Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТРАНС ӨӨХ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 7
iKon.MN
 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга, АУ-ны доктор Ж.Амарсанаа, ЭМСЯ-ны хоол хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Д.Ганзориг болон НЭМГ, НЭМХ-ийн мэргэжилтнүүд хамтран мэдээлэл хийж транс өөхний хэрэглээнээс татгалзахыг уриаллаа.

Шингэн хэлбэрт байгаа тосыг химийн урвалд оруулан хатуу төлөвт шилжүүлснийг транс өөх гэх бөгөөд зуу гаруй жилийн өмнө ургамлын тосыг хатууруулах аргыг нээж, хүнсний хэрэглээнд хувьсгал авчирлаа хэмээн бахархаж байлаа. Шингэн тосыг ингэж тасалгааны хэмд хайлахааргүй хатууруулснаар масло, маргарин бүхий бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах, үнийг нь хямдруулах, амтыг нь сайжруулах боломжтой болж, хүн төрөлхтөн өргөн хэрэглэсээр иржээ.

Гэтэл ингэж үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс өөх хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа талаар 1990-ээд оноос хойш яригдах болсон.

Зохиомлоор гаргаж авсан транс өөх зүрх судасны өвчин, үргүйдэлт, Алцхаймэрийн өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар, умай салстах зэрэг өвчлөлийн эх үүсвэр болдгийг 1990-ээд оны эхээр орчин үеийн шинжлэх ухаан олж тогтоосноос хойш транс өөхний хэрэглээнээс улс орнууд татгалзахыг оролдсоор байна.

 

НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Ж.Амарсанаа “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нэг хүн өдөрт 2 граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байснаа 2009 онд энэ шийдвэрээ эргэн харж, хүнсний бүтээгдэхүүнд транс өөх хэрэглэхээс ор тас татгалзахыг санал болгосон. 

Транс өөхний хэрэглээг 2 хувь нэмэхэд инфарктаар өвдөх магадлал 23 хувиар нэмэгддэгийг эрдэмтэд судлан тогтоогоод байна. Хүнсний маш олон бүтээгдэхүүнд хэрэглэдэг транс өөх нь хүүхдийн хөгжилд маш хортой нөлөөлдөг. Манайд ямар ч хяналтгүй зарагддаг вафли, бялуу, чихэр, бэлэн гоймон, чипс, зайрмаг, зарим төрлийн сүүн бүтээгдэхүүн, талх боовны найрлагад транс өөх их хэмжээсээр агуулагддаг. 

Тиймээс өндөр хөгжилтэй орнууд транс өөхний хэрэглээг багасгах, хэрэглээнээс бүр гаргах шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн. Ингэснээр хөгжиж буй, ядуу буурай орнууд руу транс өөх хямд үнэтэй, их хэмжээгээр нийлүүлэгдэх болоод байна. Манай орны хувьд транс өөхний хэрэглээнд хяналт тавьдаггүй учраас хүнс үйлдвэрлэгчид шошгон дээрээ транс өөх агуулсан талаар тайлбарыг огт тавихгүй байгаа.

Тиймээс салбарын байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж, транс өөхний хэрэглээг зохицуулах стандарт боловсруулахаар ажиллаж байна” гэлээ.

Дэлхийн улс орнууд дахь транс өөхний хэрэглээ:

Оросын эрдэмтэд чихэрт 20 хувь, шоколадтай бялуунд 30 хувь, манайхны масло гэж хэрэглээд байдаг маргаринд 20-иос дээш хувийн транс өөх байдгийг тогтоогоод байна.

Дани 2003 онд транс өөхний хэмжээ 2 хувиас ихгүй байхыг хуулиар стандартчилсан. Ингэснээр 20 жилийн дараа зүрхний шигдээс өвчнийг 50 хувь багасгана гэж тооцож байгаа. Швейцар бол Данийн жишгийг дагасан 2 дахь орон. 

Австри, Бразил, Канад, Израйл, Швед, Англи зэрэг олон оронд транс өөхний хэмжээг зааж, бүтээгдэхүүн дээрээ заавал бичдэг болжээ. 

АНУ-д 2006 оны нэгдүгээр сараас эхлэн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа транс өөхний хэмжээг сав, боодол дээр нь заавал бичдэг байсан. Тэгвэл энэ зун Америкийн эм, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хянах алба ургамлын хатууруулсан тосыг хэрэглэх явдалд хориг тавьж, гурван жилийн дотор Буюу 2018 оноос транс өөхний хэрэглээнээс бүрэн татгалзахыг үүрэг болгожээ.

Аргентин 2014.12.10-наас эхлэн транс өөхнөөс бүрэн татгалзаад байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарын зардал жилд 100 сая доллараар хэмнэгдэнэ гэсэн тооцоо хийжээ.