Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил улсын хэмжээнд 89 ой хээрийн түймэр гараад байна

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Онцгой Байдлын Ерөнхий газрын дарга Т.Бадрал, Гамшигтай тэмцэх газрын дарга С.Залуухүү, улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нар улсын хэмжээнд гараад буй ой хээрийн түймэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 89 түймэр гараад байгаа бөгөөд дөрвөөс бусдыг нь цурамд оруулсан байна. Өнгөрсөн жилийн мөн үед 50 орчим түймэр гарч байжээ. Өнгөрсөн жил хур тунадас бага орсон, энэ жил хуурайшилт эрт эхэлсэн, салхины хүч их байгаа нь ой хээрийн түймэр гарах, тархах нөхцөл бүрдүүлж байгаа гэж албаныхан хэллээ.

Тавдугаар сарын 13-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас гарсан түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сумд руу тархан орсон юм. Эхний хоёр өдөр салхины хурд 21-22 метр секунд байсан нь түймэр тархах нөхцөл болжээ.

"Онцгой Байдлын Ерөнхий газар хоёрдугаар сарын 15-наас эхлэн ой хээрийн түймэр гарч болзошгүй бүс нутагт хүчээ байршуулж эхэлсэн бөгөөд Сүхбаатар аймагт бүтцийн өөрчлөлт хийж 14 хүний бүрэлдэхүүнтэй хоёр багийг шинээр бүрдүүлсэн. Мөн Дорнод аймагт 10 хүний бүрэлдэхүүнтэй аврах ангийг байгуулсан. Энэ түймрийг бид урьдчилан таамаглаж, хамгаалах бэлтгэл ажил хийж байсан. Түймэр гарсан даруйд манай хоёр баг очиж ажилласан боловч салхины хурдыг гүйцэж чадаагүй. Тиймээс нэмэлт хүч татаж ажилласан боловч салхины хурдтай холбоотойгоор тархац нь өндөр байсан" гэж Онцгой Байдлын Ерөнхий газрын дарга Т.Бадрал хэллээ. 

Одоогийн байдлаар түймэрт өртөж 44 айлын гэр шатсан бөгөөд Засгийн газраас гэр олгох шийдвэр гаргажээ. Мөн хүмүүнлэгийн ажил өрнөж, аж ахуйн нэгж байгууллага, иргэд түймэр гарч буй голомтод тусламж дэмжлэг үзүүлж байгаа юм. 
Түймэр гарсан газар 600 гаруй хүн ажилласан бөгөөд Ерөнхийлөгчийн шийдвэрээр Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 100 гаруй албан хаагч ажилласан байна. 

Одоогоор Сүхбаатар аймагт гарсан түймрийг бүрэн унтрааж, цурамд оруулаад байгаа аж. Харин Дорнодын Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн баруун хойд хэсгээр маш том хэмжээний гал гарч байгаа бөгөөд салхины хурдаар өөрчлөгдөж, байдал хүнд байгаа аж. Тус газруудад хил хамгаалах отрядын хоёр анги, Зэвсэгт хүчний 194 алба хаагч, орон нутгаас 330 гаруй хүн ажиллаж байгаа аж. 

ОХУ-аас манай улсад 10 гаруй гал орж ирсэн байна. Ой  хээрийн түймэрт хэдий хэмжээний газар нутаг өртсөнийг тогтоохоор ажиллаж байна. Он гарснаас хойш цасан шуурга, ой хээрийн түймэрт улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.