Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Богд ууланд гарсан ойн түймэр 30 гаруй га газрыг хамарчээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүгийн зургаадугаар хороонд байрлах Дархан цаазат Богд хан уулын Нүхтийн амны баруун орой дээр өнгөрөгч бямба гарагт томоохон хэмжээний түймэр гарч нийслэлийн онцгой байдлын 100 гаруй албан хаагч 60 гаруй иргэн гал түймрийн голомтод ажиллаж одоогийн байдлаар галыг цурманд оруулаад байгаа. 

 

Уг ойн түймэр болон амралтын өдрүүдээр гарсан галын талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Богд ууланд гарсан ойн түймрийг унтраах ажил ямар шатанд байгаа вэ, бүрэн унтраахад хэр хугацаа шаардагдах вэ?

- Нүхтийн амны баруун орой дээр гарсан ойн түймэрт 30 гаруй га газар өртсөн.

Түймрийг өдөрт нь цурманд оруулж одоо бүрэн унтраахаар ажиллаж байна. Богд хан ууланд гарсан түймрийг унтраахад их төвөгтэй байгаа. Ууланд хөвд, хуурай унанги ихтэй байгаа учир доошоо хөвд рүүгээ шатаж байна. Түүнчлэн гал уулын орой дээр гарч байгаа болохоор машинтай гарах, ус зөөхөд хүндрэлтэй байгаа. 

-Галын шалтгааныг тогтоосон уу?

-Түймэр тавьсан этгээдийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр сатуулаад шалгаж байгаа. Шалтгаан болон холбогдогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

Ойн тухай хуульд хуурайшилт ихтэй үе буюу гуравдугаар сарын 10-наас зургадугаар сарын 10, есдүгээр сарын 10-наас арваннэгдүгээр сарын 10 хүртэл ногоон бүсэд аялж зугаалахыг хориглосон байдаг.

Энэ хуулийн хугацаанд иргэд Богд ууланд амрах, зугаалах, аялах явцдаа гал гаргах, тамхины ишээ хаях, түлсэн галаа бүрэн унтраахгүй байх зэргээс шалтгаалан ойн  түймэр гарч байна. 

Нийт иргэддээ анхааруулж хэлэхэд хур бороо багатай, хуурайшилт ихтэй энэ үед ногоон байгууламжид зайлшгүй зорчих шаардлага гарвал тамхиа заавал унтраах, ил гал гаргахгүй байх, авто машины бүрэн бүтэн байдлаа хангаж яваач ээ гэж хүсмээр байна.

Ялангуяа хонхны баяр, байгууллага хамт олны зугаалгыг хуурайшилт ихтэй ногоон бүсэд битгий зохион байгуулаач ээ гэж гуймаар, хуулиа биелүүлээч ээ гэж уриалмаар байна.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд жирийн үеэс олон гал түймрийн дуудлагатай байсан гэсэн?

-Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болоод гамшгийн хэмжээний түймрүүд гараад байна. 

Амралтын өдрүүдээр Бямба гарагт 61, Ням гарагт 38 нийт 99 галын дуудлага ирсэн. Энэ бол маш их тоо. Өвөрхангай аймаг гэхэд л жилд 10 орчим гал гардаг. Өвөрхангай аймагт зургаан жилийн турш гарах галтай тэнцэх хэмжээний гал нэг л өдрийн дотор гарлаа гэсэн үг.

99 галын дуудлагын 77 нь зөвхөн хашааны шар өвс шатаах гэж байгаад гал алдсанаас гэр хашаа, байшин, бусдын эд хөрөнгийг шатаалаа.

Хуурайшилт ихтэй, салхитай байхад хашааны шар өвсөө шатаах гэж байгаад гал алдаж байгаа нь иргэдийн болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэлтэй шууд холбоотой.

Үүнтэй холбоотойгоор НОБГ-аас хөдөлгөөнт эргүүл гарган ажиллаж байна. Иргэд маань ухамсартай байвал ингэж үргүй зардал гаргах шаардлагагүй болно.