Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхмаа: Цус ойртолт үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ

Өглөөний сонин
2015 оны 6 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

Монголчууд цусан төрлийн холбоотой хүнтэйгээ гэр бүл болж, цус ойртох нь түгээмэл үзэгдэл болсонд эрдэмтэд санаа зовниж байна. Монголын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар анагаах ухааны доктор, хүний эх эмч, хүн судлаач Э.Энхмаатай ярилцлаа.

-Бид цус ойртолт гэж ярьдаг боловч чухам юуг хэлээд байгааг нь тийм ч сайн мэддэггүй. Цус ойртолт гэж чухам юуг хэлдэг юм бэ? 

-Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс юм. Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хүмүүс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт гэдэг. Хүн 32,040 гентэй гэдгийг эрдэмтэд нарийн тодорхойлсон. Энэ 32,040 генийн 16,020-ийг нь ааваасаа, үлдсэн 16,020-ийг нь ээжээсээ авдаг.

Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс юм. 

Өөрөөр хэлбэл генийн сангийнхаа 50 хувийг, ээжээсээ 50 хувийг ааваасаа авдаг гэсэн үг. Ингэж хувь хүний генийн сан бүрддэг. Цус ойртолтыг шууд болон алсуур гэж ангилдаг. Шууд нь цусан төрлийн хамаатай хүмүүс хоорондоо гэрлэх, алсуур нь нэг нутаг усны, ойр амьдардаг хүмүүс олон үеэрээ хоорондоо гэрлэх явдал юм.

-Цус ойртолтын хамгийн аюултай үр дагавар нь юу вэ? 

-Цус ойртолтыг сүүдэр мэт дагаж явдаг нэг зүйл бол оюуны хомсдол, оюуны хөгжлийн саатал юм. Амьгүй төрөлт, зулбалт их болж байгаа нь бүгд л цус ойртолтын илрэл. Биеийн эсэргүүцэл дархлаа суларч, ямар нэгэн өвчнийг эсэргүүцэх хувь хүний чадавхи доройтно. Ийм муу үр дагавартай гэдэг нь хүний генетикийн шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон зүйл л дээ.

Өөр нэг ноцтой зүйл нь хүн оюуны хомсдолд орж, бие бялдрын хөгжил нь давжаа болохын зэрэгцээ оюуны хөгжил нь дорой буурай болохын хэрээр хар амиа боддог. Ямар ч үнэ цэнээр хамаагүй, хар амиа хоохойлохыг хичээдэг.

Тиймээс бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч Монгол Улсын оюуны хомсдолын тархалт ямар байгаа, цус ойртолтын нөлөөлөл нь хэр байна зэргийг судлаж байна. Ер нь цус ойртолтын аюул үнэхээр их гэдгийг хүн бүр маш сайн ойлгох нь л чухал. 

-Төрөлхийн хөгжлийн гажиг нь цус ойртолттой холбоотой гэдэг нь батлагдчихсан уу?

-2005-2009 онд Монголын хүн амд бүртгэгдсэн төрөлхийн хөгжлийн гажгийг цус ойртолттой холбоотой байна уу гэдгийг судалж үзсэн. Ингэхэд хүн амын дотор цус ойртолт яах аргагүй гүнзгийрээд байгаа юм байна.

Тийм учраас бид энэ асуудлыг өөрөөсөө холтгож тайвширч болохгүй гэдгийг хэлье. Уруул, тагнай нь сэтэрхий, зүрхний гажиг, нугасны ивэрхий, өтгөний сүв нь битүү гээд 10 төрлийн төрөлхийн хөгжлийн гажигаар судлахад ийм үр дүн гарч байгаа юм.

-Монголын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин ямар байна вэ?

-Бид Монголын хүн амын дотор нийт цус ойртолтын коэффициентийг тооцож үзлээ. Бүх аймгаар гаргасан л даа. Нийт цус ойртолтын коэффициентийг нэгтэй тэнцүү гэж үзвэл түүний 97.24 хувийг шууд цус ойртолт, үлдсэн 2.76 хувийг алсуур цус ойртолт эзэлж байна.

Хүн амын дотор цус ойртолт явагдаж байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт ургийн бичиглэл хийдэг. Бичиглэлийн хувьд нүсэр ажиллагаа шаардагддаг. Гэхдээ энэ бол их боломжийн сайн арга. Монголын хүн амд ургийн бичиглэлийн аргаар цус ойртолтыг тодорхойлъё гэхээр нэг том бэрхшээл бий.

Манайхан өвөө, эмээгээ л муухан мэддэг. Жаахан лавшруулаад жилийг нь асуувал бараг хэлэхгүй дээ. Тиймээс генетик тогтоцын аргыг ашиглаж хүн ам дахь цус ойртолтыг тооцоолж гаргаж ирсэн. Өнөөдөр Монголын хүн ам дахь цус ойртолтын байдал нь элэнц, хуланцын түвшинд хамаатай үр удмууд доороо очиж гэрлээд байгаа хэмжээнд хүрчихэж. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах, хүн амын удмын сангийн аюулгүй байдлын хувьд заналхийлсэн үзүүлэлт юм.

-Цус ойртолтын газарзүйн тархалтын голомт хаана байна вэ?

-Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хүн ам дахь цус ойртолтын төвшин аажмаар ихэсдэг зүй тогтол ажиглагддаг. Тодруулбал, урагшаа говь уруу явахын хэрээр хүн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хүссэн хүсээгүй хоорондоо гэрлэж байна гэсэн үг. Цус ойртолтын асуудалд манай Төр, засгийн бодлого ч нөлөөлж байгаа.

Хүн амын дотор цус ойртолт ихсэх үзэгдэлд нөлөөлөх бас нэг том хүчин зүйл нь засаг захиргааны хэт жижигрүүлсэн бүтэц юм.

Цус ойртолтын асуудалд манай Төр, засгийн бодлого ч нөлөөлж байгаа. 

Хуучин дөрвөн аймгийн тогтолцоотой байхад хангайгаасаа говь, говиосоо хангай уруу отор нүүдэл хийдэг байсан. Энэ хэрээр мал нь тарга тэвээрэг авдаг, залуус нь хоорондоо танилцаж дотносдог сайхан тогтолцоотой байсан. Гэтэл засаг захиргааны хувьд 18, дараа нь 21 аймаг цаашилбал, 370 гаруй сум, 1500-аад баг гээд хэт жижигрүүлсэн бүтцэд хувааснаас хүн амынхаа хөдөлгөөнийг хүлчихсэн. 

Засаг захиргааны энэ бүтэц төрийн үйлчилгээг хүн амд хүргэх талаасаа мэдээж зөв. Харин хүн амынхаа хөдөлгөөнийг хорьж, цус холилдох үзэгдлийг зогсонги байдалд оруулж байгаагаараа муу үр дагавартай.

Ингэж хүн амын дотор цус ойртолт чимээгүй тахал маягаар тархсаар өнөөдөр жинхэнэ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц хэмжээнд хор уршиг нь илэрч байна.

-Нийслэлд ч гэсэн цус ойртолт байгаа гэсэн үг үү?

-Хүмүүс “Нийслэлд цус ойртолт гайгүй, Хөвсгөлийн цаатнууд, эсвэл говь уруугаа цус ойртолт их” гэдэг. Гэтэл тийм биш. Нийслэлд шилжин ирж байгаа айл өрх ихэнхдээ ах дүүгээрээ ирэхээс гадна нутгийнхнаа бараадаж айл хөрш буудаг.

Түүнээс биш орон нутгаас нийслэлд шилжиж ирээд нийслэлийн унаган иргэнтэй гэр бүл болж байгаа нь ховор. Зарим хүн өөрөөсөө дээш есөн үеэ мэднэ гэх ч лавлаад асуухаар аавынхаа талаар л дээш есөн үеэ нэрлэж чаддаг. Энэ бол хангалтгүй.

-Өөрөөсөө дээш есөн үеэ мэдэж байх нь хангалтгүй гэж үү?

-Хүн өөрийнхөө эцгийн эцэг эх, эхийн эцэг эх гэсэн дөрвөн баганаар тус бүр дээш есөн үеэ бүрэн мэддэг бол есөн үеэ мэддэг гэж тооцно. Хүн аав, ээжтэйгээ удмын сангийнхаа 50, 50 хувиар хамаатай буюу энгийнээр хэлбэл, биеэр нь аавын цусны 50, ээжийн цусны 50 хувь эргэж байдаг.

Цаашилбал, өвөө, эмээгийн цусны 25, 25 хувь гэхчилэн хоёр дахин багасч дээш явсаар ес дэх үе дээр удмын сангийн холбоо 0.19 хувь болдог. Харин 10 дахь үеийн өвөг дээдэстэйгээ удмын сангийн хувьд бараг хамаагүй, харь элгийн хүмүүс болж хувирдаг. 

Өөрөөр хэлбэл “Есөн үеийн дотор ураг холбохыг цээрлэнэ” гэдэг Монгол ёс заншлын шинжлэх ухааны үндэслэл энэ. Иймээс дөрвөн баганаар дээш есөн үеэ бүрэн мэддэггүй бол уугуул баг, сум, аймгаасаа цаашилбал хил залгаа байрлалтай өөр аймгийн сум, багаас хань ижлээ битгий сонгоорой гэж л хэлж, захимаар байна даа.

-Ургийн бичгийн хөтлөлт өнөөдрийн байдлаар хэр үр дүнтэй байна вэ?

-Ургийн бичиг хөтөлснөөр цус ойртолтоос сэргийлж болно. 

1997 онд Засгийн газрын тогтоол гарч Монгол хүн овгоо сэргээж эхлэхэд буруу сэргээж будлиан үүссэн. Учир нь овог гэдэг цусан төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдэл юм. Гэтэл өнөөдөр Монголчуудын 80 гаруй хувь нь Боржигон овогтон болсон. Төрсөн ах, дүү хоёр өөр овогтой болсон байх жишээтэй. Иймээс овгоор баримжаалж цус ойртолтоос хамгаалах ямар ч аргагүй болсон. Иймд иргэний үнэмлэх дээр байгаа овгийг гэрлэхдээ цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл битгий болгооч гэж анхааруулах нь зүйтэй болов уу. 

-Цус ойртолтоос сэргийлэх өөр арга замууд ч бас бий биз дээ?

-Монголын дэд бүтцийн тогтолцоо зогсонги байдалд байна. Нэг баг, сум, аймгийн хүмүүс олон үеэрээ тэр л нутгийнхаа хүнтэй гэрлэж цус ойртох явдал ихэссээр байна. 

Хичнээн орон нутгаас нийслэл рүү хүмүүс орж ирдэг ч нийслэлийн уугуул иргэнтэй суух нь тун ховор. Иймд хүн амын хөдөлгөөнийг тэтгэх нь өөр нутгийн хүмүүс хоорондоо уулзах боломжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр нэг нутгийн хүмүүс бие биетэйгээ гэрлэх бус өөр хүмүүстэй гэрлэх боломж гарч ирэх юм. 

Үүнээс гадна ургийн бичгийн асуудлыг болохгүй байна гээд ингээд хаячиж болохгүй. Одооноос эхлээд хүн бүр ах дүү, хамаатан саднаараа бүгд ургийн бичгээ хөтөлж эхлэх нь зөв юм. Ингэхдээ хөгшид өвгөд, эцэг эхээсээ дээд үеийнхнийх нь талаар лавлан асууж гэр бүлийнхээ бусад гишүүдтэйгээ мэдээллээ тулгаж үзэх шаардлагатай. 

Зураг