Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Транс өөхний талаар таны мэдэх ёстой ТАВАН зүйл

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэгдээд буй транс өөхний талаар мэдээлэл бэлтгэлээ. Та эндээс транс өөхний гарал үүсэл, хэрэглээ, нөлөөлөл, бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээр хэрхэн тэмдэглэгдсэн байдгийг мэдэх боломжтой.


НЭГ. Транс өөх гэж юу вэ?

Товчоор хэлбэл шингэн хэлбэрт байгаа тосыг химийн урвалд оруулан хатуу төлөвт шилжүүлснийг транс өөх гэнэ.  Өөрөөр хэлбэл шингэн тосыг устөрөгчөөр баяжуулж хатуу хэлбэрт шилжүүлэх аргыг одоогоос зуугаад жилийн өмнө Европын эрдэмтэд нээж байжээ.

Ингэснээр хүн төрөлхтөн тосыг удаан хугацаагаар хадгалах боломжтой болсон бөгөөд олон жилийн турш өргөн хэрэглэсээр ирсэн байна. 1960-аад оны үеэс АНУ-д транс өөхний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж ургамлын болон малын гаралтай өөх тосны хэрэглээг давжээ.

Транс өөхний хэрэглээ ингэж өсөх болсны үндсэн шалтгаан нь эдийн засгийн ач холбогдол бөгөөд үйлдвэрлэгчид илүү өртөг багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, удаан хадгалах боломжтой болсон юм.

Гэхдээ транс өөх байгалийн гаралтай болон химийн аргаар гаргаж авсан гэсэн хоёр төрөлтэй. Тухайлбал мах, амьтны сүү болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнд маш бага хэмжээгээр агуулагдаж байдаг аж.  Харин химийн гаралтай транс өөхийг үйлдвэрийн аргаар гаргаж авдаг.

ХОЁР. Транс өөх юунд агуулагддаг вэ?

Бидний өргөн хэрэглэдэг түргэн хоол, хэт шарсан хоол, бялуу, жигнэмэг, чипс, бэлэн гоймон, шоколад, масло, маргарин зэргийг үйлдвэрлэгчид транс өөхийг түгээмэл хэрэглэдэг байна.

Транс өөхийг хүнсэнд хэрэглэх олон шалтгаан байдаг. Тухайлбал транс өөхтэй бүтээгдэхүүний хадгалах хугацаа уртасдаг бөгөөд заавал хөргөгчинд байлгах шаардлагагүй болгодог. Мөн зарим ресторанууд тосонд шарж хийдэг хоолондоо транс өөх хэрэглэдэг бөгөөд ингэснээр тосыг олон удаа ашиглах боломжтой.

ГУРАВ. Транс өөхтэй бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

 

Хүнсний бүтээгдэхүүний чанар, стандартыг нарийн хуульчилсан орнуудад сав, баглаа боодол дээр транс өөх хэр хэмжээгээр агуулагдаж байгааг тэмдэглэсэн байдаг.

Тухайлбал:

Trans fat

Hydrogenated Oil гэх мэт бичигнүүд нь транс өөх тус бүтээгдэхүүний найрлаганд байгаа эсэхийг харуулдаг.

ДӨРӨВ. Транс өөх эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

Транс өөх хүний биед сөрөг нөлөөтэй гэдгийг судалсан олон судалгаа байдаг бөгөөд эерэг нөлөө үзүүлдэг ямар ч баримт байхгүй юм. Зүрхний титэм судасны өвчлөл үүсгэх хамгийн түгээмэл шалтгаан болдгийг АНУ-ын Шинжлэх Ухааны академи мэдэгдсэн байна.

1994 онд транс өөхний хэрэглээнээс болж зүрхний өвчнөөр нас барсан 30,000 гаруй хүн тус улсад бүртгэгдсэн бол энэ тоо 2006 онд 100,000 болтлоо өсжээ.

Мөн АНУ-ын Зүрхний холбооноос транс өөхний хэрэглээ хүний бие дэх ашигтай холестеринийг бууруулж, муу холестерины түвшинг нэмэгдүүлдгийг онцолсон байна. Үүгээр ч зогсохгүй чихрийн шижингээр өвчлөх магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Бусад судлаачдын судалгаанаас харахад транс өөхний хэрэглээ ихтэй хүмүүс алцхеймер, хавдар, таргалалт, элэгний үйл ажиллагааны хямрал, эмэгтэйчүүдийн үргүйдэл, сэтгэл гутрал, ой тогтоол муудах зэрэг олон өвчний шалтгаан болдгийг баталжээ.

ТАВ. Транс өөхний хэрэглээ дэлхий дахинд 

Дани: 2003 онд транс өөхний хэмжээ хүнсний бүтээгдэхүүнд 2 хувиас хэтрэхгүй байхыг хуульчилсан дэлхийн хамгийн анхны орон. Ингэснээр тус улсын Засгийн газар зүрхний өвчлөлөөс үүдэлтэй нас баралтыг 50 хувь хүртэл багасгана гэсэн зорилго тавьжээ.

Швейцарь: 2008 оны дөрөвдүгээр сараас Дани улсын адил транс өөхний хэрэглээнээс татгалзах бодлого барих болсон. Мөн Бразил, Канад, Швед, Их Британид транс өөхний агууламжийг бүтээгдэхүүний сав, баглаа боодолд заавал тэмдэглэсэн байхыг шаарддаг.

Израйль: 2014 оноос хойш найрлагандаа 2 хувиас илүү транс өөх агуулсан бүтээгдэхүүний сав, баглаа боодол дээр заавал тэмдэглээ хийх шаардлагатай гэсэн хууль, журамтай болжээ.

АНУ: АНУ-ын Хүнс ба Эмийн хяналтын газраас 2018 он хүртэлх гурван жилийн хугацаанд транс өөхний хэрэглээг үгүй болгох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Ингэснээр ирэх 20 жилд тус улсын эрүүл мэндийн үйлчилгээний зардал 140 орчим тэрбум доллараар буурах тооцоо гарчээ.

Одоогийн байдлаар тус улсын томоохон мужууд транс өөхний хэрэглээг хуульчилсан бөгөөд Калифорниа мужийн хувьд бүх ресторануудад транс өөх хэрэглэхгүй байх шаардлагагыг 2010 онд анх тавьж байжээ.

 

Эх сурвалж: Health.com, Heart.com, Wikipedia, WHO