Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

8,600 төгрөг нам "гацаасан" УХААЛАГ КАРТ

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

13 сая ам.доллар зарцуулсан  “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төсөл энэ сарын 24-нөөс хөрсөнд буух байсан.

Энэ ч үүднээс дэлхийн жишигт нийцсэн энэхүү ухаалаг үйлчилгээний албан ёсны нээлт тус өдөр Чингисийн талбайд болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун, төсөл хэрэгжүүлэгч “Кореа Смарт Карт” корпорацийн захирал Чүэ Тэ Сон, “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Гантулга тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон юм.

Энэ үеэр “U money” картын худалдаа явагдаж, иргэд ч дараалал үүсгэн байж 3,600 төгрөгөөр худалдан авч, доод тал нь 5000 төгрөгөөр цэнэглэж байв.

Харамсалтай нь ухаалаг картаа өнөөдрийг хүртэл ашиглаж чадахгүй байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн А.Сувдаа энэ сарын 24-нд ухаалаг карт худалдан авч, 5000 төгрөгөөр цэнэглэжээ.

Ингээд Дэнжийн 1000-Улиастай чиглэлийн автобусанд зорчих үедээ уншуулах гэсэн боловч, кондуктор “Карт уншигч ажиллаж эхлээгүй байгаа” гээд 500 төгрөг хураан авсан байна.

Тэрбээр маргааш нь буюу энэ сарын 25-нд Шар хад-III,IV хороолол, 26-нд Зүүн салаа-Нарантуул зах, 27-нд  Таван шар-Ургах наран хороолол чиглэлд зорчихдоо мөн л картаараа төлбөр хийх гэтэл кондуктор “Карт уншигч ажиллаж эхлээгүй, мөддөө эхлэхгүй биз” хэмээн хэлжээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн ухаалаг шийдлийг дэмжсэн иргэн А.Сувдаа 8,600 төгрөгөө нам гацаагаад зогсохгүй, ухаалаг картаар үйлчлүүлэх гэж оролдоод барсангүй.

Иргэн А.Сувдаагийн нэгэн адил карт худалдан авсан олон хүн бий. Тэд бүгд ийм л асуудалтай тав хонож байна.

Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компанийн хэрэглэгчийн мэдээллийн төвөөс тодруулахад,

"Маргаашаас буюу долоодугаар сарын 29-нөөс бүх автобуснууд ухаалаг карт уншиж эхлэх болно. Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэрт суурилуулсан карт унших төхөөрөмжийг маргааш нэгдсэн байдлаар асаана. Түүнчлэн энэ асуудал нийтийн тээврийн жолооч, кондукторуудаас ихээхэн шалтгаалж байна" гэлээ.