Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Зургадугаар сар гартал Богд ууланд битгий аялаач"

Монголын мэдээ
2015 оны 4 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Tuul Tuul фэйсбүүк хаягаас авав

-Энэ жил хуурайшилтын онц аюултай зэрэглэлд байна- 

Богд ууланд өнгөрсөн хоёрдугаар сарын 04-нөөс эхлэн тав, зургаан удаа гал түймэр гарчээ. Өнөөдөр л гэхэд ОБЕГ-ынхан болон Богд хан уулын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид  Нүхтийн амны ойд орсон  түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Цаг агаар асар их хуурайшилттай байгаагаас хуурай өвсөнд ассан гал түймэр хурдан дэгдэж, хяналтаас гарч байгаа тухай түймрийн мэдээгээр анхааруулж, сэрэмжлүүлсээр байгаа боловч иргэдийн санамсар болгоомжгүйгээс энд тэндгүй түймэр дүрэлзэж байна. 

Богдхан ууланд гарсан гал түймрийн хоёр нь айлын унтраалгүй хаясан үнс нурамтай хогноос үүдэж гарсан гэнэ. 

Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэн­дэвийн мэдээлснээр тэнд­хийн байгаль хамгаалагчид байнгын бэлэн байдалд, эргүүл, шалгалтыг 24 цагаар гаргаж ажиллаж байгаагийн ачаар холбогдох газар мэдээллийг хурдан хүргэж, дөрөв,таван галыг  газар авахуулахгүй унтрааж чаджээ.

Одоогоос ес хоногийн өмнө Зайсангийн Соёмботой ууланд хүүхдүүд тоглож байгаад гал тавьсныг шуурхай унтраасан байна. Бага тэнгэрийн амны наана Бөөгийн модонд бөө нар бөөлж байгаад гал алдсаныг мөн шуурхай унтраажээ.  

Богдхан ууланд гарсан гал түймрийн хоёр нь айлын унтраалгүй хаясан үнс нурамтай хогноос үүдэж гарсан гэнэ. Өнгөрсөн Бямба гарагт буюу уржигдар Бага тэнгэрийн амны задгай энгэрт арц уугиулж бсан хүмүүс гал алдсанаас гарсан галыг  аялагчид, байгаль хамгаалагчид,  барилга барьж байгаа  гүй­цэт­гэгч ком­панийнхан хамтран унтрааж, хэргийн эзэн холбогдогчдыг  хууль, цагдаагийнханд хүлээлгэж өгсөн байна.

Мөн Бямба гарагийн 18 цагийн үед Жаргалант, Нүхтийн амны хооронд байх Ташхайн аманд аялж явсан хүмүүс гал алдсанаас нийтдээ 30 орчим га газар, ой мод шатаж, өнөө хэр унтрааж чадахгүй цурманд оруулсан байдалтай байна. Гал тавьсан байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна.  

Онцгой байдлын газрын удирдлага, БОНХАЖЯ-ны холбогдох газрынхан, албан хаагчид, байгаль хамгаалагчид хамтран уг гал түймэртэй тэмцэж байгаа ч хуурайшилт ихтэй нөхцөлд гал дахин дахин авалцаж, унтраахад ихээхэн бэрхшээлтэй байгаа тухай Ц.Ширэндэв дарга ярилаа.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд, БОНХАЖ-ын сайдын гаргасан хамтарсан тушаалд хуурайшилтын улиралд ойн дагалт баялаг ашиглахыг ирэх зургадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хориглосон. Мөн Богд хан уулын хам­гаа­лал­тын захир­гаа­наас ирэх зур­га­дугаар сарын 15 хүр­тэл ир­гэ­дийг Богд­хан ууланд аялж, зугаа­ла­хыг хориг­ло­сон захи­рамж гаргасан билээ. 

Гэвч иргэд аялж зугаалсаар, тэдэн дундаас санамсар болгоомжгүй гал түймэр тавих эрсдэл гарсаар байна. Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв  “Цагдаа, онцгойгийнхон, манай байгаль хамгаалагчид Шадар сайд, БОНХАЖ-ын сайдын хамтарсан  тушаалыг үнэхээр сайн дагаж, мөрдөж хэрэгжүүлж ажиллаж байгаа.

Манай иргэд ч ухамсар соёлтой аялж зугаалж, гарсан захирамжаа тайлбарлаад буцаахаар ойлгож хүлээн авч байна. Би энэ бүхэнд үнэхээр талархаж байна. Гэхдээ олон хүн дотор болгоомжгүйгээсээ гал алдах, ухамсаргүй авирлаж байгаа цөөн хүн байгаагаас хуурайшилт ихтэй үед гал түймрийн аюул нөмөрчих гээд байна.

Тийм учраас “Ард иргэдээ, Улаанбаатарчуудаа, болж өгвөл зургадугаар сар гартал Богд ууланд битгий аялаач ээ. Энэ жил хуурайшилтын онц аюултай зэрэглэлтэй байна” гэлээ хэмээн  БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Зураг