Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхбаяр: Зургаан сая төгрөг бол нэг кабинет тохижуулахад хангалттай мөнгө

БСШУСЯ
2016 оны 1 сарын 14
БСШУСЯ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” бүрэн дунд сургуулийн захирал М.Энхбаяртай ярилцлаа.  


-Цөм хөтөлбөрийн хэрэгжилт хөдөө орон нутагт ямар байна вэ? 

-Манай сургуулийн хувьд  цөм хөтөлбөр нэлээд амжилттай  хэрэгжиж байна. Энэ жилээс суурь боловсролын цөм хөтөлбөрийг эхлүүлсэн. Манайхан лаборатори сургуулиудтайгаа хамтраад цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Орон нутаг гэлтгүй 21 аймаг бүх суманд ижил түвшинд хэрэгжиж байгаа байх. 

-Танай сургууль технологийн дэвшлийг хичээл судлагдахуундаа ашиглаж чадаж байна уу? 

-Манай сургууль 2015 онд баригдсан шинэ сургууль. БСШУЯ-ны 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан. Энэ хичээлийн жилд зөвхөн манай сургуульд 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Хөрөнгө оруулалт хийгдснээр хичээлийн хэрэгслэл авах, анги танхим тохижуулахад том дэмжлэг болсон. Бид цөм хөтөлбөртэй холбоотой хүүхэд бүрийг дэмжихэд эцэг эхчүүдийг оролцоо, дэмжлэгийг ихээхэн авдаг.  Хуучин бага ангид эцэг, эхчүүд оролцоод, дунд ангид төдийлэн оролцдоггүй байсан. Тиймээс дунд ангийнхны эцэг, эхийн оролцоог идэвхжүүлж байгаа. Эцэг, эхчүүдийн өгсөн 20 гаруй сая төгрөгийн дэмжлэгийг сургуульд зарцуулсан. 

-Лаборатори байгуулж чадсан уу? 

-Яамны хөрөнгө оруулалтаар байгалийн ухаан, физикийн лабораториуд байгуулсан. Бид чанарын шинэчлэлийн төслийн хүрээнд бага ангид байгалийн ухааны лабораторийг хүүхдүүдийнхээ оролцоотойгоор тохижуулсан. Хичээлийн хэрэглэгдэхүүнээ хүүхэд өөрөө хайж олдог төсөл боловсруулаад шалгарч, тэтгэлэг авлаа. 

-БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 200 сургуульд нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олгосон. Эдгээр сургуулийн нэг нь танайх. Тэтгэлгийг юунд зарцуулах вэ? 

-Төсөл гэхээр голдуу хуучны хэв маяг  байгаад байдаг. Тодруулбал, тавилга, тоног төхөөрөмж авчихдаг. Харин бид энэ төслөөр сургалтын хэрэглэгдэхүүн авах төлөвлөгөөтэй байна. Манай төслийн нэр “Бяцхан экологичид” гэсэн нэртэй. Хүүхдүүд өөрсдөө эмийн ургамлыг түүж хатаагаад судлагдахуундаа ашиглаж, байгалийн ухааны кабинетаа тохижуулах юм. Зургаан сая төгрөг бол нэг кабинет тохижуулахад хангалттай мөнгө.