоо SPS-т 30 хүн ажиллаж байна. Залуус маань энэ спортод дуртай хүсэл тэмүүллээрээ олон олон шүүмжлэлийн дундуур хүргэж байна.

Зарим нь ахаа би больё гэх ч тохиолдол байдаг. Гэхдээ би залуустаа хэлдэг. Зүгээр суусан хүнийг хэн ч шүүмжилдэггүй юм. Чи шүүмжлүүлж байвал хүмүүс чамайг анзаарч байна гэсэн үг. Тэр бүрийг анхаарч дүгнэлт хийгээд зөвийг нь авч алдаа дутагдлаа засаад бурууг нь хаяж сурах хэрэгтэй.

Бид ганц ВPL /Английн Прьемер Лиг/, NBA гэсэн 2 контент биш, UCL /Аваргуудын лиг/, UFC, NHLусан сэлэлт, гар бөмбөг, гольф, снүүкер, жүдо гээд дэлхийн спортын шилдэг контентуудыг 5 сувгаар Монгол тайлбар хийж, долоо хоногт нийт 500 цагийн нэвтрүүлэг албан ёсны эрхтэйгээр, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэдээ хүргэж байна.

8-Р САРД ЛИГҮҮДИЙН ШИНЭ УЛИРАЛ ЭХЛЭХЭД SPS СУВГИЙН САРЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭНЭ

Манай төлбөртэй 4 сувгийн үнэ 12,000₮ гэхэд тийм ч өндөр үнэ биш.

Тэгэхээр хэрэглэгчид маань боломжийн үнээр илүү их спортын төрлүүдийг үзэх боломж нээгдсэн.

Харамсалтай нь анх контентийг авах үед долларын ханш 1,400₮ байсан. Одоо 2,020₮ даваад байна гэж нэг ч шалтаг тоочилгүй бид өдийг хүрсэн. Иймд 8-р сард лигүүдийн шинэ улирал эхлэхтэй холбоотойгоор SPS сувгийн сарын төлбөр нэмэгдэнэ.

Орлого маань телевизийн эрх өгдөг компани, тухайн спортын лиг холбоод, түүгээрээ дамжаад баг тамирчдад хүртэл очдог.

Хамгийн ойрын үеийн жишээ гэхэд NBA-гийн комиссар Адам Силвер онцгой эрхийн үнээ өсгөж ESPN-д зарсан. NY Times сонинд бичсэнээр жилийн 2 тэрбум гаруй долларын төлбөр авдаг гэсэн. Үүнээс болж тоглогчид, багууд цалингийн цэсээ эргэж харах тал дээр харилцан тохиролцож чадахгүй бол ирэх улиралд ажил хаяна гэдгээ ч илэрхийлцгээсэн. Энэ нь хэрэглэгчдийн төлөөд байгаа мөнгөнөөс кабелийн ТВ, контентийн эрх эзэмшигч, Холбоо, баг, тамирчин гээд бүгд хувь хүртдэг гэдгийг харуулж байгаа юм.

Мөн Оросын спорт сувгуудыг нэгтгэн МАТЧ ТВ нь 2015 оны 11 сараас эхлэн  оросын нутаг дэвсгэр дээр гарч, НТВ плюс нь төлбөртэйгөөр гарч эхэлсэн.  Дээрх сувгуудын үйл ажиллагааг Засгийн газраас нь 840 сая рублийн дэмжлэг үзүүлсэн байдаг нь энэ салбар нь маш их хөрөнгө оруулалт шаарддаг, зардал ихтэй салбар гэдэг нь харагдаж байгаа юм.

Иймээс үзэгчдэдээ уриалахад та албан ёсны эрхтэй контент үзэж байна гэдэг нь тухайн багийг хөгжөөн дэмжихээс гадна, 100% Монголын хөрөнгө оруулалттай компаниа дэмжиж байна гэсэн үг юм шүү гэж хэлмээр байна.

-Зөвхөн Юнивишн, Сансар, ДДЭШ-ээр гаргадагт бусад операторын хэрэглэгчид их дургүйцдэг юм байна лээ. Бусдад нь өгөх боломжгүй юу?

-Энд бас л нэг ташаа ойлголт байна.

Анх SPS сувгийг Сансар HD, дараа нь ДДЭШ ТВ гаргаж эхэлсэн. Юнивишн нь IPTV-ийн үйлчилгээ эрхлэгчдийн дундаас тухайн үед онцгой спортын контентыг гаргахад биднийг дэмжиж, өндөр үнэтэй контентыг худалдан авах чадвартай байсан байгууллага юм.

Түүний дараа SkyMedia, MNBC болон бусад орон нутгийн бүх операторуудад бизнес санал тавьсан албан бичгүүд энд байна. Энэ сараас эхлэн скаймедиагаар гарч эхэлж байна. Харин бусад оператор компанийн хувьд тэдний шийдвэр гаргах асуудал үлдсэн. Дээр хэлсэнчлэн ВPL, NBA, Аваргуудын лиг, UFC, NHL гээд дэлхийн спортын шилдэг контентууд дээрээ нэмээд хөлбөмбөгийн Европийн АШТ, Сери-А, Ла-Лиг гээд олон лиг, тэмцээн уралдааныг үзэгчид үзэхийг хүсдэг.

Энэ бүхний цаана оюуны өмч, олон улсад зохицуулагддаг гэрээ хэлэлцээрийн дагуу төлбөр төлөх шаардлагатай. Иймээс бид үнэгүй юм уу хямд үнээр үзүүлэх боломж тун хомс.

-Матч ТВ, CCTV5-г таныг хаалгасан гэдэг юм байна лээ.

-Монгол улсын нутаг дэвсгэрт цөөнгүй спортын хөтөлбөрийг бүх мэдээллийн хэрэгслээр хүлээн авах, дамжуулах эрх нь манай компанид байгаа.

Үүнд: ТВ, IPTV, сансрын хиймэл дагуул гэх мэт орно. Тиймээс тухайн сувгууд давхацсан хөтөлбөр гаргахдаа эфирийг хаах, эсвэл өөр хөтөлбөр гаргах үүргийг олон улсын хэмжээнд хүлээдэг. Энэ байдлаар хандахад Орос болон Хятадын тус сувгууд нь Монголын кабелийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай гэрээ хийдэггүй, зөвхөн өөрийн нутаг дэвсгэр дээр л цацна гэсэн байр суурьтай байдаг.

Жишээ нь: SPS-ийн сувгуудийг Орос, Хятад эсвэл өөр нэг улсын нутаг дэвсгэрт цацаж болохгүй. Ингэснээр тухайн улсын оператор компани болон Лигийн тоглолтыг дамжуулах эрхийг өгсөн компаниудаас давхар асуудал үүсэх юм.

Харин Юнивишний удирдлагууд оюуны өмчийг дээдлэгч гэдэг утгаараа бүх сувгуудтайгаа гэрээ байгуулж харилцан үүрэг хүлээгээд нэвтрүүлдэг учир эдгээр сувгуудыг цацахгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэд илүү хариулт өгөх байх.

-Таныг контентийн үнийг өсгөсөн гол буруутан гэж хүмүүс ярьж байна. Энэ талаар...

-2013 онд анх Английн Прьемер Лигийн тендер зарлагдахад бүх оператор компаниуд болон зарим телевизүүд оролцсон. 

SPS-ийг сонгосон шалтгаан нь бид шударгаар өрсөлдөж үнээс илүү,  спортыг цаашид илүү урт хугацаанд монголын нутаг дэвсгэр дээр түгээх, зөв бизнесийн жишгийг бий болгох гол зорилгыг үнэлэн биднийг сонгосон. Үнийн хувьд бид монгол улсын худалдан авах чадамжид тааруулсан санал тавьсан. Харамсалтай нь эдийн засгийн болон төгрөгийн ханшны уналтаас шалтгаалан хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа түр хойшлоод байна.

NBA-д өмнөх жилүүдэд NBA-ыг дамжуулж байсан телевиз нь өглөгтэй учраас, NBA бид нарт албан ёсоор хамтарч ажиллах санал тавьсан. Харин дээрх хуримтлагдсан өглөгөөс /2013-2015 оны улирлууд/ шалтгаалан дараа дараагийн улирлын төлбөр нэмэгдсэн. Харин бид сайн ярилцсаны үр дүнд төлбөрийг өсгөхгүй хэмжээнд нь барьж чадсан. Ер нь албан ёсны онцгой эрхийг өгч буй гадаадын компаниуд нь нэг хамтарч ажилласан компанитайгаа хамтарч ажиллах сонирхолтой байдаг. Гэвч өөрсдийгөө хөгжүүлж, өөрчилж,  бизнесийн харилцан итгэлцлийг бий болгож чадаагүй тэр телевизүүдийн өөрсдийнх нь алдаа болов уу.

-Streaming дамжуулсан талаар...

-Бид гадаад, дотоодын контентийн аль ч гэрээнд тухайн тоглолтыг интернет, веб сайт, гар утас, сансрын хиймэл дагуулаар хүлээн авах, дамжуулах бүх эрхийг эзэмшдэг.

Өнгөрсөн оны 12 сард BPL-ийг дамжуулдаг сансрын хүлээн авагч төхөөрөмжинд гэмтэл гарсан. Түүний улмаас бид нэг тойргийг дамжуулж чадаагүй. Яаралтай арга хэмжээ авч гаднаас сэлбэг захиалтал багагүй хугацаанд хүлээх шаардлага гарсан. Энэ хооронд үзэгчдээ хохироохгүйн тулд бид гарц эрэлхийлж албан ёсны дүрсийг FTP-гээр 1080/720 dpi-аар авч үзүүлж байсан. Нөгөө талаар бид зардалаа хэмнэх үүднээс  дүрсээ FTP-ээр хүлээн авах, дамжуулах бодлогыг баримтлана.

Яагаад гэвэл сателлитын төлбөрт BPL, UCL, NBA, UFC, NHL гээд спорт тус бүрт бид жилд 250-300 сая төгрөг төлдөг. Энэ бол зөвхөн сансрын хиймэл дагуулаас  дүрс авах төлбөр. Цаашлаад онцгой эрхээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр дамжуулахад мөн л өндөр хэмжээний төлбөр төлдөг.

Гэхдээ үүнийг хэлж байгаа нь хэрэглэгчдийг бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэлтэй болоосой, спортын амтыг Монголдоо мэдрүүлэхээр хичээж байгаа манай телевизийн хамт олны хөдөлмөрийг үнэн зөвөөр үнэлээсэй гэсэндээ хэлж байгаа юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай хамт олны ажилд амжилт хүсье. Илүү олон төрлийн спортыг үзэгч бидэндээ хүргээрэй.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.